Рио Тинто Монголд дээр дооргүй азаргалж байна

3c09e6daa51f9d40d64e13a9c5e2b0a6Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гацаанд ороод удаж байна.  Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нь өнгөрсөн зун, намраар хэзээ хэзээгүй дүгнэлтээ танилцуулна, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэж байлаа. Гэвч бүтсэнгүй. Бүтэлгүйтэж гацах шалтгаан ч бас мундахгүй их байгаа юм байна.  Шалгуулах үүрэгтэй “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд нь ажлын хэсгийнхнийг хоол цайнд урьж залаад зүгээр суулгана гэж ер үгүй. Ажлын хэсэгт орсон УИХ-ын 13 гишүүн нь тэдний дуудах тоолонд очиж хоолыг нь цусалсан хойно дүгнэлт шударга үнэнээр гарна гэхэд тун хэцүү ажээ. Ухаандаа, манай эрхмүүд Оюу толгойг хөдөлгөж буй Рио Тинто компанийн эрхшээлд орчихож гэвэл хэтрүүлэл болохооргүй байна.  Татварын албаныхан анх “Оюу толгой” ХХК-ийн 150 гаруй сая ам.долларын татвар төлөөгүй ноцтой зөрчлийн талаар мэдээлж байсан боловч үүнийгээ Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсэгт бүрэн өгч чадахааргүй шахуу болтлоо нөлөөнд автсан бололтой. Д.Тэрбишдагва нь аудитын болон татварын тайлангийн зөрчилтэй баримтуудыг цуглуулаад авчихвал дүгнэлт гарахад бэлэн гэсээр хэдэн сарыг элээж, сүүлдээ таг болов.

Уг нь ажлын хэсэг нь дотроо таван дэд хэсэгт хуваагдан ажиллаж байгаа юм билээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүгийн болон дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэх мэт дэд ажлын хэсэгт нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд, хөндлөнгийн хараат бус шинжээчид оролцсон байна. Гэвч тэд нар нь Рио Тинтогийн нөлөөгөөр санал зөрөлдөн, хэдэн тийшээ хараад суучихжээ. Хэзээ дүгнэлтэн дээрээ санал нийлж, УИХ-д оруулахыг бурхан бүү хэл чөтгөр ч мэдэхгүй бололтой.

Дубайн гэрээнээс хойш зарим эдийн засагчид Оюу толгойн Монголд оруулах үр өгөөж арав гаруй жилээр хойшилж, 2037 он хүртэл ашиг хүртэхгүй гэж байгаа. Ер нь угаасаа Монголд ашиггүй гэрээ болсон гэдгийг анхнаас нь олон хүн хэлж, эсэргүүцэж байсан юм. Ерөнхий сайд асан С.Баярын их хэмжээний авлига авсан байх магадлалтай Оюу толгойн гэрээний уршгаар одоо зэс, алтнаас бусад дагалдах арваад төрлийн байгалийн элементүүдийг сохор зоосны үнэгүй, ямар ч хяналтгүйгээр Хятад руу гаргаж байна. Говийн гүний ус удахгүй шавхагдаж дуусна. Энэ мэтээр Монголд гай болж буй зүйлүүдийг тоочоод байвал өчнөөн юм бий.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайд Оюутолгойг Олон улсын 14 банкны барьцаанд тавьж, гүний уурхайгаа ашиглахын тулд 4.2 тэрбум ам.доллар авч, 79 паунт кэс, 45 сая унци алтны нөөцтэй, ил болон далд уурхайн олборлолтоор  60 жил ашиглах боломжтой ордоо ломбарданд тавьсан гашуун түүхийг зарим нь мартаагүй байгаа байх. Оюу толгойн гэрээний авлига хээл хахуулийн хэргээр одоо С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтийн эрхэмүүд  шалгагдаж байна. Рио Тинто нь манай хууль хяналтынханд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Ямартай ч тус компанийнхан татварын зөрчил зэргээ хаацайлахын тулд Оюу толгойд ажиллаж буй Монгол ажилчдын хөдөлмөрийн хүнд нөхцөлийг зориуд хуурамч баримт ашиглан хасаж хаяад, цалинг нь бууруулснаа “санхүүгийн хэмнэлт” хэмээн тайлбарлаж байна. Тэгээд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл буюу хэвийн бус нөхцөлийн үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлал төв гэдэг хаа хамаагүй байгууллагаар тэдгээр ажилчдаа жирийн нөхцөлд ажиллаж байгаа мэтээр дүгнэлт гаргуулснаа улаан цагаан зөвтгөж, энэ талаар гомдол гаргасан Үйлдвэрчний эвлэлийнхнийгээ “Та нар үндэслэлгүй зарга үүсгэлээ” хэмээн доромжилж байгаа ажээ. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн нөхцөлийн жагсаалтанд Оюу толгойн ажилчид бүхэлдээ багтаж байна.

Монголд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төв дангаараа хийдэг. Өөр ямар ч байгууллага ийм үнэлгээг хийх ёсгүй. Гэтэл Рио Тинто-гийн захиалгаар АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлал төвийн ажилтнууд хийсэн тул хууль бус юм. Тэр бүү хэл Рио Тинто нь Үйдвэрчний эвлэлээс зохион байгуулсан Хөдөлмөрийн хамтын маргааныг үл тоож,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь хөдөлмөрийн зууч томилоход зөрүүлээд Засаг даргатай нь Захиргааны хэргийн шүүхэд зарга үүсгэн тохуурхаж байх жишээтэй. Ард нь Оюу толгойн Монгол ажилчид хүнд  хортой нөхцөлд ажилласан хэрнээ цалингаа ердийн нөхцөлөөр тооцуулан авч хохирсоор байгаа юм. Рио Тинто Монголд дээр, дооргүй  ингэж л азаргалж байна.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.