УИХ-гишүүн Н.Оюундарь 80 хувь эзэмшдэг компаниа өөрт хамааралгүй гэж мэлзэв

dbc5971c4026a9a967be4b1643d287b0Улсын төсвөөс нэн хөнгөлөлттэй ЖДҮХС-гийн зээлийг хувааж авдаг УИХ-ын гишүүдийн баримтуудыг бид цувралаар хүргэсээр  байгаа билээ. Энэ удаад тус сангаас хамаарал бүхий буюу хүүгийнх нь “Ред стар клуб” компани 800 сая төгрөгийн зээл авснаар албан тушаалтнуудын буухиаг УИХ-ын гишүүн Н.Оюундарь үргэлжлүүлж, баримтаар нотлогдсоныг эргэн сануулж байна.

Парламентад суудалтай эмэгтэй гишүүний нэг бол Н.Оюундарь. Тэрбээр ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон. Ингээд 2008-2014 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн дэд сайдаар ажиллажээ. Тэрбээр энэ парламентын гишүүдээс гэр бүлийн орлогоороо тэргүүлдэг нэгэн юм. Түүний гэр бүлийн нийт орлого нь жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөг хүрдэг аж. Мөн 350 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай, 830 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 216 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Одоогоор ‘Бльюмон’ ХХК, ‘Шөлөндөө’ ХХК, ‘Ньюбулл’ ХХК, ‘Сура хаус’ ХХК, ‘Цэ энд Цэ’ ХХК, ‘Нью Мохито’ ХХК, ‘Бльюмон Пропертийс’ ХХК, ‘Риаж’ ХХК, ‘Нарны эрхэс’ ХХК, ‘Бльюмон Катеринг’ ХХК, ‘Монгол шар Айраг Брювери’ ХХК, ‘Түрэлт’ ХХК, ‘Петротранс Топ’ ХХК, ‘Петротранс Дорнод’ ХХК, ‘Петротранс’ ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК, ‘Боб фрэндс’ ХХК-иудыг 30-100 хувийг эзэмшдэг байна.

УИХ-ын гишүүд дундаа ийн гэр бүлийн орлогоороо гуравдугаарт эрэмбэлэгддэг Н.Оюундарь гишүүний гэр бүл жижиг, дунд бизнес эрхлэгчид мөн үү гэсэн асуулт эрхгүй төрж байна. Эсвэл “Олигарх” баян гэгддэг Н.Оюундарь гишүүн жижиг, дундын зээлээс авахгүй л бол дутчих гээд байв уу. Үнэндээ хэдэн үеэрээ ч идэж барахгүй их хөрөнгө мөнгөтэй байж хэдэн борчуудын талхнаас хуваалцаж суухаасаа ичих хэрэгтэй. Даанч манай улстөрчдийн ичих булчирхай нь ажиллахгүй л дээ.

Зээлийн тухай УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэвлэлд өгсөн зээлийн талаарх тайлбартаа “Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан” гэсэн байдаг.

Гэсэн ч гишүүний 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй “Рэд стар клуб” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлжээ. Аливаа компанийн эзэмшлийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшинэ гэдэг нь “Рэд стар клуб” ХХК УИХ-ын гишүүн Н.Оюундарийн л компани гэсэн үг. Энэ бол бултах аргагүй үнэн.

Хэдийгээр ЖДҮХС-гаас зээлийг авсан түүний хүү С.Бат-Ерөөл 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр бүх зээлээ төлж барагдуулсан ч энэ бол жинхэнэ хүлээх хариуцлага биш. Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь халааснаасаа бэлэн 800 сая төгрөг гаргаад зээлээ төлөх чадвартай билээ. Хэд нь өндөр хүүтэй орон сууцны ипотек, цалингийн зээлтэй билээ. Хэд нь халаасандаа талхны мөнгөтэй байгаа билээ. Эрх мэдэлтнүүд энгийн ардаар үнэхээр тохуурхаж чадаж байна.

Тэгвэл Н.Оюундарийн хүү С.Бат-Ерөөл хэлэхдээ “Миний 80 хувийн хувь эзэмшдэг “Рэд Стар Клуб” ХХК ЖДҮХС-тай 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж, зургадугаар сарын 11-нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах дөрвөн улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор хангах төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч сүүлийн өдрүүдэд сошиалаар явсан ЖДҮХС-тай холбоотой асуудал, цаг үеийн байдлаас шалтгаалж 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр зээлийг хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа. Миний ээж УИХ-ын гишүүн Г.Оюундарь манай компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, үүсгэн байгуулаагүй цэвэр миний үүсгэн байгуулсан компани. Мөн энэхүү зээлийг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдэд өндөр хүүтэйгээр зээлүүлээгүй гэдгээ бас тэмдэглэж байна. Та бүхнээс уучлал хүсье” гэжээ. Ингэж гэр бүлээрээ бүлэглэн, үгсэн хуйвалдаж ард түмний боломжоос хулгайлах шаардлага байна уу гэдэгт л хүмүүс бухимдаад байгааг ойлгох хэрэгтэй болов уу.

Өнөөдөр ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд маш их хэмжээний зээл авсан дуулианыг намжаах сонирхолтой байгаа. Зээл авсан гишүүдийн нэрс ч нэмэгдэж, зарим компаниуд зөвхөн энэ сангаар тогтохгүй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-гаас ч зээл авсан байж болзошгүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Би зээл авахад нөлөөлөөгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэж асууж байсан. Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан. Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” гэж хэлсэн байдаг.

ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, юу байна зээлд эрх мэдэлтнүүд, түүний хамаарал бүхий компаниуд л хамрагдах магадлал өндөртэй байдаг. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгийг танил тал, эрх мэдлээрээ далайлган зээл гэдэг нэрийн дор хуваагаад авчхаж байгаад жижиг, дунд бизнес эрхлэгчид гомдолтой бас бухимдалтай байна. Хэдийгээр зээлээ эргүүлэн төлсөн гэж байгаа ч шударга үнэн гэж байдаг бол хуулийн дор тэгш эрхтэй байж, бүгд шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Бараг л таван сарын өмнө гарсан ЖДҮХС-гийн дуулианыг нөгөө дуулианаар намжааж, эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийг дараад өнгөрөөх санаатай байгаа аж. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах схем гаргасан намынхаа нөхдийг намаас хөөх шийдвэр гаргасан МАН-ынхан одоо ЖДҮ-тэй нэр холбогдоод байгаа эрх мэдэлтнүүдэд ч хариуцлага тооцох цаг нь болсон. Ард түмэн ч ардчилсан улсад амьдарч байгаагийнх хуулийн дор бүгд эрх тэгш байх ёстой гэж үзэж, ЖДҮ-чдэд хэзээ хариуцлага тооцохыг хүлээж сууна. Хариуцлага гэдэг нь зөвхөн Б.Батзориг, Я.Содбаатар нар шиг сандал ширээгээ өгөлцөөд дуусах бус, хуулийн хүрээнд шалгаж, шагнал шийтгэлийг нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байна.

Өнөөдрийн байдлаар эрх баригч МАН-ын УИХ дахь 65 гишүүний тэн хагас нь буюу 30 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдчихсон яваа. Нэг гишүүн нь хүчингийн хэргээр шалгагдаж, МАН-ын генсек нь хүртэл ийм хэрэгтэй нэр холбогдож, Засгийн газрын тэргүүн нь өөрөө ЖДҮХС-гаас зээл авсан гээд эрх баригч намынхан өнгөрсөн гурван жилд улс орныхоо төлөө юу ч хийлгүй өнгөрөөсөн. Алдагдсан цаг хугацааг хэзээ ч нөхөж болохгүй. Энэ хэрээр Монгол Улс, монголчууд хохирч, тоотой хэдэн томчууд нь баяжаад дуусаж байна. Танил тал, эд хөрөнгөөр алив юмсыг хэмжиж, хэрийн аавын хүүд олдоггүй сангийн зээлийг ах дүү, үр хүүхэд, хамаатан садан, нутаг усныхандаа олж өгдөг жалга довны муухай монгол зан, муухай монгол үзэл суртлаас бид хэзээ ангижрах вэ?

Б.Бямбасүрэн

Эх Сурвалж: Ардчилал таймс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.