20 дугаар зууны луйвар ба ӨМЧ ХУВЬЧЛАЛ

2534

-Эрх баригчид хувьчлалын үнэнг дэлгэх болов уу-

Манай сайт өнгөрсөн дугаартаа өмч хувьчлал буюу цэнхэр, ягаан тасалбараар “баяжсан” үндэсний олгиархууд гэсэн нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ.

Монгол Улсад 1992 онд эхэлсэн өмч хувьчлал 1998 оноос эрчээ авч эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр олон этгээд овойж, оцойсон vл хөдлөх хөрөнгөтэй болж, зүгээр сууж байгаад Монголдоо багтахгvй баячууд болчихсон хачирхалтай түүх бий. Өөрөөр хэлбэл, цэнхэр,ягаан, тасалбараар гараагаа эхэлсэн өмч хувьчлалын талаарх анхан шатны мэдлэггүй байсан монголчуудын бүх л баялгийг мэдээлэлд ойр байсан хэдхэн зальжин дарга нар хуваан авч, өнөөдрийнхөө баялгийн үндэс суурийг цогцлоосон юм. Бүр тодруулж хэлэхэд улстөрийн нөлөө бүхий эрхмүүд эдийн засгийн хүнд хэцүү үеийг даван гарахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг дуудлага худалдаа хийх нэрийдлээр өөрсдийн болгож байсан.

Бидний багадаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан “Цирк” өнөөдөр ямархуу байдалтай байгаа билээ. Анх тус газрыг Их аварга Д.Дагвадоржийнхон хувьчилж авахдаа зориулалтаар нь ашиглана гэсэн менежментийн гэрээ хийсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр “Цирк” өнөөдөр зөвхөн ашиг хөөсөн газар болж хувирсан. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд тус газрыг төр буцааж авна хэмээн нэлээд хэрүүл зарга хийсэн ч амжилтад хүрч чадаагүй.

Мөн АПУ” компанийн 51 хувийг 4.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан бол эвслийн Засгийн газрын Төрийн өмчийн хороо “Дархан гурил тэжээлийн үйлдвэр”, “Мах импекс”, “Спирт бал бурам”, “Талх чихэр”, “Сэлэнгэ гурил тэжээлийн үйлдвэр”-ийг бүгдийг нийлүүлээд 4.6 тэрбумаар зарсан.

Үүгээр ч зогсохгүй эвслийн Засгийн газрынхан “Хайлаастын алтны орд” гээд нэр бүхий 75 том аж ахуйн нэгжийг 17.6 тэрбумаар хувьчилсан юм. Мөн “ХХБ”, “Хаан” банк хоёрыг 21 тэрбумаар хувьчилсан.

Өмч хувьчлалын тухай хууль хамгийн анх 1995 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр батлагдан мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний газрууд үндсэндээ, мал сүргийн 90 гаруй хувь нь хувийн өмчид шилжиж их хувьчлалын эрхийн бичгээр баталгаажих хөрөнгийн хувьчлал үндсэндээ дууссан аж. Өмч хувьчлалын явцад нийт 1.9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хувьчлагдан, 1.1 сая гаруй иргэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болжээ. Янз бүрийн шалтгаанаар 113 мянган хүн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг авалгүй үлдсэн байдаг юм. Энэ ажлын үр дүнд 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болсон гэж баримтад тэмдэглэгдэн үлджээ. Тухайн үед өмч хувьчлал явагдах үед туршлага дутагдаж, бодит бэрхшээл тохиолдсоны дээр бодлогын алдаа, зохион байгуулалтын ажлын дутагдалтай байсан учраас өнөөдрийн үндэсний олгиархууд хөрөнгө зоорьтой болж чадсан.

Юутай ч “Зоос гоёл”, “Бороогийн алтны үйлдвэр”, “Улаанбаатар” барилга трест, “Дарханы цемент”, “Байшин үйлдвэрлэх комбинат”, “Дэвшил САА”, “Бөөний худалдааны нэгдэл”, “Хар тарвагатайн уурхай”, “Спирт бал бурам”, “Шороон орд үйлдвэрийн газар”, “Мах Импекс”, АПУ, СББ, Талх чихэр, Баянголын өмч хувьчлалын асуудлыг сөхөж болох эхлэл тавигдлаа.

P.Саруул

ERENNEWS.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих