Н.Чинзориг: “Мялаалга”

459

Хавар цагт хааяадаа тохиодог, таа муутай бүүдгэр өдөр Мөнхөөгийн сэтгэлийг гэгэлзүүлэн үймүүлнэ. Тэрээр хэсэг нөхөдтэй таарамж муутай салсандаа дэмий бухимдан “Амлалт ажил хоёр нь хол зөрүүтэй хүмүүс цагаа болохоор хаашаа ч хөрвөж болохгүй л дээ…” гэж амандаа бувтнана. Алжаалаа тайлан агаар амьсгалахаар машиныхаа цонхыг доошлуулав. Олон бужигнасан их хотын утаа униар ханхлаад цаанаа л нэг ёозгүй. Машиных нь өмнөх шил тоос тортогт дарагдаад өнгөтэй өөдтэй бүхэн ч зэгэлтэн сааралтана. Шил арчигчаа ажлуулсан боловч халтайлгаад олигтой болсонгүй. Мөнхөө ажил төрөл, энэ тэр гэж давхисаар байтал нэг л мэдэхэд машинаа ч цэвэрлэж амжилгүй нилээд уджээ. Харих замдаа “Машин угаалагын газар”-аар дайрч унаагаа гялалзтал угаалгав.
Байрны гаднах машины зогсоол хүрэлцээ муутай тул түрүүлж ирсэн нь бусдаас урьтаж унаагаа байршуулна. Мөнхөөг машинаас буух зуур араас нь хэн нэгэн хүн мэнд мэдэв. Дөрөвдүгээр давхарын залуу “Манайхны гадаа зогсоол олдохгүй хэцүү юм аа. Бас өглөө болгон цайныхаа дээжийг машинд минь өргөчихнө. Хүйтэнд арилахгүй төвөг удаад байх юм. Таны тэрэг ч гялалзаж байна.” гэхчлэн яриа өрнүүлэв. Өглөөхөн зогсоолын дэргэдэх шатан дээр “Шар эмгэн”-ийг цайныхаа дээжийг өргөж байсныг Мөнхөө харсан ч хошуу хүргэж залууд ховлосонгүй. “Хэн нэгэнд хэлмээр үг зөндөө л байдаг. Тэсээд хэлээгүйг минь ойлгохгүй найз нөхөд ч байж л байдаг. Настай хүн итгэл үнэмшил, сүсэг бишрэлээрээ цайныхаа дээжийг өргөж байхад олон юм ярьж сэтгэлийг нь үймүүлээд яахав. Итгэлийн дээд үнэн, сэтгэлийн дээд сүү гэдэг…” гэж эмгэнийг залуугаас өмөөрнө. Угаасан машины шил толь гялалзаж, өнгө нь тодроод шинэ юм шиг гялтагнана. Тэд яриагаа үргэлжлүүлсээр орц руу алхацгаав. “Арчилж тордох нь ч миний асуудал. Гэлээ гэхдээ бензин түлш, зогсоолын төлбөр, угаалга цэвэрлэгээ гэсээр өдрийн цалингаас эхнэр хүүхдэд үлдэх юмгүй болчихвол хэцүү биз дээ, Мөнхөө ах аа…” гээд асуудалд яаж хандах нуу гэсэн шиг чимээгүй болов. “Буян хураах гэж байгаа бол бусдад гай болж болохгүй л дээ!” хэмээн тал засч бөөрөнхий хариулав.
Маргааш өглөө нь ажил амжуулах санаатай Мөнхөө эртлэн босож гэрээсээ гарав. “Шар эмгэн” урьдын адил цайныхаа дээжийг өргөж байгаа харагдана. Өчигдөрхөн угаалгасан машин нь цагаан цоохор болчихжээ. Өмнө нь эмгэнд хэлж байгаагүй ч гэлээ энэ удаа үнэхээр хэлчихмээр санагдав. “Уг нь байгал дэлхийн олон амьтад сайхан сэтгэлт хүмүүний чанасан цайнд дурлан ундаасдаг юм гэнэ лээ. Өргөж байгаа дээжийн ганцхан дусал л, тэдний цангааг нь тайлдаг гэсэн. Хүн ер нь хийж байгаа үйлдлийнхээ утга учрыг мэдэж байж үйлдмээр юм…” гэхчилэн өөртөө үглэнэ. Чингэснээ машинаа асаангаа урд шилийг алчуур гарган арчив. Эмгэн Мөнхөөгийн дэргэд дөхөж ирээд “Уучлаарай миний хүү, би чиний машиныг муухай болгочихлоо. Эмээ нь арчаад өгье” гэв. “За даа, бараг арчаад дуусчихлаа…” гэж Мөнхөө хариу болгож дургүйцлээ даруухнаар илэрхийлэв. Эмгэн хариуг нь үл сонссон мэт яриагаа үргэлжлүүлнэ. “Чиний өмнө хоёр ч хүн шүүмжилж өнгөрлөө. Тэдний зөв л дөө. Гэхдээ чи юу ч хэлсэнгүй. Эмээ нь буруугаа сайн ойлгож байгаа. Одоо чинь байшин сав баригдаад барагтаа газраас нар мандахыг харахаа болих нь. Орчлон ертөнцийг гэрэл гэгээгээр гийгүүлж буй илчит нарандаа цайныхаа дээжийг өргөхгүй бол алдас болно. Дээр нь хөгшин хүн хаа дуртай газарлуугаа дэгдээд байж чадахгүй юм. Энэ шатны эндээс хангай дэлхий сайхан харагддаг. Тэгээд ч машин тэрэггүй орон зай ойр хавьд алга. Машиныг нь мялаачихсанд өршөөгээрэй, хүү минь. Эмээ нь сайхныг санаж, ерөөл өргөсөн болохоор өнөөдөр миний хүүгийн ажил үйлс нь өөдрөг явах болноо.” гээд үгээр аргадав. Тэр өдөр санаа дагаад ч тэр үү, Мөнхөөгийн бүх ажил амархан бүтээд байх шиг санагдана. Цайны дээж өргөх гэдэг “Хүчтэй засал” гэж өмнө нь сонсож байсандаа ч битүүхэн итгэв.
Түүнээс хойш Мөнхөө ажил төрлөө бүтээхийн тулд “Шар эмгэн”-ийг машин руу минь цайныхаа дээжийг өргөчихсөн байгаасай гэж нууцхан хүсэмжилнэ. Гэвч тэгсэнгүй. Харин хэд хоногийн дараа өглөө эрт нэгэн охин хөлс нь бурзайчихсан Мөнхөөгийн машиныг угааж байхыг харав. Охин “Уучлаарай ах аа, эмээ маань цайныхаа дээжийг таны машин руу санамсаргүй өргөчихсөн. Тэгээд намайг хурдхан гараад цэвэрлээрэй гэсэн юм” гэж их л сандрангуй тайлбарлав. “Зүгээр дээ, миний дүү. Угаасаа “бааран бор” болжморууд зөндөө мялаачихсан, халтайчихсан байсан юм. Харин ч ахынхаа машиныг цэвэрлэж өгсөн дүүдээ баярлалаа. Эмээдээ дэлгүүрээс сүү аваад ороорой.” гээд түрүүвчнээсээ мөнгө гарган охинд өгөв. Нүд нь гялалзсан сэргэлэн охин “Баярлалаа” гээд гэдрэг эргэн гүйн одов.
Тэр өдрөөс хойш “Шар эмгэн”-тэй зэрэгцэн үс гэзэг, өмссөн зүүсэн нь гоёмсог, өв тэгш нэгэн бүсгүй цайныхаа дээжийг өргөн зогсох нь Мөнхөөгийн эхнэр ажээ. “Хүмүүстэй эв найртай сайхан амьдрахын тухайд бусдыг хүндэтгэж чадах бурхан ухаан байх ёстой” гэдгийг “Шар эмгэн” бүсгүйд сургамжилна.
2018.06.05 Chinzo Namsrai Burhan Н.Чинзориг “Мялаалга” 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.