Монгол Улсын нийт ӨРХИЙН 50% нь 900 мянга ХҮРТЭЛ төгрөгийн орлогоор амьдарч байна

2127

Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хоёр жил тутам буюу тэгш жилүүдэд хүн амын амьжиргаа, ядуурлын түвшинг улс, бүс нутаг аймгийн түвшинд дэлгэрэнгүй тооцдог ба завсрын буюу сондгой жилүүдэд зөвхөн өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг тооцдог байхаар хураангуй хэлбэрээр зохион байгуулдаг.

Энэ дагуу 2018 оны IV улирлын судалгааг гаргахдаа 4,120 өрхийн мэдээллийг оны сүүлийн гурван сарын үзүүлэлтээр нь авч үзсэн байна.

Өрхийн орлого

2018 оны IV улирлын байдлаар өрхийн дундаж мөнгөн орлогыг 1.1 сая төгрөг хэмээн тооцож гаргаж ирсэн.

Тэгвэл энэхүү мөнгөн орлогын:

  • 599.1 мянга буюу 53.9%-ийг цалин,
  • 19%-ийг тэтгэвэр тэтгэмж,
  • 17.1%-ийг өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого,
  • үлдсэн 10%-ийг бусад орлого эзэлж байна.

Харин хөдөө орон нутгийн өрхүүдийн дундаж мөнгөн орлогын:

  • 35.2%-ийг цалин хөлс,
  • 20.7 хувийг тэтгэвэр тэтгэмж,
  • 31.4%-ийг ХАА-н үйлдвэрлэл эзэлжээ.

Мөнгөн орлого ийнхүү нэмэгдсэн хэдий ч 2010 оны зэрэгцүүлэх үнээр засварласнаар өрхийн мөнгөн орлого 607.3 мянган төгрөг байна.

Зураг 1. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, 2015-2018 оны IV дүгээр улирлаар

Эх сурвалж: ҮСХ

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл 8.3% нь 300,000-аас доош орлогыг сард олж байгаа бол 9.0% нь 2,000,000 төгрөгөөс дээш орлоготой байна.

Хамгийн бага мөнгө орлоготой өрхүүдийн сарын орлогын 70.1 хувийг цалин, тэтгэвэр эзэлжээ.

Зураг 2. Өрхийн бүлэглэлт, мөнгөн орлогоор, дүнд эзлэх хувь, хот, хөдөөгөөр, 2018 оны IV улирлаар

Эх сурвалж: ҮСХ
Дээрх графикаас үзвэл Монгол Улсын нийт өрхийн 49 буюу 50 орчим хувь нь 900 мянга хүртэл төгрөгийн орлогоор амьдарч байна. Үүнийг өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол 341 ам.доллар болж байна.

2019 онд шинэчлэн тогтоосон Хүн амын амьжиргааны доод түвшнээр Улаанбаатар хотод нэг хүний амьжиргааны доод түвшинг сард 217,900 төгрөгөөр тогтсон. Орон нутагт энэ тоо дунджаар 190 орчим мянган төгрөг байна. Тэгвэл Монголын өрхийн дундаж гишүүний тоо дөрөв гэж үзвэл амьжиргааны доод түвшинд хүрэхгүй өрхийн тоо нэлээд өндөр хувьтай гарах нь.

Өрхийн зарлага

Өрхийн мөнгөн зарлагыг тооцохдоо хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлагыг багтаадаг.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2018 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.5 (10.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхийн зарлагыг хот, хөдөөгөөр авч үзвэл, хотод 1.3 сая төгрөг, хөдөөд 1.1 сая төгрөг буюу хотынхны зарлага хөдөөгийнхөөс 197.7 (17.8%) мянган төгрөгөөр илүү байв.

Өрхүүдийн зарлага өссөөр ирснийг доор харуулав.

Зураг 3. Өрхийн сарын дундаж зарлага, хот, хөдөөгөөр, 2015-2018 оны IV улирлаар

Эх сурвалж: ҮСХ

Зарлага ийнхүү өмнөх жилүүдээс өссөнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Ерөнхийдөө өрхүүдийн хүнсний бүтээгдэхүүн, бусдад өгөх бэлэг, тусламжийн зарлагын хэмжээ буурч, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлагын эзлэх хувь өссөн байна. Улсын дунджаар 900 мянган төгрөгөөс дээш зарлагатай айл нийт өрхийн 54.8%, Улаанбаатар хотод 62.3%-ийг эзэлжээ.

Зураг 4. Өрхийн бүлэглэлт, мөнгөн зарлагаар, дүнд эзлэх хувь, хот, хөдөөгөөр, 2018 оны IV улирлаар

Эх сурвалж: ҮСХ

Хэрэв та доорх зургийг “Зураг 1″-тэй харьцуулаад харвал үнийн нөлөөллийг арилган тооцсон өрхийн сарын бодит мөнгөн зарлага 2015 оноос хойш бодит орлогоосоо өндөр байсаар иржээ.

Зураг 5. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, 2015-2018 оны IV улирлаар

Эх сурвалж: ҮСХ

 


URL:

Сэтгэгдэл бичих