С.Баясгалан: ШХАБ-д элслээ гэхэд хоёр хөршөөс бодлогын шахалт ирэхийг үгүйсгэхгүй

434

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа. 

-Монгол Улс ШХАБ-д 14 жил ажиглагчийн статустай оролцож ирлээ. Цаашид ямар байр сууринаас хэрхэн оролцох ёстой вэ гэдэгт улстөрчид болоод мэргэжлийн хүмүүс тал бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд хэрхэн харж байна?

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх талаар гурван төрлийн байр суурь яригдаж байна. Хугацаа алдаж байгаа учраас нэн даруй элсэх хэрэгтэй гэх хүмүүс байхад зарим нь орох шаардлагагүй гэж байна. Харин миний хувьд бол одоохондоо элсэх цаг нь болоогүй гэж үзэж байгаа. манай улс ажиглагч хэвээрээ байхад алдах зүйлгүй. 2017 онд болсон ШХАБ-ын хурлаар худалдаа эдийн засгийн интеграцийг бий болгохыг зорьсон. Манай улсын нэн тэргүүний бодлого бол худалдаа эдийн засгийн интеграцид орох. Гэтэл бидний ойр тойронд ямар ч интеграци алга. Хамгийн ойр нь АПЕК. Харамсалтай нь шинээр гишүүн элсүүлэхгүй гэж байгаа. Монголын хувьд ч Номхон далайн орон гэхээс илүү Төв Азийн орон учраас боломжгүй. Өөр ойрхон эдийн засгийн интеграци байхгүй. АСЕМ зүгээр дээд хэмжээний уулзалт болохоос эдийн засгийн интеграци биш.

Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн ямар ч интеграцийн хэмжээнд очсон харилцаа байхгүй. ШХАБ-д төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж, тохиролцсон боловч хэрэгжиж өгөхгүй байна. Учир нь ШХАБ-ын гишүүн орнууд өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, нэгдсэн байр сууринд хүрч өгөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын гол хоёр гишүүн болох Орос, Хятад улс зарим нэг ашиг сонирхол, бодлогын хэмжээнд тодорхой үр дүн нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Үүнээс болоод олон жил яригдаж байгаа төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй байгаа.

-Элссэн улс орнуудын эрх ашиг зөвхөн аюулгүй байдлын хувьд  нэгдэж байгаа юмуу. Тэгвэл бид ШХАБ-аас юу хүлээх вэ?

-Орос, Хятад болон дундад Азийн улс орнуудын эрх ашиг нэгдэж байгаа ганцхан зүйл нь терроризмын эсрэг үйл ажиллагаа юм. Тэнд террорист халдлага, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэл  гэсэн гурван аюул байгаа. Энэ гурван аюул учирч байгааг ШХАБ-ын бүх гишүүн улс орнууд мэдэж байгаа учраас энэ чиглэлээр л дорвитой үйл ажиллагаа явуулж байна. Тэр дундаа ШХАБ-ын хүрээнд бодитой хэрэгжээд, сайн явж байгаа зүйл нь бүс нутгийн терроризмын эсрэг тэмцлийн байгууллагын үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд бүх улс орнуудад төрөл бүрийн судалгаа, хамтарсан сургалт семинар хийдэг. Манай улс ч гэсэн ажиглагч гишүүнийхээ хувьд оролцож мэдээлэл, туршлага солилцож оролцдог.

Бидэнд ШХАБ-ыг эдийн засгийн хувьд интеграци болох уу гэдэг нь чухал байгаа юм. Мөн бас нэг асуудал байгаа нь монголчууд Дундад Азийн орнуудаас юу авч, нийлүүлэх юм бэ. Дундаж Азийн орнууд болон Монголын хувьд харилцаа холбоо төдийлөн байхгүй. Худалдааны салбарт зарим нэг хүнсний жижиг бүтээгдэхүүн байхаас өөрөөр дорвитой зүйл алга.  Тиймээс харилцааны хамгийн гол түнш болсон хоёр хөрштэйгээ нягт хамтран ажиллах хэрэгтэй. Хоёр хөрштэй харилцаагаа өргөжүүлэхэд ШХАБ-д элссэн эсэх нь нэг их ач холбогдолгүй.

ШХАБ-д хоёр их гүрний нөлөөгөө бэхжүүлэх өрсөлдөөн явж байна. ОХУ-ын талаас Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын талаас Нэг бүс нэг зам санаачлага байна. Манай улс заавал ШХАБ-д элсэхгүйгээр  Евразийн эдийн засгийн холбоо, Нэг бүс нэг зам санаачлагын алинд ч хамрагдаж, тэр орон зайд нь ороход болно. Тухайлбал, Төв Азийн орнуудтай харилцах болоод  Европоос авч байгаа бүтээгдэхүүнээ Оросоор дамжуулья гэж бодоход Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэхэд болно. Энэ мэтээр хоёр юм уу гурван талт харилцааны гэрээ баримт бичиг байгуулахад хангалттай.

Ер нь улс орнууд Монгол шиг хэрэгтэй хэрэггүй байгууллагуудад орох байдлаар ханддаггүй. Өнөөгийн нөхцөл байдалд ашигтай эсэх нь үл мэдэгдэх олон улсын ямар нэг байгууллагад элсч л байвал болно гэсэн маягаар биш бодлогын чанартай, өөрийн улсын эрх ашигт нийцэхийг нь судалж, харж байж ордог. Тэгэхгүйгээр бүс нутгийн байгууллага гээд элсэх нь учир дутагдалтай.

-ШХАБ-д элсчихлээ гэхэд ямар сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй вэ. Мөн буцаад  гарах боломжтой юу? 

– Гарах эсэх нь дүрмээрээ чөлөөтэй. Аливаа улс орныг хүчилдэггүй. Гэхдээ улс орны бодлого тоглоом биш шүү дээ. Элслээ, гарлаа гэх нь утгагүй. Тиймээс олон талт маргаан мэтгэлцээн явуулж, сайн бодож судлах хэрэгтэй. ШХАБ-д элсэхийн оронд хоёр хөршийн дэвшүүлж байгаа хөтөлбөр, төслөөр нь гэрээ байгуулж, илүү үүрэг хүлээхгүйгээр явах нь одоохондоо бидэнд ашигтай.

Элслээ гэхэд ШХАБ-ын дүрмийг баримтална. Мөн хоёр хөршөөс Монголын бодлогод шахалт ирэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, хэдийгээр зөвшилцлөөр бүхнийг шийдвэрлэнэ гэж байгаа ч Киргизийг эс тооцвол Дундад Азийн ихэнх орнууд ямар дэглэмтэй билээ, ямар хэмжээнд хөгжсөн орнууд байгаа билээ. Хэдийгээр Монгол санаачлага гаргах эрхтэй болох боловч олонхиороо хэлэлцээд зөвлөмжийн чанартай ч юм уу шаардлага тавихад бид дагах л хэрэгтэй болно. Үүнээс харахад Ази номхон далайн бүс рүү гол анхаарлаа хандуулж байгаа манайх шиг улсын хувьд гуравдагч хөршийн буюу энэ чиглэлийн бодлого суларч болно.

Нөгөө талаас ШХАБ-ын дүрэм болон гишүүн орнуудтай зөвшилцөж олонхийн саналаар гаргасан бодлогыг дагах үүрэг хүлээнэ. Ийм үүрэг хүлээхээр гуравдагч хөршийн улс орнуудтай өнөөгийн хэмжээнд харилцах уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Хэдийгээр даяаршсан нийгэмд нэг улс нөгөөдөө шууд тулгалт хийхгүй ч өнөө үед тойруу замаар юмуу, ямар нэг хөшүүргээр дарамт, шахалт үзүүлэх бодлого түгээмэл болсон. Монгол Улсын хувьд өнөөдөр терроризмын юм уу салан тусгаарлах аюул бодитоор нүүрлээгүй байгаа, өөрөөр хэлбэл тулгамдсан асуудал биш. Мөн ШХАБ худалдаа эдийн засгийн бүрэн хэмжээний интеграци болоогүй байгаа учраас Монголын эдийн засагт  хувь нэмэр оруулахуйц нөлөө бүхий улс орон хоёр хөршөөс өөр алга. Тиймээс элсч орно гэж яарах хэрэггүй гэж харж байна.

 -Элслээ гэхэд ямар идэвхитэй үйл ажиллагаа явуулах болох вэ?

-Дүрмэнд зааснаар дурын гишүүн идэвхитэй үйл ажиллагаа явуулж болно. Дундад Азийн зарим нэг улс орнууд “Оросын зөвшөөрөлтэйгөөр” терроризмын эсрэг хамтран тэмцэх хүрээнд Америкийн цэргийн баазыг байгуулж байсан. Сүүлд Орос, Хятад хоёроос шахалт ирснээр АНУ-ын баазыг хаасан. Албан ёсоор юм уу ил хэлбэрээр хэлэхгүй ч тодорхой хэмжээнд шахалт ирнэ. Ганц ШХАБ биш Европын холбоо ч гишүүн орнууддаа шахалт үзүүлдэг. Улс орнууд эдийн засгийн интеграцийнх нь үүднээс элсч байгаа ч Европын холбооны бодлогын хүрээнд гадны цагаачдыг хүчээр авахад маргаан гарч, шахалт ирсэн. Яг ийм зарчим ШХАБ-д ч үйлчилнэ. Нэгэнт дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн бол дагах л ёстой. Дотроо зөвшилцлийн үүднээс санаагаа илэрхийлж болно.

-Сүүлд элссэн Энэтхэг, Пакистан ч юм уу ер нь ШХАБ-д элссэн орнуудад ямар өөрчлөлт, үр өгөөж гарч байна вэ?

-Энэтхэг бол бүс нутагтаа том гүрэн. Монголтой харьцуулах аргагүй нь мэдээж. Энэ утгаараа  геополитикийн тоглолт харагдаж байна. Энэтхэг ШХАБ-аас ямар нэг эдийн засгийн ашиг хараагүй. ШХАБ-аас үл хамааран далайд гарцтай, бусад улс оронтой чөлөөт эдийн засгаар харилцаад ирсэн улс. Хамгийн гол нь бодлого дээр нь үндэслээд Хятадыг хараанаасаа алдахгүйн тулд ШХАБ-д элсч байгаа юм. Энэтхэг элссэн учраас Хятад Пакистаныг гишүүн болоход нь дэмжсэн. Хятад, Энэтхэгийн хооронд газар нутгийн маргаанаас эхлээд улс төр, геополитикийн шинж чанартай томоохон асуудал яригдаж байгаагаас биш эдийн засаг, хөгжил яригдаагүй.

Олон улсын харилцаанд улс орон бүр бүх зүйлийг өөрийн эрх ашгийн үүднээс сайн судалж, тооцоолж байдаг. Бидэнд ашигтай болоод аюулгүй байдлыг хөндөхөөр зүйлс юу байна гэдэг үүднээс шийдвэрээ гаргадаг.

-ШХАБ-ын туулж ирсэн замналыг харвал ихэнхдээ цэргийн эвсэл, терроризмтой холбоотой. Цаашид энэ байгууллага хэрхэн хөгжих бол. Манай улс хэр хугацаанд ажиглагчийн статустай явах вэ?

-Анх гишүүн орнууд нь ШХАБ байгуулагдана гэж бодоо ч үгүй байсан. ОХУ, Хятадын хоорондох хилийн маргааны асуудлаар харилцан зөвшилцөж, хил орчмын аюулгүй байдлын асуудлаар Шанхай хотноо гэрээ байгуулсан. Анх хоёр орны гэрээ байсан бол Дундад Азийн гурван орон  нэмэгдэж орсноор “Шанхайн тав” болсон. Хожим нь Узбекстан нэгдэж ШХАБ болсон. ШХАБ байгуулагдсаны дараа цааш оршин тогтнохын тулд амбицитай том зорилго тавих зүй ёсны шаардлага тулгарсан. Гэтэл ШХАБ-ын зорилго жижигдэж, цаашид яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Ийм харьцуулалтыг НАТО-той хийж болно. НАТО-гийн гол зорилго ЗХУ-ыг тогтоон барих байсан ч зорилго нь уначихаар цаашид яах вэ гэдэг асуудал гарч ирсэн учраас дайсан хайж эхэлсэн. НАТО-гийн үндсэн хөтөлбөр нь Оросыг аль болох муухай харагдуулах юм. Энэ нь эдийн засгийн интеграци биш цэргийн эвсэл холбоо учраас зорилгогүй болж тарж унах эрсдэлтэй байсан. Үүнтэй адилтгавал ШХАБ-т дайсан байхгүй. Геополитикийн өнцгөөс харвал АНУ тэргүүтэй барууны нөлөөг Дундад Ази руу оруулж болохгүй гэдгийг хоёр улс мэдэж байгаа учраас ШХАБ-ыг байгуулсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зорилго байхгүй. Хоёр том гүрний дундуур  Дундад Ази руу Америк тэргүүтэй орнууд орох хоосон орон зайг ШХАБ-аар бөглөж байгаа юм. ШХАБ-ыг илүү алсын хараатай, том зорилготой болгохын тулд дан ганц аюулгүй байдал батлан хамгаалахаар хол явахгүй гэдгийг ойлгосны үндсэн дээр  ШХАБ-ын улс орнуудын хооронд дэд бүтэц, ложистикийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Худалдаа, эдийн засгийн нэгдмэл орон зай больё гэж байгаа ч Орос, Хятад өөрсдийн ашиг сонирхлын нөлөөг тэлэх болохоос биш яг интеграци болохгүй байгаа юм. Мөн 2010 оноос хойш ШХАБ-т бүс нутгийн хөгжлийн банк байгуулах санаа гарсан ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Ярианы түвшинд л байна. Үүнд бүс нутаг дахь хоёр их гүрний амбици саад болж байна. Гэтэл энэ хооронд хятадууд дэд бүтцэд хөрөнгө оруулах хоёр ч банк байгуулчихлаа.

-Тэгвэл ШХАБ-ыг эдийн засгийн интеграцитай болтол нь хүлээх ёстой юу. Зарим судлаач, шүүмжлэгчид гадаад бодлоготой холбож тайлбарлаж байна?

– ШХАБ эдийн засгийн интеграцитай боллоо гэхэд Дундад Азийн орнуудаас бид юу авах юм бэ. ЗХУ-аас тусгаар тогтноод удаагүй, эдийн засгийн хөгжил өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал маш сул байна. Санаачлагууд гаргасан ч гэсэн Хятад, Оросын ашиг сонирхол зөрчилдөөд эдийн засгийн интеграци болж өгөхгүй байна.

Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл бол гадны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаар болж өгвөл татваргүйгээр чөлөөтэй харилцахад чиглэдэг. Үүний дагуу гадаад бодлогыг эдийн засагжуулах бодлого хүртэл гаргасан.

-Манайд ашиггүй байхад эрх бүхий хүмүүс, дипломатчуудаас эхлээд элсэх талаар шахаад байгаа нь улс төрийн ашиг сонирхолтой холбоотой гэсэн үг үү?

-2004 онд Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч болсон. Хамгийн гол нь Монголд зориулж ажиглагчийн статусыг гаргасан. Тусгаар улсад тулгаж болохгүй учраас Орос, Хятад биднийг оруулах “зай” үлдээсэн хэрэг. Одоохондоо ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа гэдэг үүднээс энэ статусыг бий болгосны үндсэн дээр түүний дараа бусад орнууд ажиглагчаар элсч эхэлсэн. Энэ бол ШХАБ ирээдүйтэй учраас улс орнууд ар араасаа ажиглагчаас гишүүнээр элсч байна гэсэн пи-ар юм. Тиймээс зарим тохиолдолд мөн чанар биш хиймэл зүйл харагдаад байна. Хамгийн чухал нь манай улсын ашиг сонирхолд нийцэж байна уу гэдэг л байгаа юм. Үнэхээр л эдийн засгийн бодлогоо сайжруулаад хоёр хөрштэй харилцах боломжоо тултал нь ашиглаж чадвал аль нэг олон улсын байгууллагад элсэх гэж яарах шаардлагагүй.

Монгол Улс ШХАБ-д элсэх ганцхан ач холбогдол байгаа нь ирээдүйд шашны мөргөлдөөн юм уу терроризмын асуудал бодитоор нүүрлэхийн бол аюулгүй байдлын үүднээс орох л байх. Түүнээс одоо бол гадаад бодлогын нэн тэргүүний зорилт худалдаа, хөрөнгө оруулалтаар хөгжих. Үүнд нийцсэн юм одоогоор харагдахгүй байна.

-Сүүлийн үед манай улсын нэр хүнд олон улсад ямар байна вэ?

-Ардчилсан орон гэдэг утгаараа сайн байгаа. Манай дотоод байдлыг хөгжлийн процесс л гэж харж байгаа. Түүнээс том улс орнууд шиг бодлого гэж харахгүй.

Гадаадынхан зарим нь Монголд гадаад бодлого байна уу гэж ярьдаг. Гадаадынхан манай хууль эрхзүйн орчин тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдагт шүүмжлэлтэй ханддаг болохоос Монгол Улсын дэлхийд хэр нэр хүндтэй байх нь гол зүйл биш. Нэгэнт хөрөнгө оруулсан бол татах боломжгүй. Гэтэл нэг өдөр засаг солигдоод алдаатай хууль гаргасан байна гээд хууль өөрчлөөд байхад хөрөнгө оруулагчид хохирол амсч дахиж ирэхээ байдаг. Түүнээс хууль эрхзүйн орчин буюу тоглоомын дүрэм тогтвортой хэвээрээ байвал төр засгийн тогтвортой байх эсэх нь хөрөнгө оруулагчдад тийм ч чухал биш.

 “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих