ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

233

-Шүүхийн бүх процессийг даваад гарсан хүн амиа хорлох тухай бодохгүй-

Хуульч Д.Оросоо, н.Баясгалан, н.Бэлэгмаа Билэгсайхан нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед хууль зүйн салбарт онц ноцтой гэмт хэргүүд гарч байгаа тул салбарын сайд нь сайн дураараа огцорч, ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж буйгаа илэрхийлэв.

Хуульч Д.Оросоо “Нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал байдлаар гардаг боллоо. Зэрлэгшсэн нийгэм рүүгээ явж байна гэсэн үг. Монгол Улсын иргэн Үндсэн хуулинд заасан амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Одоо бүр төрийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчид хохирогч болж байна. Айдастай болов. Эцэстээ иргэнийхээ үндсэн эрхийг төр хамгаалж чадахгүй байна.

Тухайлбал, Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэргийг сонсоод өнгөрсөн. Баянзүрх дүүргийн ЗДТГ-т алба хаагч хутгалуулсан, цэргийн ангид алба хаагч амиа алдаж, хил давж оргосон гэх мэт асуудлуудыг бид сонсоод, тухайн үедээ шуугиад өнгөрч болохгүй юм.

Хуульчид нийгмийн инженер байх ёстой. Тиймээс ҮАБЗ-д хандаж, зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Иймэрхүү нийгмийн аюултай асуудалд яаралтай зөвлөмж гаргахыг хүсч байна. Хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба, цэргийн алба болов. Сүүлдээ цагдан хорих байр хүн амиа алдах байр болж хувирлаа. Энэ бол зүгээр нэг учрал биш юм.

Төрийн байгууллага нь иргэндээ, алба хаагчдадаа үйлчилдэг төрийг бий болгомоор байна.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, аймшигт хэрэг Хууль зүйн яамны харьяа байгууллагуудад гарч байна. Салбарын сайд нь ямар ч үг хэлж, байр сууриа илэрхийлсэнгүй. Гарч байгаа гэмт хэргийн эсрэг урьдчилан сэргийлж, хангалттай ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн салбарыг удирдаж чадахгүй байна. Тиймээс огцрохыг шаардаж байна” гэв.

Түүнчлэн “Онц ноцтой гэмт хэрэг хийгээгүй бол зайлшгүй цагдан хорих шаардлага байхгүй баймаар юм. Цагдан хорих асуудалдаа хязгаартай байх. Уг нь хязгаарлалт тогтоогоод явах бүрэн боломжтой. Цагдан хорих асуудал хүний нэр төр, ар гэрт нь хүндээр тусдаг. Тиймээс энэ байдлаас татгалзах ёстой.

Сая амиа алдсан талийгаачийг таних хүний хувьд амиа хорлох сул дорой хүн бишээ.  Шүүхийн бүх процессийг даваад гарсан хүн амиа хорлох тухай бодохгүй. Хэргийн дотоод байдал руу орохгүй, тусдаа өмгөөлөгчид нь ажиллаж байгаа. Шалгаж байгаа хэргийн талаар хуульчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Ер нь төрийн байгууллагад гарч байгаа хүн амины хэрэг иймэрхүү байдлаар удаа дараа гарсаар байгаа шүү. Цаашид дахин ийм хэрэг гаргахгүй байх төлөө анхаармаар байна. ШШГЕГ бол Хуульзүйн сайдын харьяа байгууллага. Сайд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүргийг хүлээдэг юм.

Нийгэмд цочроосон ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг салбарын сайд нь хийхгүй байгаа учраас огцрох бүрэн үндэслэлтэй.мНийгэмд болохгүй байгаа зүйлийг шүүмжлэхээс илүүтэй дахин ийм хэрэг гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлдэг баймаар байна. Иймэрхүү асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавъя” гэлээ.

Хуульч н.Бэлэгмаа “Хүний амьд явах эрх зөрчигдөж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна.

Амь насаараа хохирч байна дээрээс нь ар гэрийнхэн нь давхар сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч байна. Мөн сөрөг мэдээлэлүүд хяналтгүй цацагдаж байна.

Энэ асуудалд сайд Ц.Нямдорж яагаад мэдээлэл хийдэггүй юм. Хэрэг нөхцлийн талаар тайлбар хийж, ард түмнээсээ уучлалт гуйхгүй ёстой. Олон удаа сайдаар сонгогдсон хүн байж яагаад дуугарахгүй байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт сэжигтнийг баривчлах үед ар гэрийнхэнд яагаад мэдэгдээгүй юм. Мөн амь насаа алдснаас 7 цагийн дараа мэдэгдсэн байгаа юм. Үүндээ тайлбар хийхийг шаардаж байна” гэв.

Мөн тэд баривчлах саатуулах, цагдан хорих асуудалд хуулиа боловсронгуй болохыг шаардаж байна. Энэ асуудалд ХЭҮК анхаарлаа хандуулахыг хүслээ.

Хуульч бид дуугүй байхын аргагүй байдалд хүрсэн байна. Хуулийн салбарт удаа дараа ноцтой асуудал гарсанд шүүмжлэлтэй хандах ёстой. Жирийн нэг асуудал шиг байлгаад өнгөрмөөргүй байна. Энэ асуудлыг ингээд орхиж болохгүй. Тиймээс шат шатандаа анхааръя. Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэргийн асуудалд сайд нь хариуцлага хүлээгээд огцорсон.

Тиймээс саяын энэ харамсалтай асуудалд салбарын сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна. Хууль зүйн сайд тодорхой байр сууриа илэрхийлэхийг хуульчид бид шаардаж байна хэмээлээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.