Б.Тамир:Бидний олон улсын тэмцээнд орох эрхийг удаан хугацаагаар хасна гэсэн захидал ФИБА-гаас ирсэн

202

Монголын сагсан бөмбөгийн спортод үүсээд буй маргаан болон хоёр холбооны асуудал, шигшээ багийн олон улсын эрх түдгэлзсэн гэх мэт сүүлийн таван жилийн турш   өрнөж буй асуудлуудаар Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамиртай www.gereg.mn сайтын сэтгүүлч уулзаж ярилцлаа.

-Тун удахгүй МСБХ-ны 20 дахь удаагийн дээд лигийн тэмцээн болно. Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Монголд дээд лиг зохион байгуулж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. 20 дахь удаагаа зохиогдож буй дээд лиг маань “Гоё лиг” нэртэй зохиогдоно. 1994 оноос зохиогдсон лиг тодорхой шалтгааны улмаас дундаа таван жил завсарласан. Энэ улиралд таван баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн, ISO 9001 стандартын хамгийн сүүлийн үеийн, бүрэн автомат шийдтэй Спортын ордондоо  нэмэлт засвар хийж,лигийн  бэлтгэлээ   б үрэн хангаад байна. Дээд лигийн комисараар улсын эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч  О.Баярцогт ажиллана. Түүний хувьд энэ жил баг дасгалжуулахгүй.

-Сагсан бөмбөгийн хоёр холбооны  маргаанаас болж улсын шигшээ баг сүүлийн таван жил олон улсын тэмцээнд оролцсонгүй. Энэ маргаан яг  юунаас болоод одоо хүртэл үргэлжилж байна вэ?

Яг одоо миний тэргүүлж буй МСБХ төрийн бус байгууллага нь олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-д бүртгэлтэй.CLICK TO TWEETХарин 2016 онд МСБХ-ны сүлд тэмдгийг ашиглаж, албан ёсны холбооны Удирдах зөвлөлд багтаагүй Ц.Цэвэрбал, С.Тулга, Р.Цэвэгмэд, Б.Дамба нар зөвшөөрөлгүйгээр тус холбооны ээлжит бус чуулганыг хуралдуулсан. Хурлаар Цэвэрбал, Дамба нарыг холбооны удирдлагаар сонгосон тухай  ФИБА -д захидал илгээсэн байдаг. Үүнээс л болж энэ маргаан эхэлсэн.

-Таныг хууль бус ерөнхийлөгч, хадам ааваасаа энэ ажлыг хуйвалдаж авсан гэдэг шүү дээ?

– МСБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд 2013 оны хоёрдугаар сарын 1-нд бүх гишүүдийн хурлаа хийж, тухайн үеийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, нарийн бичиг Дашдорж нар  үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, “Хас” банкны захирал Ч.Ганхуяг ерөнхийлөгчөөр, нарийн бичгийн даргаар нь Б.Оргил нар сонгогдсон. Шинээр сонгогдсон удирдлагууд улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн ч материал хангалтгүй гэсэн шалтгаанаар бүртгээгүй. Улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэлээд хугацаа өнгөрсөн. Улмаар Ч.Ганхуяг нь холбооны ерөнхийлөгчөөс  чөлөөлөгдөх хүсэлт гаргаж МСБХ-ны ээлжит бус хурал зарласан юм. Уг  хурал 2014 оны гуравдугаар сарын 23-нд 120 гаруй гишүүдийн ирцтэй болсон. Хурлаар АН-ын дарга С.Эрдэнэ, Б.Тамир миний бие шинэ ерөнхийлөгчид нэр дэвшиж нууц санал хураалт явуулахад 68 хувийн саналаар намайг сонгосон юм.

Үүнийг  Ц.Цэвэрбал гэж хүн эсэргүүцсэн бөгөөд шүүхэд очиж тэр хурлыг  хүчингүй болгосон. Ингээд МСБХ-ны  Удирдах зөвлөл дахин хуралдаж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр намайг томилж, өнөөдрийг хүртэл энэ ажлаа хийж байна. Дүрмэндээ холбооны Удирдах зөвлөл болон  уг зөвлөлийн гишүүд хурал зарлах заалттай. Гэтэл Удирдах  зөвлөлөөс 2013 онд чөлөөлөгдсөн Цэвэрбал гэж хүн 2016 онд ээлжит бус хурал зарлан хуралдуулж Улсын бүртгэлийн газраас тамга авсан. Ингэж  МСБХ-г  хоёр болгож харагдуулах будилаан эхэлсэн. Ингээд ФИБА-гаас дотоод асуудлаа шийдтэл шигшээ багийн эрхийг хассан юм.

-Жил гаруйн өмнө шүүх МСБХ-ны талд асуудлыг шийдсэн тухай мэдээлэл гарсан ч таг болсон?

-Одоогоор шигшээ багийн эрхийг түдгэлзүүлээд байна. Дотоод асуудлаа даруй шийдэхгүй бол бидний олон улсын тэмцээнд орох эрхийг удаан хугацаагаар хасна гэсэн захидал ФИБА-гаас 2017 онд ирсэн. Энэ асуудлыг шийдэхээр миний бие  Б.Оргил, Ц.Цэвэрбал, Б.Дамба зэрэг хүмүүстэй  уулзсан ч бид дотоод асуудлаа шийдэж чадаагүй.Дараа нь Цэвэрбал багш МСБХ-ны удирдлагууд хууль бус гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ шүүхийн анхан, дунд шатны хурлын шийдвэр манай талд гарсан  ч эцсийн шийдвэр тэдний талд гарсан. Бид шүүхэд дахин хандсан ч хүлээж аваагүй.

-Сагсан бөмбөг сонирхогчид хоёр холбоог эвлэрээсэй,  та нарыг хамтран  ажиллаж шигшээ багийн эрхээ сэргээлгээсэй гэж хүлээдэг. Эвлэрэх гарц ер нь бий юу?

-Б.Билгүүн, Т.Санчир тэргүүтэй шигшээ багийн тамирчид энэ талаар Цэвэрбал багшийн гэрт нь очиж уулзсан. Бид ч эв зүйгээ олж ФИБА-д эрхээ сэргээлгэе, дотооддоо эв зүйгээ олцгоое, шигшээ багийнхаа эрхийг сэргээж өгнө үү гэсэн бичигт дөрвүүлээ гарын үсгээ зураад ФИБА-д илгээх хүсэлтээ өгье  гэсэн. Холбооны нарийн бичгийн дарга Б.Оргил бид хоёр Цэвэрбал, Дамба багш нартай яг энэ асуудлыг  тавьсан ч тэд зөвшөөрөөгүй.

-МСБХ-ны удирдлагууд  80 мянган ам. доллар хүлээж аваад шамшигдуулсан гэх яриа бий.Энэ талаар…?

Ийм яриа олон жил яригдаж байна. Энэ талаар яриад байгаа хүмүүс хэдэн онд, хэн гэдэг ерөнхийлөгч  тийм хэмжээний доллар  авсан  гэдэг   баттай баримтаа дэлгэх хэрэгтэй.

-Биеийн тамир спортын газрын  дарга Ц.Шаравжамц улсын төсвөөс Танд 20 сая төгрөг гаргаж өгснийг нөгөө тал буруушааж байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Монголын өсвөр үе, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид нийлсэн  11 хүн БНХАУ-ын Тяньжин хотод хамтарсан бэлтгэл хийсэн юм. Үүнийг дэмжиж  БТСГ-аас 20 сая төгрөгөөр тусалсан. Хятад улсад 14 хоног үргэлжилсэн тус бэлтгэлийн нийт зардал 54 сая болсон. Илүү 34 сая төгрөгийг Хятад улсын хамтрагчид маань дэмжиж гаргаж өгсөн.

-МСБХ-г маш их өртэй гээд байдаг талаар…?

-Намайг энэ ажлыг хүлээж авахад холбоо 180 гаруй сая төгрөгийн  өртэй байсан. Энэ нь шигшээ багийн гадаадад явсан тэмцээний болон  Монголд зохиогдсон Азиин залуучуудын АШТ болон бусад зардлын өр юм. Энэ өрнөөс Ц.Мөнх-Оргил гишүүн жудагтай зан гаргаж тодорхой хэмжээгээр төлж өгсөн. Үлдсэн ихэнх өрийг  би хувиасаа төлсөн. Мөн 2014, 2018 оны Азийн наадам, дотоод гадаад дахь тамирчдын хамтарсан бэлтгэлийн зардлыг өнөөдрийг хүртэл бас л хувиасаа гаргасаар байна. Учир нь би энэ спортын хүчинд өдий зэрэгтэй яваа хүн. Тиймээс сагсан бөмбөгийг Монголд хөгжүүлэх  үйлсэд зүрх сэтгэлээсээ ханддаг.

-С.Тулга та хоёр адилхан л сагсан бөмбөгт зүрх сэтгэлтэй хүмүүс харагддаг. Гэтэл яагаад хамтарч ажиллаж болдоггүй юм бэ?

-Бид хоёр гурван ч удаа уулзаж байсан. Олон жилийн өмнө түүний ТLG-13 багийн цомгийг нь хүртэл би ивээн тэтгэж байлаа. Тулгаа уулзахаараа хамтаръя гэдэг ч салахаараа шал өөр зүйл ярьдаг. Ийм учраас бид хамтардаггүй юм.

Тулгаа уулзахаараа хамтаръя гэдэг ч салахаараа шал өөр зүйл ярьдаг. Ийм учраас бид хамтардаггүй юм.

Мөн одооны хүүхдүүдэд хэлэхэд МСБХ-ны дээд лиг 1994 оноос эхлэн зохиогдсон. 1997 онд 1+11 баг анхны легионер тамирчныг  Монголд авчирч байсан. Дараа нь “Сод Монгол” гэж баг Орос улсаас хоёр ч легионер авчирч тоглуулж байлаа. Цаашлаад “Аватар”, “Баянзүрх буллз”, “Хасын хүлэгүүд” гэх мэт багууд гадаадын тамирчдыг  авчирч байсан. Гадаадын тамирчдыг тухайн багийн эзэд, ивээн тэтгэгчид авчирдаг болохоос тэмцээн зохион байгуулж буй нэг хүн авчирдаггүй. Зөвхөн Тулгаа л энэ бүхинийг хийсэн мэтээр ташаа ойлгож болохгүй. Тулгаад хийсэн зүйл байгаа, сайн шавь төрүүлж  3×3 төрөлд амжилт үзүүлж буйг бид мэднэ.

-Өнөөдөр Монгол улсад сагсан бөмбөгийн спорт хэр хөгжиж байна вэ?

-Азийн наадмын шилдэг найман багт 2014 онд багтсан нь өндөр амжилт. Гэвч үүнээс хойш шигшээ баг ФИБА-гийн олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон нь хөгжлийг зогсоож байна. Гадаадын тамирчидтай өрсөлдөж алдаа, оноогоо мэдсэнээр амжилт нь ахиж хөгжинө. Дотооддоо хэчнээн өрсөлдөөд төдийлөн хөгжих боломжгүй.

-Та хэдэн настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэсэн бэ?

-Би 16 настайгаасаа Д.Уртнасан багшийн  удирдлагад анх хичээллэж эхэлсэн. Тухайн үед манай 57 дугаар сургуульд Т.Түвшинбаяр, Б.Ариунболд О.Баярцогт, түүний дүү О.Баярсүх асан гэх мэт хүүхдүүд сагсан бөмбөгөөр хичээллэдэг байлаа. Хожим нь бид дээд лигт хамт олон жил тоглосон доо. Миний бие дээд лигийн тэмцээнд “Бизнесийн чөтгөрүүд”, “Харцага” багуудад хүчин зүтгэж нийтдээ дөрвөн удаа дээд лигийн аварга болсон түүхтэй.

-МСБХ-ны дэргэдэх  Монголын сагсан бөмбөгийн ирээдүйг бэлтгэх төсөлд хэдэн хүүхэд хамрагдаж байна вэ?

-Би энэ төслийг 2014 онд санаачлан эхлүүлсэн.  Тус сургалтад 50 гаруй хүүхэд хичээллэж байна. Сургалтын ерөнхий дасгалжуулагчаар Ш.Сэдбазар, зөвлөх дасгалуулагчаар миний  бие ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд би  хувиасаа сая төгрөгөөр Сэдбазар дасгалжуулагчийг цалинжуулссар ирсэн. Эл сургалтын үр дүнд  Хүдэрбат, Сэргэлэнбаатар, Баясаа, Бум-Эрдэнэ, Болдбаатар нарын ирээдүйтэй залуу тамирчид төрсөн. Одоо ч бид ирээдүйн залгамж халаагаа бэлдсээр байна.

-Өнгөрсөн наймдугаар сард болсон Азийн наадамд оролцсон эрэгтэй шигшээ багт туршлагатай тамирчид цөөн дуудагдсанаас амжилт буурсан гэж сонирхогчид шүүмжлэлтэй ханддаг…?

-Тус наадам эхлэхээс таван сарын өмнө МСБХ-ноос  24 шилдэг тамирчныг шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсан. Үүнд  Өрнүүнбилэг, Бадрах, Отгонмөнх, Ууганбаяр, Азбаяр, Дэлгэрням, Дөлгөөн, Цэнгүүнбаяр нар ч багтсан. Эдгээр тамирчдаас зарим нь эрүүл мэнд болон бусад хувийн шалтгаанаар татгалзсан. Харин Г.Баттөрийг шигшээ багт дуудаагүй нь бидний алдаа байж болно.

Ингээд шигшээ багийн таван дасгалжуулагч болон Ц.Шаравжамц, Б.Тамир миний бие, О.Баярцогт тэргүүтэй есөн хүний саналаар 12 тамирчныг  сонгож “Жакарта-2018” Азийн наадамд оролцсон юм. Тэрнээс Шаравжамц, Тамир хоёр дур мэдэн сонгоогүй юм шүү. Мөн нэмж хэлэхэд бидний зүгээс Дэлгэрням, Дөлгөөн, Цэнгүүнбаяр нарыг улсын шигшээ багт дуудсан. Гэвч тэд тивийн наадамд 3×3 төрлөөр орно гээд бэлтгэлд ирээгүйн дээр  нас нь хэтэрсэн шалтгаанаар наадамд оролцоогүй. Энэ байдлаа Тулгаа гуйвуулж Шараваа бид хоёрт чихсэн шүү дээ. Уг нь Азийн наадамд 3х3 төрөл нь нас заасан тухай мэдээлэл олимпийн хороонд ирсэн л байх учиртай. Үүнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Мягмар, Тулгаагийн үй зайгүй найз Э.Бадар-Ууган нар мэдэлж л баймаар юм. Ер нь бол  эдгээр тамирчид улсын шигшээ багт багтсанаар, шигшээ баг илүү өндөр амжилт үзүүлчихвий гэж айсандаа энэ бүхнийг хийсэн болов уу гэж боддог.

-Цаашид энэ маргаан хэзээ эцэслэн шийдэгдэж, улсын шигшээ баг ФИБА-ын тэмцээнд оролцох эрхээ сэргээлгэх вэ?

– МСБХ мэргэжлийн өмгөөлөгчдийн багтай хамтран ажиллаж байна. Тэд бүхнийг үнэн зөвөөр шийдүүлж,  шигшээ багийн эрхийг сэргээлгэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ мөч тун удахгүй ирэх болно.

           Ярилцсан Б.Далай   

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих