Жеймс Камерон: Сайн кино хийхэд технологи тийм ч чухал биш

JamesCameronЖеймс Камерон. Пандора гарагийн өвөрмөц цэнхэр иргэд. Хүн дүрст роботод дурласан өсвөр насны жаал. Мөсөн уул мөргөн сүйрсэн хөлөг онгоц. Зөвхөн түүний л зүрхэнд амилсан санаа өдгөө дэлхийн кино урлагт нэгэн тод өнгө болж буй. Дэлхийн кино урлагийн зах зээлд сүүлд бүтээсэн “Алита” нь сахиусан тэнгэр мэт л цойлсоор байна. Одоогоос яг нэг жилийн өмнө Нью-Йоркийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь сийрүүлэн хүргэе.


-Камерон, гайхалтай бүтээлч кино хийхэд таныг яг юу хөтөлсөн бэ?

-Би ер нь л хүүхэд байхаасаа хүмүүсийг алмайруулах зүйл хийхийг хүсдэг байсан юм. Тухайн үедээ дэлгэцэд гарсан Рей Харрихаузений кино Стенли Кубрикийн “2001: Сансрын Одиссей” киног үзээд алмайрч байлаа. Хэд хоног энэ кинонуудыг бодон нойргүй хонодог байсан. Тэд төсөөлж боломгүй зүйлсийг бодит болгон дэлгэцэд гаргаж чадсанаараа, улиг болсон хэвшмэл ойлголтыг эвдэн шинээр сэтгэж чадсан нь магадгүй намайг алмайруулсан байх.

-Бүр хүүхэд байхаасаа юу?

-Тэгэлгүй яахав. Чихрийн цаасан хайрцгаар робот хийдэг байлаа. Ер нь л нэг тиймэрхүү зүйл хийдэг байсан юм. 10 настай байхдаа онгоц хийж байснаа гэнэт саначихлаа. Байрныхаа араас банз олоод хөршийн жаалтайгаа хамт өдөржин онгоц хийсэн юм даг. Мэдээж нисээгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нь бид модонд дүүжлээд орхичхож билээ. Хүүхэд байхад магадгүй одоо ч тэр технологи, робот, дуран авай зэрэгт дуртай байсан. Энэ төрлийн зүйлд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй. Ахлах сургуульд ихэнх хүүхэд хөлбөмбөгийн эсвэл сагсан бөмбөгийн багт багтахыг хүсдэг бол би шинжлэх ухааны дугуйланд хамрагдахыг хүсдэг байлаа. Энэ хүсэл маань биелж би бүр шинжлэх ухааны дугуйлангийн дарга болсон шүү. Гэхдээ манай дугуйланд Чехээс ирсэн нэг охин судалгааны хархнууд л байсан юм. /инээв/

-Хүүхэд байхдаа технологи, роботод дурлаж байсан чинь одоо ч гэсэн нөлөөлж байгаа гэж хардаг. Бяцхан жаалын тэр их хүсэл одоо ч таны дотор байгаа юу?

-Мэдээж хэрэг. Би одоо ч шинжлэх ухаанд хорхойссон бяцхан жаал хэвээрээ байгаа! Кинонд би үнэхээр дуртай, зүрх сэтгэлээсээ хайрладаг. Хөгшин болсон хойно ч би дурлалаасаа урвахгүй. Би үргэлж шинийг хайж, эрэлхийлж явдаг. Дэлхийн хамгийн гүн далайгаас тэртээ цаг үед осолдсон Титаникийг эрж хайхад ч роботыг ашигласан. Мэдээж кинондоо үүнийг буулгах маш хүнд байсан л даа. Бидэнд байгаа технологи тэр их гүнийг даах эсэх нь эргэлзээтэй байсан. Гэвч би технологийн элдэв янзын асуудлуудад дуртай. Хүнд хэцүүг шийдвэрлэхэд их гоё мэдрэмж төрдөг юм. Элдэв янзын машин зохион бүтээж түүнийгээ кинондоо ашиглах дуртай.

-Та яг ямар үедээ сэтгэл хангалуун байдаг вэ? Кино хийхдээ юу, элдэв шинэ зүйлийг эрж хайж явахдаа юу?

-Хоёуланг нь гэж би хэлнэ. Би амьдралаа энэ хоёр зүйлтэй л холболоо шүү дээ. Би ээж, ааваасаа л энэ бүгдийг өвлөж авсан байх гэж боддог. Учир нь миний аав инженер хүн байлаа. Маш ухаантай логик сэтгэлгээ сайтай хүн байсан. Харин ээж маань уран бүтээлч хүн байв. Магадгүй бүх урлагийн дотроос кино урлаг технологитой илүү авцалддаг байх. Тухайн жүжигчний сэтгэл хөдлөлийг техникээр дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Нэг ёсондоо тухайн уран бүтээл таалагдах, эс таалагдахыг технологи шийдэж байгаа хэрэг. Би өгүүлэх гэж буй санаагаа инженер сэтгэлгээгээр гаргахыг хүсдэг.

Чи боддоо. Далайн гүний судалгаанд шинэ техник ашиглаж, тэр шинэ техник нь киног шинэ шатанд гаргаж, киноны санааг улам баяжуулж байгаа. Ердөө л энэ шүү дээ.

-Нэг ёсондоо таных л гэж хэлж болох шинжлэх ухааны уран зөгнөлт кино төрдөг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Би сайн кино хийхийн тулд түүнийг хийж болох эрэл хайгуул, судалгаанд юугаа ч өгөхөд бэлэн. Тэгж байж Холливудад үнэлэгдэх шинэ кино төрөн гардаг юм. Үнэхээр сайн кино хийе гэж бодож байгаа л бол хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйлд гэрэл тусгаж, түүнтэйгээ уялдуулан баримтаа цуглуулах ёстой. Магадгүй шинжлэх ухаан талаас нь шинийг эрэлхийлсэн байж болно. Энэ бол зөвхөн кино хийх тухай зүйл биш  дээ. Энэ бол үүнээс ч агуу зүйл.

-Эрэлхийлэгч чанар тань сайн найруулагч болгосон гэж таны ярианаас ойлголоо…?

-Эрэлхийлэгч шинж чанар зөвхөн надад байдаг юм биш. Би үүнийг кино хийх багийнхандаа сайн ойлгуулахгүй бол болохгүй. Заримдаа би хэрвээ багийнхан үүнийг ойлгоогүй бол Титаник кино хэрхэн бүтэх байсан гэж боддог шүү. Манай багийнхан л сайн ажилласан болохоор миний санаа тэгж амилсан хэрэг. Би элдэв янзын технологи, удирдлагатай төхөөрөмж дээр багийнхнаасаа арай илүү л ажилласан байх. Гэхдээ энэ бол надтай холбоотой зүйл биш шүү дээ. Тэр бүгдийг дэлгэцэд гаргахын тулд кинонд ажиллаж байгаа хүн бүр үүнийг ойлгож хамтдаа хийх ёстой.

Кино хийнэ гэдэг бол шат, шатаар, алхам алхмаар хийдэг үйл явцын цогц юм.

-Сайн кино хийе гэвэл ирээдүйд технологи дээр суурилах хэрэгтэй болох нь ээ?

-Би ч бас бага залуу байхдаа тэгж боддог байсан. Гэхдээ сайн кино хийхэд технологи тийм ч чухал биш. Сайн зохиол бол сайн зохиол л байдаг.  Би 1940-өөд оны олон кино үзэхэд энэ бодол маань улам батлагддаг юм. Касабланкаг сана л даа. Өнөөдөр энэ киног бут цохих сайн зохиол төрөх үү? эргэлзээтэй шүү дээ. Хүний зүрх сэтгэлтэй холбогдож чадсан ямар ч кино үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг. Технологи бол илүү сонирхолтой болгох хүчин зүйлсийн ердөө нэг нь.

-Сайн кино зохиолын үндэс нь юундаа байдаг юм бэ?

-Сайн кино зохиол гаргая гэвэл дүр нь цөөн байх ёстой. Олны хэсэг нь үндсэн санаатайгаа уялддаг байх ёстой. Кино зохиолыг дэлгэцэд гаргахад хамгийн хэцүү нь дүр хоорондын харилцааг уялдаатай байлгахад оршдог. Гол дүр тухайн зохион аль нэг дүртэй нягт холбоотой байх ёстой. Магадгүй охин-хүү, аав хүү, нөхөр-эхнэр хоёрын харилцаа ч байж болно шүү дээ. Тухайн зохиолыг дүр хоорондын харилцаагаар улам баяжуулж болдог.

Угтаа бол миний бүх кино хайр дурлалын л сэдэвтэй шүү дээ.

-Тийм гэж үү, “Харийнхан” хүртэл үү?

-“Харийнхан” бол ээж охин хоёрын харилцаа биш. Гэхдээ тухайн дүрүүдээр бий үүнийг мэдрүүлэхийг хүссэн. Төгсгөл нь “Титаник” шиг үзэгчдийг шимшрүүлэм биш хэдий ч үзүүлж буй дүрслэл, дүр хоорондын харилцаа нь “хайр” гэдэгтэй л уялдаж байгаа хэрэг.

-Та бусад найруулагчдыг бодвол хойрго талдаа хүн. Та кино урлагт 30 жилийг зарцуулсан мөртлөө бүрэн хэмжээний ердөө долоон кино найруулсан шүү дээ?

-Тийм шүү. Би дотроо орчин, дүрслэл, кино зохиолыг хэрхэн хүргэх вэ гэж бодож явдаг. Хэдийгээр зөвхөн долоон кино хийсэн байж болох л өдөр бүр л энэ киноны зохиолыг хэрхэн сайжруулж, юу өгүүлж болох вэ, л гэж бодож явдаг. Энэ бол миний ажиллах арга барил гэх үү дээ. Би 1968-1988 онд 20 жилийн хугацаанд бодож байж “Хавцал” гэдэг кино хийсэн. Их сургуульд байхаасаа эхлээд бодсон гэсэн үг. “Аватар” киног ч мөн адил төдий хугацаанд магадгүй түүнээс ч урт хугацаанд дотроо төсөөлсөн юм. Бодож сэтгэж чадаж байгаа л бол үүнээс ч урт хугацаанд дотроо төсөөлж чадна.

Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.