“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 40 орчим хувь нь гэр бүл дотор үйлдэгддэг”

307

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, УСХ-ээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан: “2018 онд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг харьяалан шалгах чиг үүрэгтэй болж, энэ  төрлийн хэргийн нөхцөл байдлын судалгаа хийсэн. Тэгэхэд сүүлийн 5 жилд Монгол улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 25-30 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дангаараа эзэлж байна.

Монгол улсад гэмт хэрэгт тооцогдож байгаа 300 гаруй үйлдлээс хулгайн гэмт хэрэг 35-40 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25-30 хувийг эзэлж байна. Жил тутам энэ хэрэг нь 6.8-30.3 хувиар өсч байна. Нийслэлд ойролцоогоор 61 орчим хувь, орон нутагт 39 хувь нь гарч байна. Гэмт хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд 40 орчим хувь нь гэр орон ахуйн хүрээнд үйлдэгддэг. 27-30 хувь нь гудамж талбай олон нийтийн газар буюу баар, цэнгээний газруудад ихэвчлэн үйлдэгдэж байна.

Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт зайлшгүй анхаарах хэрэгтэй нь харагдаж байна. Тйимээс ч цагдаагийн байгууллагад дагнан хариуцуулж өгсөн.

2018 оны статистик мэдээгээр 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний үүний 25 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Мөн  88 хувь нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг байгаа. Энэ хэргийн онцлог нь буурулах боломжтой гэж үзэж байна. Учир нь үйлдэлүүд нь хүний нүдэнд ил болдог хэрэг юм. Гэхдээ богино хугацаанд хүний эрүүл мэнддэд хор хохирол учруулдаг.

Энэ төрлийн гэмт хэргийг хөнгөн болон хүнд хэлбэрийн гэж хоёр ангилаад байна. Хөнгөн хоихрол нь ойр зуурын маргаанаас үүдэн хүнийг цохих, хүнд хохирол учруулах хохирол нь согтуугаар үйлдэгддэг.  Эрүүгийн хуульд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд торгуулийн ял шийтгэж, хөнгөн ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, хүнд хэлбэрийн хохирол учруулсан тохиолдолд 2-8 жилийн хорих ялтай. Судалганаас харахад нийт холбогдогчдийн 54 хувь нь согтуугаар хэрэг үйлдэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хор хохиролыг олонд таниулж урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах юм” гэв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг: Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг. Энэ нь гудамжинд зодолдохоор гэмт хэрэг. Гэр бүл дотор зодолдохоор гэмт хэрэг биш  болоод байдаг. Гэр бүл хэн нэгэндээ гар хүрч байгаа асуудал хүний эрхийн ноцтой зөрчил юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нийгмийн хандлага төлөвших ёстой гэсэн чиглэлээр нилээд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ хэрээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан.

Харин зодолдох танхайрах гэмт хэрэг буурахгүй байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа 30 гаруй мянган гэмт хэргийн дотор 10  гаруй мянга нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байгаад байна. Энэ гэмт хэрэгт залуу дунд эргэм насны хүмүүс холбогдож байна. Бусад гэмт хэргийг бодвол өөрийн биед биш бусдын биед гэмтэл учруулаад байна.

Удахгүй маш олон баяр болох гэж байна. Энд маш олон залуучууд муудалцаж, зодолдоно энэ хэрээр хохирно. Гадны оронд “оne minute” челленжэд нэгддэг. Бид бас энэ сард хуульд нөлөөлөх мэдээлэл сурталчилгааны ажлыг түлхүү хийнэ . ”Нэг хором уураа тэвч” аян зохион байгуулагдана. Тиймээс залуучууд түр уураа тэвчин, “уучлаарай” гэдэг үгээр солих юм бол энэ үг олон зүйлийг тойрч гарна. Нэгхэн цохилт хоёр айлын амьдралыг сүйрүүлнэ гэдгийг залуучууд ойлгох хэрэгтэй байна” гэлээ.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих