Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулганаар 5-6 хууль хэлэлцэхээр төлөвлөж байна

339

УИХ намрын чуулганы хугацаанд хэлэлцэх ёстой зарим хууль, тогтоолын төслөө баталж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр болоод буй. Гуравдугаар сарын 18-нд зарлахаар төлөвлөж буй ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй холбогдож, тодрууллаа.

-Ээлжит бус чуулганаар хэдэн асуудал хэлэлцэх вэ?

-Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй 5-6 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу Тендерийн тухай хууль багтаж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Улсын хэмжээнд байгаа 300 орчим аж ахуйн нэгж, 1.2 сая ажил эрхлэгчдийн харилцааг зохицуулах том хууль юм. Хуульд шинэлэг зүйл заалтууд их орж байгаа. Ээлжит бус чуулганаар энэ хуулийг баталчихвал нэг өдрийн ч өмнө болтугай хэрэгжээд явна.

-Тендэрийн тухай хуульд байнга өөрчлөлт оруулдаг. Энэ удаагийнх ямар онцлогтой юм бол?

-Тендерийн тухай хуулийг хурдан гаргах шаардлага бий. Хуульд орж буй гол концепц нь төрийн худалдан авалтын хугацааг богиносгох, түргэн шуурхай болгоход чиглэгдэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр энэ жил тусгасан. Өнгөрсөн жилүүдийн төсвийг харж байхад энэ хуулиас болоод маргаан үүсч, шүүхээр явдаг заримынх нь газар нь олгогддоггүй, нөгөө хэсгийнх нь ТЭЗҮ үндэслэлгүй зөрүүтэй гардаг гээд тавигдсан хөрөнгө оруулалт хэрэгжиж чадахгүйд хүрдэг. Тиймээс уг  хуулийг хурдан батлаад гаргачихвал энэ оны хөрөнгө оруулалтууд хэрэгжээд явах боломж бүрдэнэ.

-Дээрх хуулиудыг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх бүрэн боломж бий. Заавал ээлжит бус чуулган зарлах шаардлага байсан уу?

-Энэ асуудлуудаа ээлжит бус чуулганаар шийдчихвэл хаврын ээлжит чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Сонгуулийн хууль гээд маш олон хууль, тогтоолын төсөл байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.