Т.Батболд: Монгол улсад хулгайн утас хэрэглэх боломжгүй болно

147

Улсын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргийн 80 гаруй хувийг гар утасны хулгай эзэлж байна. Нэгэнт хулгайд алдагдсан гар утсыг олоход бэрхшээлтэй бөгөөд энэхүү гэмт хэргийн илрүүлэлтхангалтгүй хэмжээнд байсаар ирсэн.

Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран www.smartdevice.mnвэб хуудсыг ашиглалтад оруулаад байгаа аж.

Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет суурилсан үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батболдоос дараах асуултад хариулт авлаа. 

-Харилцаа холбооны зохицуулах хороооноос алдагдсан гар утсаа олох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв, үүрэн холбооны оператор компани, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтраад ухаалаг гар утасны бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр туршилтаа эхлүүлээд байна. Иргэд ухаалаг утасныхаа IMEI кодыг бүртгүүлснээр алдсан гар утсаа богино хугацаанд олох боломжтой болж байгаа. Ингэснээр Монгол Улсад хулгайн утсыг ашиглах боломжгүй болно гэсэн үг.

-Туршилтын хугацаа хэзээнээс эхэлсэн бэ? 

-Энэ сарын 1-ээс туршилтын хугацааг эхлүүлсэн.  Одоогийн байдлаар 8000 гаруй хэрэглэгч ухаалаг гар утасны IMEI кодоор бүртгүүлсэн байна.

-Иргэд хэзээнээс энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой вэ? 

-Ирэх гуравдугаар сардаа багтаагаад иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн зүгээс эхлээд гар утасныхаа дугаарын баталгаажуулалт хийнэ. Үүний дараа төхөөрөмжийнхөө IMEI кодыг бүртгүүлнэ. Энэ дагуу бүртгэлтэй төхөөрөмж тухайн дугаар дээр хэрэглэгдэж байсан уу гэдгийг үүрэн холбооны байгууллагууд шалгаж, баталгаажуулна.
Ингэснээр тухайн хэрэглэгч утсаа алдсан тохиолдолд бүртгэлтэй төхөөрөмжөө “алдагдсан” төлөвт оруулахад тухайн төхөөрөмж хар жагсаалтад орох юм. Хэрэв тухайн төхөөрөмжийг өөр хүн хэрэглэсэн тохиолдолд үүрэн холбооны дөрвөн оператороос илэрсэн мэдээллийг системрүү илгээнэ. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хууль журмын хүрээнд процессын дагуу шалгаж тогтоогоод алдагдсан утсыг олох боломжтой болно.

-Бусад улс орнуудын туршлагыг судалсан уу? 

-Гадны улсуудад гар утсаа хулгайд алдсан тохиолдолд тухайн улсад дахин хэрэглэх боломжгүйгээр блоклодог. Энэ үйл ажиллагааг мөн л тухайн улсынхаа үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч явуулдаг юм билээ.

-Цаашид энэхүү системд хөгжүүлэлтийг хэрхэн хийх вэ? 

-ХХЗХ-ны зүгээс интернетэд холбогддог бүх ухаалаг төхөөрөмжийг нэмэхээр төлөвлөж байна.

-Бага насны хүүхдүүдийнхээ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд гар утсыг нь хянах сонирхолтой байдаг. Энэ хэр боломжтой вэ? 

-Энэ чиглэлд модуль нэмэх боломжтой. Гэхдээ одоохондоо энэ асуудал яригдаж эхлээгүй байна.

 П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.