Согтууруулах ундаагаар үйлчилдэг 140 аж ахуйн нэгжийн эрхийг хасав

Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Ч.Ганболд шинэ он гарсаар эрүүгийн нөхцөл байдал нийслэлд ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 10 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт хэргийн илрүүлэлт 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шинэ он гараад 10 гаруй хонож байхад нийслэлд 387 гэмт хэрэг гарч бүртгэгдсэний 326-гийнх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Үлдсэн 61 хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй. Сүүлийн үед хүч хэрэглэсэн буюу бусдын амийг санаатай хөнөөх, танхайрах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Он гарсаар бусдын амийг санаатай хөнөөх хэрэг гурав гарчээ.

Тухайлбал, 54 настай төрсөн эцгийгээ 24 настай охин нь согтуудаа хутгалж хөнөөгөөд амиа хорлохыг завдсан байна. Золгүйгээр 58 хүний амь нас хохирсныг анхааралдаа авахгүй өнгөрч болохгүй нь. Гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл яах аргагүй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Нэг согтуу эр хашаа давж байгаад халтирч, гадсан дээр унаж нас барсан.

Сонгинохайрхан дүүрэгт 47 настай Г гэртээ 10 настай хүү О-гийн хамтаар угаартаж нас барсан явдал энэ сарын 11-нд гарчээ. Мөн өдөр Баянгол дүүргийн VIII хорооны 11 дүгээр байранд өрөө түрээслэн тохижуулж, хууль бус покер тоглоомын газар нууцаар ажиллуулж байсныг илрүүлэн шалгаж байна” гэлээ.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагынханд хатуу хариуцлага тооцож буй гэнэ. Цаг хэтрүүлэн ажиллаж буй баар ресторан, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хасуулах саналаа холбогдох байгууллагад нь гаргаж байгаа гэнэ. Өмнө нь торгоод өнгөрдөг байсан бол сүүлийн үед согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг нь хасаж байгаа аж. Цагдаагийн мэдээллээр 140 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих