ЕРӨНХИЙЛӨГЧ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХЫГ ДЭМЖЛЭЭ

Б.Гансүх
Монгол төрийн ажлын хойш татаж, муу муухай, бохир зүйлийн уурхай болоод байгаа байгууллага бол намууд гэдгийг төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олон минь ойлгож, ярьж байна. Бас биеэрээ мэдэрч байна. Өмнөх 70 жилд монгол орон намт-төрөөр удирдуулж байсан бол өнөөдөр ч мөн л хэвээрээ намаасаа дэндүү хамааралтай амьдарч байна. Нам харж ажилд авдаг. Нам харж албан тушаал томилдог. Энэ бол манай нийгмийн гажуудал. Энэ улс төрийн нам гэх байгууллагуудын төлөвшилгүйтэй холбоотой юм.
Үүнийг Монгол улсын ерөнхийлөгч Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ тодорхой гаргаж ирсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Нам бол манай нийгмийн хамгийн чухал зүйл биш. Нам бол байх боломжтой олон байгууллагын нэг. Намаас чухал үнэ цэнэтэй эрх ашиг гэж монголчуудад бий. … Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын “толгой хоргоддог”, өсөж үрждэг ч газар биш” хэмээн онож хэлсэн юм.

Өнөөдөр монгол улсын бүхий л  үйл ажиллагаас намаас дэндүү хамааралтай байна. Тиймээс өнөөдөр нам тойрсон асуудал манай нийгмийн шийдэх чухал асуудлуудын нэг болоод байгааг төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцолсон юм. Төрийн байгууллагуудад нам харж ажилд авдаг байдал хэвийн үзэгдэл болжээ. Мөн хөдөө сум орон нутагт хамаатан саднаараа нэг сумыг бүхэлд удирдаж байгаа явдал ч түгээмэл болсон байна. Энэ нь манжийн үеийн засаг ноён шиг л дураараа авирлах нөхцлийг бүрдүүлж, улмаар хариуцлагагүй байдлыг бий болгож байна.

Хүнийг үзэл бодол, улс төрийн сонирхлоос нь болж хавчин боож болохгүй. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл. Хүний эрх, эрх чөлөөг алхам тутамдаа зөрчиж байгаа бол ардчиллын тухай ярих ч шаардлагагүй болж байгаа юм. Гэтэл энэ бүхний үндэс бол намууд гэдгийг энгийн иргэдээсээ эхлээд төрийн тэргүүн нь хүртэл мэдэрч харж, хүлээн зөвшөөрчээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “… Намаараа талцаж амжилт ололтоо өмчлөх гэдэг хуучнаасаа бид салж чадаагүй байна. нам өмчлөх ёсгүй, нам хамаарах ёсгүй зүйлүүд аливаа иргэншсэн улс үндэстэнд байдаг” хэмээн өнөөгийн улс төрийн намууд тэр дундаа цөөн хэдэн намуудын хэт гажуудлыг хэлсэн юм. Нам бүтээдэггүй харин ард түмэн бүтээдэг.  Ард түмэн хөдөлмөрлөж баялгийг бүтээдэг. Харин нам хөдөлмөрлөх, бүтээх нөхцөл бололцоог нийгэмд бий болгодог гэдгийг онолчид хэлсэн. Гэтэл үндэстний бүтээн байгуулалт, үндэстнийхээ түүх соёл, хүн төрөлхтний үнэт зүйл болсон ардчилал зэргийг өмчилж, хоорондоо түүгээрээ өрсөлдөж байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс зэрэг хүн төрөлхтний үнэт зүйлүүд монголын нийгэмд нутагшиж чадалгүй замхран арилаж, улмаар улс үндэстнээрэ үүргээ умартаж, эрхэлсэн байдлыг бий болгож байна. Алдаа завхрал гаргасан ч намын нөөлөг дор орж нуугддаг, хариуцлагаас мултардаг, хамгаалагдан үлддэг зэрэг нь өнөөгийн нийгмийн бодит нүүр царай. Нам нэртэй улс төрийн байгууллага өнөөдөр зөвхөн бизнесийн байгууллага болсон төдийгүй хэрэг хийсэн нөхдүүдийн хамгаалагдан, нуугдах оромж болснийг иргэд харж байна бас шүүмжилж байна. Үүнийг төрийн тэргүүн ч бас хэлж байна.

Шинэ нийгэмд хуучин намууд нэгэнт оршиж чадахаа больжээ. Улс төрийн намууд нь баруун, зүүнээ мэдэхгүй, улс төрийн онолгүй. Зөвхөн л хувийн  төсөөлөл, санаагаараа үйл ажиллагаа явуулж байна. товчхондоо монголын улс төрийн намууд 90 настай нь ч, 20 настай нь ч, 5 настай нь ч төлөвшиж чадсангүй.

Ерөнхийлөгч энэ бүхнийг шийдэх шийдэл бол намуудыг татан буулгах гэжээ.  Хэрхэн яаж  татан буулгах өөрийн санлаа ч илэрхийлсэн. Тэрээр улс төрийн намуудыг тараах болсон үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.  Тэрээр хэлсэн үгэндээ “ … Улс төрийн намын тухай ойлголт түүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг зорилт, үйл ажиллагаа нь өнөөгийн бөгөөд ирж яваа цагийн шаардлагад нийцэхээ байжээ… … Шинэ цаг үе шинэ шийдлийг, шинэ зохион байгуулалтыг, шинэ намыг, шинэ бодлогыг шаардаж байна. Шинэ улс төр гэдэг бол асуудлын шийдлийг шинээр харахыг, шинэ арга барилыг, шинэ өнгө төрхийг хэлдэг юм. Эхлээд намын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно…” хэмээжээ.

Гэхдээ энэхүү үйл ажиллагаагаа хэзээ хийх вэ?. Одоо сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа  байна. Сонгуулийн өмнө л энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Хэрэв амжуулахгүй бол сонгуулийн дараа бол нэгэнт оройтно.

Гэхдээ намуудыг татан буулгаад, эргэж шинээр бүртгэсэн чанаргүй өөрчлөлт хийж ард түмнийг толгойг эргүүлэхгүй байх хэрэгтэй. Харин өнгөрсөн хугацаанд төр барилцаж хариуцлагагүй ажилласан нөхдүүдтэй хариуцлага тооцох учиртай юм. Ингэж л цэвэрлэхгүй бол хэзээ ч амжилттай цэвэршихгүй. Энэ л цэвэрлэгээг хийж байж монголын төр жинхэнэ ард түмний төр болно доо.


URL:

Сэтгэгдэл бичих