Ч.Хүрэлбаатар: Сангуудад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт ил болгоно

155

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Өнгөрсөн оны гуравдугаар сард Монгол Улсын Эдийн засгийн форумын үеэр блокчейн технологи дээр үндэслэгдсэн флатформыг ашиглаж Засгийн газар үнэт цаасаа гаргана хэмээн судалж ярьсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар блокчейнн технологи дээр үндэслэж флатформыг ашиглаж Засгийн газар үнэт цаасаа гаргах журмыг баталлаа. Урьд нь Засгийн газар үнэт цаасыг арилжааны банкуудад санал болгож, арилжааны банкууд хүү тогтоож авсны дараа хоёрдахь зах зээлд гаргадаг байсан.

Энэ нь зээлийн хүү буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл болсон. Өнөөдөртөө энэхүү журмыг ашиглах хэрэгцээ шаардлага бага. 2018 оны төсөв ашигтай гарсан. Нэгдүгээр сарын татварын орлого давж биелэсэн. 30-аад тэрбум төгрөгийн ашигтайгаар төсөв гарсан байгаа. Тэгэхээр ашиглах эсэх нь тодорхой бус хэдий ч хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж, хүүг буулгах боломжийг санхүүгийн зах зээлд, иргэд ААН-ийн хувьд нээлттэй болгох журмыг батлаад байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Авах арга хэмжээний төслийг мөн танилцуулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол болгохоор яригдсан.  Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэлээд шалгасан, нэлээн олон зөрчил гарсан. Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан зэрэг нэлээд олон санд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулсан.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гээд гурван сангаас гурвуулангаас зээл авсан ААН-үүд байна. Мөн хоёр сангаас нь зээл авсан 319 ААН байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь хангалтгүй. 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байсан. Үүнийг сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Эргэн төлүүлэх ажлыг сайн хийж байна.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Тусгай сангуудад шалгалт хийхдээ зарим санг хаана гэсэн мэдээлэл байсан. Ямар сангуудыг хаахаар болсон бэ? 

-Зарим санг татан буулгах саналаа би өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд сангуудын шалгалтын дүнг танилцуулахдаа хэлсэн. Ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх учир тэр үед нэр усыг нь зарлана.

-Хэчнээн санд шалгалт хийсэн бэ. Нийт хэд орчим төгрөгийн зөрчил илрэв? 

-Засгийн газрын зээл олгодог сангуудаа голлож шалгасан.

-Зээл олгож байгаа сангуудад улстөрчдийн оролцоо маш их байна? 

-Хийгдсэн шалгалтын дүнг ил тод болгоно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад ил болно.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.