Хариуцлага доодост хамаатай дээдэст хамаагүй байдаг гэж үү

medeelel_3Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өчигдөр тус тусдаа хэвлэлийн хурал хийлээ. Хоёр байгууллагын зүгээс уг хэргийн талаар ямар тайлбар өгснийг хүргэж байна.

ЦЕГ: Үзлэг хийж хохирогчийн үлдээсэн гэрээслэл болон камерын бичлэгийг хурааж авсан

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны (МБА) дэд дарга, хурандаа С.Буянжаргал “2019 оны хоёрдугаар сарын 23-ны шөнө ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаар 102 тоот утсанд ирсэн дуудлага, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд өгч байна” гэв.

Харин МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр амь үрэгдэгч Л.Бямбааг санаатай, захиалгаар алуулсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Хэрэгт эд мөрийн баримтаар 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг хурааж авсан. Үхлийн шалтгаан болон хэргийн газраас хурааж авсан эд мөрийн баримтад шинжилгээ хийлгэхээр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд (ШШҮХ) шинжээч томилсон байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байна” гэв.

Дээрх мэдээллийг хийсний дараа цагдаагийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Амиа хорлосон гэдгийг нь нотолж чадаагүй гэж ойлгож болох уу?

-ШШҮХ-гээс хохирогчид хийсэн шинжилгээний дүгнэлт гараагүй болохоор энэ талаар хэлэх боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл болон камерын бичлэгийг хурааж авсан гэж хэлсэн. Алдагдсан зүйл байхгүй.

-Талийгаачийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан гэсэн. АТГ-ын ажилтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?

-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, мөн ШШГЕГ-ын алба хаагчид хариуцлага алдсан зэрэг зүйлийг шалгаж байгаа.

-Нас барахаас өмнө уулзсан хүн байдаг уу. Гадуур авч явсан гэсэн мэдээлэл байсан?

-Авч гарсан, хэн нэгэнтэй уулзсан гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийж, камерын үзлэг хийгээд явж байгаа.

ШШГЕГ: Хариуцлага алдсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн

ШШГЕГ-аас өгсөн мэдээлэлдээ тус газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр “2019 оны хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангид АТГ-аас шалгагдан саатуулагдаж байсан иргэн Б-гийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 461 дүгээр хорих ангид шалгалт хийсэн. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. 461 дүгээр хорих анги бол маш том анги. Зөвхөн нэг, хоёрдугаар давхар нь гэхэд бусад ангиудтай тэнцэхүйц хэмжээний ачаалалтай байдаг. 24 цагийн турш хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг. ШШГЕГ-ын даргын зөвлөлд шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Заавал цагдан хорих ёстой байсан уу?

-Түүнийг манай байгууллага мэдэхгүй.

-Хэрэг гарснаас хоёр цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байдаг?

-Ажлын байрны хариуцлага алдсантай холбоотой.

-Яг ямар хариуцлага алдсан бэ. Ажлын байрандаа байхгүй байсан юм уу?

-Ерөнхийдөө сонор сэрэмж алдсан, хяналт сулруулж, ажлын хариуцлага алдсан гэж үзсэн.

-Ар гэрийнхэн нь хорих ангийн даргыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгч байна?

-Тийм зүйл байгаагүй. Хэрэг гарсан өдөр хорих ангийн дарга талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаагүй. Харин уг хэргийг шалгаж байсан прокурор, цагдаагийн ажилтнуудтай хамт байсан. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол бидэнд энэ талаар мэдээлэх байсан.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс маш бүрхэг, тодорхойгүй ийм тайлбар, мэдээлэл хийлээ. Энэхүү хэрэгт хариуцлага алдсан гэх үндэслэлээр хэн нэгнийг буруутган ажлаас нь чөлөөлөөд өнгөрөх асуудал мөн гэж үү. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаад хүн нас барсан хэрэг нэг бус удаа гарлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон салбарын сайд ямар нэгэн хариуцлага хүлээх цаг хэдийн болсон санагдаж байна. Хариуцлага гэдэг жирийн алба хаагч, хянагчдаас гадна хамгийн түрүүнд энэ байгууллагыг бодлогоор зохицуулж, шууд удирдаж байдаг дарга, сайд нарт хамгийн түрүүнд хамаарах ёстой. Ямар ч хэрэгт жирийн алба хаагчид ямагт буруутгагдан хохирч, дарга удирдлагууд нь сугарч, цэвэр үлддэг жишиг энэ удаад ч гэсэн давтагдах бололтой. Магадгүй буруутай ч байсан гурав, дөрвөн хүнийг халснаар хариуцлага дархлагдаж, дахин ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Бусад орны жишгээс харахад шууд удирддаг сайд, дарга нь нийгмийн өмнө хариуцлага хүлээж, нийтээс уучлалт гуйж, өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг ёс зүй, ёс суртахуунтай байдаг юм билээ. Харин Монголд доод албан тушаалтнуудаа халчихаад “Надад ямар ч хамаа байхгүй” хэмээн хэнэггүй суух дарга нар олон. Энэ бичигдээгүй хууль хэзээ өөрчлөгдөх бол.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих