Монголын төрд “нүүрсчин” түшээ цөөнгүй бий

Өнгөрсөн 12 дугаар сард болсон Засгийн хуралдаанаар гаалийн татвараас олох орлогыг өсгөх байсан нэг асуудал «газар авч» чадаагүй. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг засаг дэмжээгүй нь тэр.

Хэрэв энэ хууль дэмжлэг авсан бол нүүрсний борлуулалтын хэмжээнээс шалтгаалж, экспортын гаалийн татварыг таван хувиар ногдуулах байсан юм. Нүүрс олборлоход бусад ашигт малтмалыг бодвол хялбар, зардал багатай. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж байгаа Таван толгой л гэхэд ил аргаар олборлохуйц уул, геологийн нөхцөлтэй тул гадныхан тун их олзуурхаж байсан.

«Дурын хэн нэгэн өрөм бариад яваарай. Заамарын хөндийгөөс Эрээн цав, Зүүн булагаас Орвог гашууны бор толгой, Цоохороос Тал шанд хүртэлх аль дуртай газраа өрөм хатгаж үзэхэд нүүрс гарч ирэхгүй байвал түүн шиг худлаа зүйл үгүй» гэж геологичид ярьдаг юм билээ.«Coal Mongolia-2011» чуулга уулзалтаар энэ оноос манай  улс  жилд  25 сая тонноос багагүй хэмжээний нүүрс экспортолно гэсэн. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг хараад сэтгэл хөдөлсөндөө хэлсэн тоо биш, баттай судалгаанд үндэслэсэн хэмжээ юм.

Статистик үзүүлэлтүүдэд ч нүүрс тэргүүлэх байр сууриа алдалгүй, улам бэхэжсээр байгаа. Үүнийг батлах гэсэн мэт Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэл өдөрт 300-400 машин нааш цааш явдаг.Өмнөговьд Хятад руу нүүрс тээвэрлэдэг хүнд даацын 4000 орчим машин байдаг аж. Энд хувийн ганц машинаараа нүүрс зөөдөг иргэн Дорж шиг хүн олон байдаг ч дээрх 4000-ын олонх нь компаниудын харьяанд байдаг гэнэ. Тэр бүү хэл зөвхөн нүүрс зөөдөг (олборлодоггүй) компани ч энд бий. Эдгээрийн заримынх нь эзэд олны танил эрхэм, төрийн түшээ гэж ярилцдаг.

Сонсох нь ээ, УИХ-ын нэр бүхий гишүүд   нүүрсний тээвэрт ихээхэн нөлөөтэй гэсэн. Тэр ч бүү хэл тэдний дунд «Нүүрсний лобби бүлэг»-ийн толгойлогч гэдэг юм билээ.Уг нь Монгол Улсын нүүрсний салбарт түшээдийн бодлого хэрэгтэй ч үйл ажиллагаа нь даанч илүүц. Одоогийн байдлаар нүүрс тээвэрт хамгийн голлох ажлыг хийж байгаа нь «Энержи ресурс» компани.

Тэднийх cap бүр 300 мянган тонн нүүрс тээвэрлэж 60-аад тэрбум төгрөгийн ашиг олдог гэнэ. Ер нь тээвэр хийдэг компаниудын ашиг их байдаг тул үүнд хорхойсдог хүн олон. Тиймээс манай сонин «нүүрсчин» баячуудын хүрээг тэлж, тэдний замыг засдаг түшээдийн тухай тодорхой баримттай нийтлэл гаргах болно. Ийм яриаг батлах гэсэн мэт нүүрсний борлуулалтад ногдуулах экспортын татварыг түшээд дэмжээгүй нь харин ха-чирхалтай санагдаад байгаа юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих