МАН “Өрөөр айлгах” мэхэндээ өдгөө өөрсдөө бүдэрч явна

Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн санхүүжилтийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө: “Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхээр байгаа. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлого тогтвортой тууштай байснаас гадна төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, Засгийн газрын өрийг бууруулсан зэрэг нь нөлөөлсөн гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий (Дотоодын нийт бүтээгдэхүүний) 74 хувьд хүрээд байсныг 62 хувь болтол бууруулсан” гэж мэдэгдэв.

Сайдын мэдэгдэлтэй холбогдуулан шүүмжлэх зүйл олон байна. Тухайлбал, ЖДҮХС-тай холбоотой асуудал ид өрнөж, түүнд нь эрх баригч хүчний эрх мэдэлтнүүд олноороо ороолцолдчихсон байхад “Төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн” гэж дүгнэж хэрхэвч боломгүй. Гэвч энэ удаа нийтэд ил тод болчихсон төсөв шамшигдуулсан асуудал бус харин “Засгийн газрын өр”-ийн талаар авч үзье.
Сайдын хэлснийг сонссон иргэд, “Яамай даа, Засгийн газрын өр багасч байгаа юм байна” гэж хүлээж авсан биз. Ер нь Сангийн сайд “Өрийн асуудал”-ыг хэтэрхий улс төржүүлж ирсэн байдаг.
Энэхүү мэдэгдэл нь ч “Ардчилсан нам өр тавиад, бид түүнийг нь төлж барагдуулж байгаа” гэх төөрөгдлийг нийтэд хүргэхийг зорьсон гэлтэй. Хэрвээ хэн гэдэг сайдын үед хэчнээн хэмжээний өр тавигдаж, хэдийг төлсөн бэ гэдэг жагсаалт гаргах аваас хэн нэгнээсээ онцгойрох зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн гурван жилийн төсвийн алдагдал түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрсэн. Төсвийн алдагдал өр болон хувирдаг. Мөчлөг дагасан эдийн засагтай улс орны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн үед өрөө төлөх “Алтан боломж” бий болдог нь ч баримт юм. Энэ бүхэнд өөрийгөө дөвийлгэх санаа цухалзуулах нь “Явуургүй“ улс төр.
Сангийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын  өр” яг хэдэн төгрөгөөр буурсан талаар тодорхой тоо хэлсэнгүй. Харин өрийн ДНБ-д ногдох хувь багассан гэжээ. Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.1-т, “өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг” хэлнэ гэж заасан. Тийм учраас Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулсан хувиар биш, иргэдэд ойлгомжтой, хуульд заасан тодорхойлолтын хүрээнд мэдэгдэх ёстой.
Харин “Өрийн өнөөгийн үнэ цэнэ”, “ДНБ-д харьцуулсан хувь” гэх мэт мэргэжлийн үг, хэллэгийг өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, өрийн стратегийг хэрэгжүүлэх болон өрийн харилцааг зохицуулахад ашигладаг. Мөн төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед эсвэл эрдэм шинжилгээний ажил, судлаачдын судалгаанд голлон хэрэглэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс хараат эдийн засагтай манай улсын хувьд ДНБ-ий хэмжээ огцом савлаж байдаг тул “Засгийн газрын өр”-ийг хувиар илэрхийлэх  нь яавч оновчтой биш юм.
Энгийн жишээ дээр тайлбарлая. Иргэн Батын гэр бүлийн сарын орлого нэг сая төгрөг /нөхөр 500 мянга, эхнэр 500 мянган төгрөгийн цалинтай, өөр орлогогүй/ гэж бодъё. Тэднийх хөрш айлаасаа 500 мянган төгрөг зээлсэн бөгөөд энэ сард төлөх ёстой. Батын гэр бүлийн өрийг хувиар тооцвол энэ сарын орлогынх нь 50 хувийг эзэлж байна. Гэтэл эхнэр нь цалин дээрээ нэмж 300 мянган төгрөгийн урамшуулал авахаар болжээ. Энэ тохиолдолд Батын гэр бүлийн өрийг хувьд шилжүүлбэл, энэ сарын өрхийн орлогынх нь 38 хувь болж буурна. Харин эсрэгээрээ, 300 мянган төгрөгийн торгууль төлсөн бол энэ хэмжээ 71 хувь болж өсөх юм. Бат эхнэрээ урамшуулал авмагц, “Би өрөө тэдэн хувиар буурууллаа”  гэж ярих нь утгагүй. Учир нь тэдний гэр бүлийн орлого өссөн ч, буурсан ч, төлөх ёстой өр нь 500 мянга төгрөг хэвээрээ байх болно.
Монгол Улсын Засгийн газрын өр хэдэн төгрөг байна вэ?
“Өрийн удирдлагын тухай” хуулийн дагуу Монголбанк, Сангийн яам хамтран, Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам гаргаж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Тиймээс Монголбанкны сайтаас Засгийн газрын өр хэд байгааг хүссэн хүн бүр харах боломжтой. Та Mongolbank.mn сайтын /статистик /макро эдийн засгийн статистик мэдээллийн нэгдсэн сан/ улсын сектор/ Засгийн Газрын өр/ гэсэн дарааллаар орж Засгийн газрын өрийн мэдээлэл бүхий доорх хүснэгтийг үзэж болно. Үүнд, 2016 оны хоёрдугаар улиралд буюу Засаг солилцох үед Монгол Улсын Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 21 их наяд 83 тэрбум төгрөг болж өссөн нь “Засгийн өр” дөрвөн их наяд 471 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг харуулж байна. Харин Засгийн газрын гадаад өр 12 их наяд 548 тэрбумаас 18 их наяд 370 тэрбум болж, даруй таван их наяд 822 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Засгийн газрын өрийн ДНБ харьцуулсан хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ
Манай эдийн засаг уул уурхайн эрдэс баялгаас ихээхэн хамааралтай бөгөөд бид өмсөж зүүх, идэж уух, унах унаа гээд бүхий л хэрэглээгээ гаднаас хангадаг. Түүнийг худалдаж авахад тухайн улсын валют хэрэгтэй. Бид уул уурхайн эрдэсээ экспортолж ихэнх гадаад валютаа олж байна. Нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дотроо зэс, нүүрс 70 орчим хувийг эзэлдэг. Энэ нь экспортоос олж буй арван ам.доллар тутмын долоог зөвхөн зэс, нүүрснээс олдог гэсэн үг. Хэрэв энэ хоёр бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байвал, орж ирэх валютын хэмжээ нэмэгдэж, ДНБ-ий хэмжээ өсдөг.
Одоо өөр нэгэн статистик дурдъя. 2013 онд зэсийн баяжмалыг 948.9 сая ам.доллараар борлуулж байжээ. Харин 2018 онд борлуулалт нь хоёр тэрбум 12 сая ам.долларт хүрч даруй хоёр дахин өсжээ. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллараар борлуулж байсан бол 2018 онд борлуулалт нь хоёр тэрбум 802 сая ам.долларт хүрч  бараг зургаа  дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирнэ. 2017 онд 728 сая, 2018 онд 836 сая ам.доллар гэх мэтээр, гадаадын донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний валют орж ирсээр байна. Мөн Хөгжлийн банк, өнгөрсөн онд 500 сая ам.долларын бонд босголоо. Эдгээр нь манай эдийн засгийг идэвхжүүлж, улмаар ДНБ-ий хэмжээг өсгөж байгаа билээ.  Энэ бүхний баталгаа /дээрх хүснэгт/ нь ДНБ 2016 онд 23.9 их наяд төгрөг байсан бол 2018 онд 30 их наяд төгрөг давжээ. Энэ хугацаанд Засгийн газрын өр чамгүй нэмэгдсэн мөртлөө, ДНБ-д харьцуулахад тун бага ялгаатай харагдаж байгаа юм. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш үргэлж өндөр байдаггүй, зарим жилүүдэд буурдаг. Бүр огцом буурч байсан жишээг би дээр дурдсан. Хэрэв дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ буурвал манай эдийн засаг саарч ДНБ-ий хэмжээ буурна. Энэ тохиолдолд, өрийн хэмжээ хэвээр байсан ч ДНБ-д харьцуулах хувь нь огцом өснө. Яг Батын гэр бүлийн жишээтэй адил.
Ер нь Засгийн газар гадаад зах зээлээс бага хүүтэй бонд босгох, дотооддоо үнэт цаас гаргаж санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь хуульд заасан хэмжээн дотор улс орны эдийн засагт үр дүнгээ өгдөг. Харамсалтай нь, өнөөгийн эрх баригч хүчин 2016 оны УИХ сонгуульд ялалт байгуулахын тулд иргэдээ “Өрөөр айлгах” тактик хэрэглэсэн бөгөөд тэрхүү мэхэндээ өдгөө өөрсдөө бүдэрч яваа жишээ дурдахад ийм байна.
Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/99914

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.