С.Буд: Зүү ороох оёдлоор ногоон дахь эх бүтээсэн

261

“Урлан” булангийн энэ удаагийн зочноор уран хатгамалч С.Будыг урилаа. Тэрээр бурхны дүр урладаг цөөхөн хамтгамалчийн нэг юм. 

-Анх удаа зүү ороох оёдлоор бурхан урласан. Бүтээлийнхээ тухай яриач?

-Би гурван жилийн өмнө анх “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд оролцох гэж зүү ороох оёдлоор бурхан багш бүтээж байсан юм. Тухайн бүтээлийг урласан нь хатгамалын болон зүү ороох оёдлын гайхамшгийг харуулж, өөрийн ур чадвараа сорихыг хүссэн. Харин өөрийнхөө бүтээлийг зүү ороох оёдлоор бүтсэн анхны бурхан гэж төсөөлөөгүй. Энэ тухай сонсоод их баярлаж, урам авсан. Дараагаар нь Ногоон дарь эх бүтээсэн. Гэхдээ илүү бүтээл тал руу нь урлахыг зорьсон шүү. Шүр, сувдаар чимэглэж, металл утас оролцуулсан. Энэ бүтээл минь надад “Хаан бүтээл” шагналыг авчирч, илүү ихийг хийж бүтээх хөшүүргэ болсон доо.

-Бурхан бүтээхэд тухайн урлаачийн сүсэг бишрэл нөлөөлөх юм шиг ээ?

-Энэ ганцхан миний бүтээл биш. Бурхан урлаачаар зургийг нь ёс журмын дагуу зуруулдаг. Мэдээж билэгт сайн өдөр үйл мэтгэж эхлэхээс эхлээд дагах ёс журам гэж бий. Үүнээс гадна өнгөө хэрхэн тааруулж, яаж оёх тухай багшаасаа байнга зөвлөгөө авдаг.

-Зүү ороох оёдол их нарийн ажиллагаа, тэвчээр шаарддаг урлаг. Жаахан удаан суухад л чилдэг. Харин бүхэл бүтэн бурхан урласан гэж бодохоор таниар бахархмаар санагдаж байна?

-Том хэмжээний бүтээлийг зүү ороож оёход жаахан хүндрэлтэй. Учир нь энэ оёдол өөрөө гарын алганд багтаж байж уран, чамин харагддаг онцлогтой. Гэхдээ хамтгамалч өөрөө л хичээгээд хийх юм бол болохгүй зүйл байхгүй л дээ. Харин ч хүмүүс бидний бүтээлээс монгол хатгамалын гайхамшиг, өв соёлыг мэдрэх болно.

-Таны бүтээлүүдийг харахад хөөрөгний даалин их байх юм аа?

-Хөөрөгний даалин гэдэг эртнээс монгол эрчүүдийн гангараа болж ирсэн. Одоо ч энэ уламжлал хэвээр байна. Би саяхан болсон “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд даалингийнхаа дээжээс тавилаа. Хүмүүс их сонирхож байна лээ. Даалингаа урлахдаа  Богд хааны лого болох анхны соёмбо болон шүр оюунаар чимэглэсэн.

-Мэдээж таны хань гэргийнхээ урлаж өгсөн даалингаар гангарахдаа баяртай байдаг байх даа?

-Ханьдаа урласан даалингууд бий. Манай нөхөр эхлээд миний оёх бүтээлийн зургийг нь зурж өгдөг байсан юм. Харин одоо өөрөө урладаг болсон.

-Эрэгтэй хүн хатгамал хийж, зүү ороодог гэхээр их содон сонсогдож байна шүү?

-Уран хатгамал манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг болсон. Хоёулаа оёдог болсноор энэ урлагийг, бие биеэ илүү ойлгодог болсон. Манай хүн их чамбай, цэвэрхэн оёдог шүү.

-Та саяхан “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд оролцсон тухайгаа ярьсан. Энэ үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уу?

-“Мандчирын наран” төрийн бус байгууллагаас гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаад 20 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг дэлгэсэн. Ихэвчлэн заагт наамлын бүтээлүүд ирлээ. Заагт наамлыг бид “Торгон зураг” гэж нэрлэдэг. Монголын бас нэг том өв соёл. Үүнээс гадна зүймэл даавуун урлаг буюу хөдрөг, зоосон ширээ оёдлоор урласан бүтээл ихэнх хувийг эзэллээ.

-Жил бүр энэ үзэсгэлэнд оролцдогийн хувьд шинэ, залуу урлаачдын бүтээлийг харахад юу бодогдож байв?

-Уран хатгамалчид маань илүү бүтээл тал руугаа ажиллаж байгааг хараад бахархах, баярлах сэтгэл төрсөн. Зөвхөн нэг төрлөөр биш олон төрлийг хослуулсан бүтээл олон байлаа. Энэ нь уран хатгамлын урлаг цаашид илүү хөгжих, хойч үедээ уламжлан үлдээхэд том түлхэц болж байна.

-Та хэзээнээс энэ урлагтай холбогдсон бэ?

-Би Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Улаанбаатар хотод 2005 онд орж ирсэн. Багаасаа хөдөлмөрийн хичээлд дуртай хүүхэд байсан. Тэр үед багш нар зүү ороох болон бусад оёдлыг нэг бүрчлэн заадаг байлаа. Харин хүүхэд төрүүлээд гэртээ суухдаа даалин оёж эхэлсэн. Зүү ороож оёсон даалин үнэтэй байдгийг мэдээд зүгээр сууж байхаар амьдралдаа нэмэр болъё гэж бодоод анх урлаж эхэлсэн түүхтэй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам урлаг, бүтээл гэдэг талаас нь харах болсон.

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.