Г.Нацаг: Нэг өрхийн хэрэгцээнд 10 бут хангалттай

301

Хаврын улирал ирж, ургамал, мод, жимс тариалах их ажлын цаг эхлэх гэж байна. Хашаандаа мод, бут тарих сонирхолтой уншигчиддаа зориулан Нийслэлийн байгаль орчны газартай хамтран энэ буланг бэлтгэлээ. Та мод тарихыг хүсч байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол чацарганы бут сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чацаргана жимс нь өндөр ашиг шимтэйгээс гадна бут нь гэрийн нөхцөлд ургуулж, арчлахад хамгийн тохиромжтой байдаг аж.

Дэлхийд чацарганы бургасан навчит, төвдийн, яшилдуу гэсэн гурван зүйл ургадаг. Эдгээрээс хүнсэнд шууд хэрэглэж болох, хамгийн ашигтай хэлбэр яшилдуу чацаргана нь манай оронд ургадаг. Чацарганы жимс дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхнээс эхлэн 150-160 хоногт ургаж наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр боловсорч гүйцдэг. Нэг тонн чацарганаас 28-70 кг тос, 600 литр цэвэр шүүс болон 50 кг поливитамины бэлдмэл, 200-250 литр амтат дарснаас гадна эмчилгээ тэжээлийн зориулалттай 120 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг судалгаагаар тогтоожээ. Чацарганыг байгаль хамгаалах, хөрсний элэгдлийг бууруулах зориулалтаар ашигладаг. Үүнээс гадна уг жимсийг хүнс тэжээл, гоо сайхан эмчилгээний зорилгоор эм болон био идэвхтэй бэлдмэл үйлдвэрлэх, жимс навч холтсыг нь цайны найрлагад, залуу мөчир болон навчийг малын тэжээлд, модорхог мөчир салааг түлш сийлбэрт ашиглаж болдог байна.
Чацаргана жимсэнд төрөл бүрийн витамин, биологийн 50 гаруй идэвхт бодис, 18 янзын амин хүчил, 15 төрлийн микроэлемент, тос, нүүрс ус, уураг агуулагддаг тул “Хаан жимс” гэж нэрлэдэг. Орчин үеийн анагаах ухаанд чацарганаас тос гарган авч шарх, арьсны төрөл бүрийн өвчин, түлэнхий хөлдөлт, цус багадалт, ходоодны шарх, чихрийн шижинг анагаахад хэрэглэж байгаа юм.
10 ширхэг эм бутанд нэг ширхэг эр бут сонгоорой
Чацарганы бут хүйтэнд тэсвэртэй боловч гэрэл дулаанд дуртай ургамал учраас тарих талбайг сонгохдоо салхи, шуурганд бага өртөх урд ба зүүн урд зүг рүү бага зэрэг налсан, наранд ээвэр юм уу нөмөр тэгш газрыг сонгож аваарай. Сонгож авсан талбай нь хөрс үржил шим сайтай, элсэнцэр, хар хүрэн, цайвар хөрс байх нь тохиромжтой. Чацаргана элс, хайрга чулуу ихтэй шаварлаг намагжсан хөр­сөнд ургадаггүй. Чацаргана тарьсан газартаа олон жил ургаж, жил бүр жимслэх тул талбайг зөв сонгох шаардлагатай байдаг аж.
Чацарганыг том талбайд тарих бол хөрсний шинж чанараас хамааруулан 30-40 см гүн хагалж, тэгшилгээ хийж, хагалгааны дагуу болон хөндлөн хэд хэдэн удаа өнгөн хэсэгт боловсруулалт хийж, хогийн ургамал ургах бололцоогүй болгоно. Харин хувийн хашаандаа жижиг талбайд тарих бол 2-3 метрийн зайтай 50 см-ийн диаметртэй 40 см-ийн гүнтэй нүх ухаж тарина. 07 га газартай гэр хорооллын айлууд энэ загвараар хөрсөө бэлтгэхэд болох юм байна. Ухаж бэлтгэсэн нүх нь хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо хөрс, бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэх хэрэгтэй. Манай оронд ОХУ-аас авчирж нутагшуулсан сортууд илүү ургадаг тул мод, бутлаг ургамлын худалдаанаас ийм сортын бут худалдан аваарай. Эдгээр сорт нь тослог ихтэй, хүйтэнд тэсвэртэй бараг өргөсгүй байдгаараа онцлог аж.
Чацарганы суулгацыг хавар намрын алинд ч тарьж болно. Хавар тарих бол тавдугаар сарын 1-15-ны хооронд, намар тарих бол газрын хөрс хөлдөхийн өмнө есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хооронд тариална. Чацаргана тариалах суулгац авахдаа эр эмийн харьцааг тохируулан тариалах хэрэгтэй. Эр эмийн харьцааг тохируулахдаа 9:1 гэсэн харьцааг баримтлах нь тохи­ромжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, есөн ширхэг эм мод, нэг ширхэг эр мод тарина гэсэн үг. Нэг өрхийн нэг жилийн хэрэглээний жимсийг дээрх 10 бутнаас авах боломжтой юм байна.
Эхний хоёр жилд эгнээ хооронд хүнсний ногоо тариарай
Намар ургац хураасны дараа 20 см гүн сийрүүлэлт хийж хөрсийг боловсруулан хогийн ургамал ургахаас хамгаална. Чацарганы бутны үндэс хөрсний гадаргууд маш ойрхон зайд зүг бүртээ салбарлан ургах тул түүнийг гэмтээхгүй байх нь чухал аж. Манай орны нөхцөлд чацаргана тариалсан талбайн хөрсийг усалгаа хийснээс хойш 2-3 хоногийн дараа хөрсийг сийрүүлж зэрлэгийг устгах буюу нэг зун 6-8 удаа сийрүүлэх арчилгааг хийх хэрэгтэй. Чацарганы суулгацыг тариалсны дараа 1-2 жилд эгнээ хоорон дахь хоосон талбайд төмс, манжин сонгино, лууван гэсэн хүнсний ногоо тариалан ашиглаж болдог байна. Харин  бут нь томорч үндэс нь бүрэн ургаж гүйцсэнээс хойш ногоо тарьж шим тэжээлийг нь бууруулах хэрэггүй гэж зөвлөдөг. Чацарганы бут үржил шимтэй хужир давсгүй, сийрэгжүүлсэн хөрсөнд сайн ургадаг тул шим бордоогоор тэтгэж өгвөл сайн үйлчилдэг.
Чацарганы суулгацыг тариад хоёр жил болсны дараа хатсан, хугарсан буруу өсөлттэй мөчир салааг тайрч цэвэрлэнэ. Ингэхдээ мөчир салааг нь сийрүүлж цөөрүүлэх, богиносгож тайрах гэсэн үндсэн хоёр аргаар хийнэ. Үүнийг сайн хийвэл мөчир сайн бүдүүрч, жимсээ даах бат бэх чанар нь сайжирч дээшилдэг байна. Ха­шаандаа анх удаа чацаргана тарих гэж байгаа бол юуг анхаарах ёстой та­лаар Нийсл­элийн байгаль орчны газрын мэргэ­жилтэн Г.Нацагаас тодруулсан юм.
-Чацарганы 10 бут суулгахад нэгийг нь эр, бусдыг нь эм суулгац сонгодог нь ямар учиртай юм бэ?
-Улиас мод хөвөн ялгаруулдаг нь суулгацыг эр, эмээр нь  ялгаж тариалахгүй байгаатай холбоотой. Үүнтэй адил чацарганы суулгацыг хамаагүй таривал тоосжилт ихсэж, ургац хураалтад муугаар нөлөөлдөг. Тэгэхээр 10 бут тарилаа гэж бодоход ес нь эм суулгац байх хэрэгтэй. Манай орон ихэвчлэн баруун хой­ноосоо салхилдаг учраас талбайнхаа баруун хойд талд нь ганц эр чацарганы суулгацаа суулгана. Ингэвэл салхиараа тоосжилт дамжиж эм суулгацууддаа хангалттай хүрэлцдэг. Ингэж 10 бут тариалах нь өрхийн нэг жилийн чацарганы хэрэгцээнд хангалттай байдаг. Ихэнх айл 07 га газартай байгаа байх. Ийм тохиолдолд хааш хаашаа таван метрийн талбайн хөрсийг бэлдчихэд эхний ээлжинд болдог. Мөн хашаагаа хайлаас, шар хуайс гэх мэт нэг их өндөр ургадаггүй модоор хүрээлэн ургамлан хашлаг хийвэл зүгээр байдаг. Ингэж хийх нь тоос шороог багасгаж, агаар цэвэршүүлээд зогсохгүй дотор нь ургаж байгаа бусад жимсний мод, бут, ургамлуудад ургах орчинг нь бүрдүүлж өгдөг юм.
-Ургамлан хашлага гэхээр хашаа­ныхаа дотор талаар давхар мод тарина гэсэн үг үү?
-Хашаандаа мод тарихаар сонирхож байгаа бол эхний ээлжинд хашаагаа дотуур нь хүрээлээд мод тарьчихвал ургамлан хашаатай болно гэсэн үг л дээ. Хайлаас, шар хуайс бол хөрс голдоггүй, хүйтэн, халуун ямар ч цаг уурын нөхцөлд тэсвэртэй, чийгээ сайн барьдаг учраас анхлан тарихад тохиромжтой байдаг. Хашлага хэлбэрээр тарих бол шуудуу байдлаар нүх ухна. Өргөн нь 30 см, гүн нь 40-50 см байхад болно. Хашаагаа тойруулан ухсан шуудуундаа 2-3 суул­гацыг 20-25 см зайтайгаар суулгаж болдог. Суулгацаа тарихаас өмнө шуудууныхаа доод талд нь гуравны нэг хэмжээтэй 50 хувийн хар шороо, 30 хувь элс хайрга, 20 хувь бордоо хольж бэлдээд хөрсөндөө усалгаа хийгээрэй.  Шуудуундаа усалгаа хийхэд гадагшаа хальж урсахгүй байхаар 8-10 см зай дээрээс нь үлдээнэ. Энэ нь дахин услах нөөц, хашлага хамгаалалт болж өгнө. Ингээд модоо тарьсан бол 14 хоногт нэг удаа, хуурайшилт ихтэй бол долоо хоногт хоёр удаа ч юм уу тухайн цаг уурын байдлаас шалтгаалан услах хэрэгтэй.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.