“Колонк”-ийн дарга нарт алийн болгон дарлуулах юм бэ, хувьчлаад авчихъя

Шатахууны үнэ нэмэгдсэнд хүмүүс бухимдалтай байна. Өнгөрсөн зун мөн л ингэж бухимдацгаасан. Шатахуунаа дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь манайдаа хатуухан хууль болчихоод байгаа юм. Орос ахын царай барайвал монголчууд бидний нулимс дуслуулдаг өдрүүд ирж буй нь тэр. Нефть бүтээгдэхүүнээр ганцхан улсаас хараат байхын зовлонг бид ийнхүү амссаар байна. Саяхан Засгийн газраас үүнд анхаарч, хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар боллоо. Энэ удаа Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд болон Газрын тосны асуудал эрхэлсэн дарга нарт хариуцлага тооцох бололтой. Шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэнэтхэн 260 төгрөгөөр өсгөсөн нь хэдхэн хүний хуйвалдаан байсан гэнэ. Нэмлээ, нэмлээ гэхэд 170 төгрөгөөр л нэмэх байж. Гэлээ гэхдээ энэхүү 170 төгрөг нь ч гэсэн манайханд хүндээр тусч байна.

Монголчууд нефть боловсруулах үйлдвэртэй болох боломж социализмын үед ч байж л байсан. Боломж төдийгүй бүр анхны ийм үйлдвэр Зүүнбаянд 1950-аад онд ажиллаж байлаа шүү дээ. Оросуудын хүчээр боссон энэ үйлдвэрт нефтийн мэргэжлээр сургууль төгссөн анхны монгол инженерүүдээс сүүлдээ үйлдвэрийн орлогч дарга, ерөнхий инженерийг нь ч хийж байсан гэдэг. Зүүнбаянгийн ордоос олборлох нефтийн хэмжээ 1956 оноос эрс буурсан тул ЗХУ-аас нефть импортоор авдаг болжээ. Ингээд 1968 онд 52000 тонн, 1969 онд 50000 тонн нефть авсан байна. Манай нефтьтэй шинж чанараар ойролцоо парафинлаг нефтийг Узбекстаны Ферганы үйлдвэрээс авч байжээ. Тухайн үедээ чадан ядан болж л байсан байгаа биз дээ.

Харин үйлдвэр хаагдсан тэр цагаас хойш өнөөг хүртэл орос ах нар Монголд дахин нефть боловсруулах үйлдвэр барьж ажиллуулахыг хүсээгүй. Зөвхөн шатахуун ханган нийлүүлэгч байдлаар Монголыг “барьж” байхыг хичээсээр ирсэн. Одоо Оросын Ерөнхий сайд В.Путинтэй шатахууны талаар яриад нэмэргүй бололтой. “Чамтай ярьснаас галуутай ярьсан нь хамаагүй дээр” гэдэг шиг хачирхалтай яриа эндээс сонсч магадгүй. Ерөнхий сайд В.Путин ч, Ерөнхийлөгч Медведев нь ч өнгөрсөн зун юу гэж амлаж байлаа даа. “Бид та нарын хүсэлтийг харж үзнэ. Санаа зоволтгүй. Манай нефтийнхэн Монголд нийлүүлэлтээ таслахгүй. Гэхдээ үнэ ялимгүй өсөх байх” гэж байсан. Тэдний үгийг нөгөө нефтийн “мангас”-ууд нь хүлээж авахаар тааруухан. Тиймээс Оросын томоохон олигархиудын гар хөл болсон “Роснефть” компанийн өлмийд сөхөрч унах нь холгүй юм болж байж өсгөсөн үнээр шатахуун авахад хүрч байна. Тус компани бол үйлдвэрлэгч биш. Зүгээр л нефть боловсруулах үйлдвэрүүдтэйгээ гэрээтэй ажилладаг дамжуулан борлуулагч гэж хэлж болох юм. Манай нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд ч “Роснефть”-тэй үгсэн хуйвалдав уу гэсэн хардлага хаа сайгүй гарч байгаа. Тонн тутамд нь жаахан юм хаяж өгөх тохиолдол гардаг нь нууц биш. Оросууд ийм луйврын бизнест гаршсан улс.

Монголын нефть импортлогч компани буюу зарим дургүй нь хүрсэн хүмүүсийн хэлдгээр “Колонк”-ийн дарга нар маань оросуудын гар цайлгахыг нэг муухан дөнгөхтэйгөө хүмүүс аж. Сүүлдээ оросууд даварч Монголын нутагт шатахуун түгээх 100 станц байршуулна гэж манай Засгийн газар, холбогдох яаманд захидал илгээж байлаа. Өөрөөр хэлбэл, тэд борлуулалтаа улам нэмэгдүүлэхийг хүсчээ. Харамсалтай нь энэ бол Монголын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бүтэшгүй үйлдэл тул С.Баярын Засгийн газар болон С.Батболдын албатууд үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй.

Мөн оросууд шатахуунаар бидний хоолойг боож унагах гэж үе үе ийнхүү үнэ өсгөх тактикаа эдийн засгийн бусад сонирхолтойгоо тун чадварлаг хослуулаад байгаа юм. Өнгөрсөн зун шатахуунаар хясахдаа Таван толгойн тендерт зонхилох үүрэгтэй оролцох, Асгатын ордыг авах, ураны ордоос канадуудыг шахах, төмөр зам барих гэх мэт олон зүйл дээр шантааж тавих гэсэн болов уу. Иймэрхүү аргыг Европын холбоонд хүртэл хэрэглэж байгаа юм чинь, Монголыг бол тэд ингэж туйлдуулж чадна. Тиймээс өнөөгийн өсөлт гэж дарга нарын яриад байгаа литр шатахууныг 170 төгрөгөөр нэмэхээс аргагүй мэт тайлбарт итгэхэд бэрх юм.

Нефть боловсруулах үйлдвэртэй болохгүй л бол балрах нь гээд өнгөрсөн оноос эрхмүүд их сүржин ярьцгааж эхэлсэн. Дархан-Уул аймагт нэг үйлдвэр босгохоор боллоо. Дорнод аймагт ийм үйлдвэр байгуулах гэсэн хувийн аж ахуйн хэсэг нөхөд гурван жил гаруй хөөцөлдөж байна. Тэдэнд болохоор Засгийн газар нь хувь эзэмшинэ гэж томорсон гэдэг. Юу гэсэн үг вэ. Америк зэрэг оронд шинээр бизнес эхлэхэд ердөө л гуравхан хоногийн ажил. Гэтэл манайд түмэн шат дамжлага, эцэст нь иймэрхүү шахаа хийгдэнэ. Нефтийн үйлдвэрээр Ерөнхий сайдыг тэжээх үү. Үгүй дээ, ард түмнийхээ хэрэгцээг л хангах учиртай. Монголчуудын ингэж балайрч байхад нефтийн бүтээгдэхүүний гачаал дээр Хятадууд тоглож эхлэх нь ээ.

Хэдэн жилийн өмнө Бээжинд гурав, дөрвөн томоохон компанийн эзэд нь цуглаад “Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах, бизнесээ өргөжүүлэх тухай” тун чухал асуудал хэлэлцсэн байв. Үүнийг сонссон манай шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Т.Намжим нэлээд бухимдсан гэнэ лээ. Тэгээд мань хүн япончуудтай холбоотой ажилласан туршлага, танил талаа түшиглэн нефтийн үйлдвэрийн төслөө боловсруулжээ. Ингээд “Монгол секию” компаниа энэ чиглэлээр байгуулж ажиллуулав. Тус компани одоо Дархан-Уул аймагт үйлдвэрийнхээ шавыг тавьж, хоёр жилийн дараа эхний бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ажиллаж байна.

Шатахууны хомсдол дээр бас хөөрхөн улс төржилт өрнөхийг яана. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүртэл нефтийн үйлдвэрийн эзэн шахуу юм ярих гээд хөглөж байлаа. Зүүнбаянгийн хуучин нефтийн цооногууд дээр намын нөхөд нь ажиллах болсон тул мань хүн ингэж бүлт үсэрсэн биз. Шатахууныг улс төрийн хачиртай холиод эхэлбэл юу болох бол оо. Хярамцаг уу, хар шөл үү. Хөгжилтэй орнуудад очоод аль нэг намын дарга нь иймэрхүү юм яривал ёстой онигоо болох байх. Ер нь аль ч бизнес, эдийн засгийн шинэ орчныг явган улс төртэй хольж хутгадаггүй юм шүү дээ.

Монголд нефтийн үйлдвэр олноор байгуулагдахаас оросууд ч, хятадууд ч болгоомжилж байгаа. Тиймээс аль аль нь “Монгол улс нефтийн бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо нийлүүлнэ. Тиймээс ашиг багатай” гэх мэтээр маниусынхаа тархийг угаах гээд байх шиг байна. Үнэндээ тийм биш л дээ. Мэргэжлийн зарим хүмүүс үүнийг зад эсэргүүцэж байгаа. Харин цөөн хэдэн дарга нар хоёр хөршийнхөө үгээр үг хийчихсэн тууж яваа нь өрөвдмөөр. 1939 оны үед А.Гитлер цэргийн техникүүдээ хүрэн нүүрснээс гаргаж авсан дизель түлшээр хангаж байсан юм. Тэр үед А.Гитлерт нефть ховор олдож байсан биз. Гэтэл өнөөдөр бид Хятад руу түүхий нүүрсээ 60-70 доллараар өгснөө их юманд бодож, эдийн засаг өслөө энээ тэрээ гэж сайрхаж байна. Ичгүүртэй юм. Хэрвээ монголчууд нефтийн нөөцөөр бага гээд байгаа бол ядаж нүүрснээсээ дизель түлш гаргаж авах ёстой биз дээ. Япон, Солонгосчууд ч бидэнд ийм санал тавьж байгаа. Гэхдээ харийн хүнээр хийлгэх биш өөрсдөө туршаад үзэх хэрэгтэй байхгүй юу, А.Гитлерээс дутав гэж үү дээ.

Энэ мэтээр олон зүйл ярьж болно. Бүтээн байгуулалтаа нефть, нүүрс боловсруулах үйлдвэр рүү хандуулах цаг нэгэнт болсон. Оюу толгойн гэрээгээр өр тавьж, хүний хөгжил сангийн 500 гаруй тэрбум төгрөг бэлнээр тарааж суухын оронд ганц хоёр нефтийн үйлдвэр байгуулж болох л байсан юм. Ер нь энэ хэдэн “Колонк”-ийн дарга нартай хатуухан тооцоо бодох нь зөв байх. Алийн болгон тэдэнд дарлуулж явахав. “Петровис”, Шунхлай”, “Жаст”, “Сод Монгол” гээд цөмөөрөө улс төрөөр “Өвчилсөн” шатахууны компаниуд болчихож. Тэдний бизнес өнөөдөр улс төрийн томчууд, эрх баригчдын хамгаалалтан дор байна. Яаж ч яриад нэмэр алга. Засгийн газар нь “колонк”-ын дарга нарынхаа амыг харна. Тэд үнэ нэмнэ гэвэл шонгүй толгой дохиод өнгөрнө. Өөрөөр хэлбэл, Монголд “Колонк”- ийн засаглал тогтжээ. Шатахууны үнэ нэмэгдэх тоолонд энэ тухай хэвлэлүүд бичдэг. Даан ч дарга нар нь тоохгүй юм. Гэхдээ дахиад хэлэхээс аргагүй. Энэ “колонк”-ийн дарга нарын монополийг задлаад өгье. Уг нь их амархан л даа.

Шатахуун импортлогч тэдгээр компаниудын 51 хувийн эзэмшлийг төр худалдаад авчихад болно. Тэрхүү хувьцааг нь иргэд маань аваг. Ингэвэл хяналт сайжирна. “Шунхлай”-н Г.Батхүү нарын зэрэг хүмүүс үүнд дургүйцэхгүй байлгүй дээ. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар ч гэсэн Ардын намын бага хурлын гишүүн тул ард түмэндээ “хайртай” байж таарна. Тиймээс энэ сэдвээр иргэдийнхээ дунд өргөн хэлэлцүүлэг явуулбал эцсийн оновчтой шийд гарах байх, тийм ээ.

Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих