Хүүхдийн тоглоомын төвүүд гуравдугаар сарын 1-ээс эхлэн ажиллаж эхэллээ

390

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн тоглоомын төвүүд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж хотын даргын захирамжаар хүүхдийн тоглоомын төвүүд болон хүүхдэд үйлчлэх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хугацаагаар түр зогсоосон билээ. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, концерт, үзвэр үйлчилгээ, ресторан, нийтийн хоолны газраар 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгосон юм.

Харин НЗДТГ-ийн хуулийн хэлтсээс “Захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төв, зарим үйлчилгээний газруудаар бага насны хүүхэдтэйгээ хамт үйлчлэх боломжтой. Захирамжийн хугацааг сунгах шийдвэр гараагүй” хэмээн мэдээллээ.

Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагуудаас бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулан, хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газруудаар аль болох дагуулах явахгүй байх, улирлын шинж чанарт тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх, болзошгүй эрсдэл болох амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулж байгаа юм.

Fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих