Хэмжээ нь зузаарсан ч хэрэглээ хумигдаагүй гялгар тор

236944-05032019-1551757572-944662572-1Screen_Shot_2019-03-05_at_10.51.44_AM_copy0.133 ММ-ЭЭС ЗУЗААН ТОР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ

“Дэлгүүрүүд уут өгсөнгүй. Тэгэхээр нь авсан бараагаа тэврээд гэртээ харилаа”, “Дэлгүүрээс чихэр авсан чинь нимгэн торонд хийж өгч байна. Торгуулах байх гэж айгаад уутнаас нь гаргаад цүнхэндээ хийчихлээ” гэх мэт сэтгэгдлүүд цахим орчинд тархаж эхэллээ.

Энэ бол 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол өнгөрсөн баасан гарагт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Худалдааны төв, дэлгүүрүүд тус тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн эсэхийг сурвалжлахаар баасан гарагт “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.

Бидний өмнө нь хэрэглэж байсан нимгэн уутнууд ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан.

Ажлын өдөр байсан болохоор хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Гэхдээ нимгэн уутнуудаа халжээ. Харин зузаан гялгар торнууд байсан юм. Гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт жижиг зүйл авч байгаа худалдан авагчдад тор өгөхөө больжээ. Хүнсний ногоо зардаг тасгаар ортол том торонд төмс, лууван, манжин зэргийг бүгдийг нь холиод хамт хийж байгаа харагдлаа.

Дэлгүүр болон супермаркетуудад мөн жижиг, нимгэн торнууд байсангүй. Зарим супермаркет 300 төгрөгөөр зардаг том торноос өөр тор байхгүй байв. Харин Багшийн дээдийн буудлын хойд талд байрлах M-mart супермаркетаар ороход жижиг, том торнууд кассын хажууд өлгөөтэй харагдаж байлаа.

Бараагаа бичүүлж байсан 27 орчим насны эмэгтэй жижиг тор авъя гэснээ “Энэ тор чинь худалдахыг хориглосон тор биш биз дээ” гэж асуухад кассчин “Биш ээ. Тэр хэмжээнээс нь зузаан тор байгаа” хэмээв. M-mart супермаркетын менежер “Манай торнууд 0.133 мм-ээс зузаан, дахин боловсруулж болдог” хэмээн тайлбарлалаа.

НИМГЭН УУТНУУД 12 МИНУТ ХЭРЭГЛЭГДДЭГ ХЭРНЭЭ ХӨРСИЙГ 500 ЖИЛ ҮХЖҮҮЛДЭГ

Энэ бүгдийг харахад Засгийн газрын тогтоолын хэрэгжилт үр дүнгээ өгч эхэлсэн бололтой. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хувь хүнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгохоор болсон.

Манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд импортоор 16.6 тэрбум төгрөгийн нийлэг уут худалдан авчээ.

Уг хуулийн хэрэгжилт болон хяналт шалгалтын талаар НМХГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Дариймаагаас тодруулахад “Одоогийн байдлаар ямар ч зөрчил илрээгүй. Нэг дэх өдрөөс шалгалтын ажил эхэлнэ. Нийлэг уут илэрсэн тохиолдолд бүгдийг нь хурааж авна” гэв.

Манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд импортоор 16.6 тэрбум төгрөгийн нийлэг уут худалдан авчээ. Тодруулбал, 2015 онд 3.5 тэрбум, 2016 онд 7.3 тэрбум, 2017 оны эхний есөн сарын байдлаар 4.6 тэрбум төгрөгөөр гялгар уут худалдан авахад зориулжээ. Гэвч нийт хэрэглэсэн гялгар уутныхаа дөнгөж найман хувийг дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн нь байгальд хаягддаг байна.

Бидний өмнө нь хэрэглэж байсан нимгэн уутнууд ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл одоо хэд дахин зузааруулчихаар хор хөнөөл нь тэр хэмжээнд нэмэгдэнэ гэсэн үг биш гэж үү. Гялгар уут, хуванцар сав нь хөрсөнд шингэдэггүй.

Маш жижиг хэсгүүдэд хуваагдаж 500-1000 жил хөрсөнд хадгалагдана. Ингэхдээ хөрсөө бүрэн үхжүүлэхийн зэрэгцээ эргэн тойрны 70 метр радиусыг шүлтлэгжүүлдгийг мэргэжлийнхэн хэлсэн. Үүнээс гадна, нар, салхи, агаар гэх мэт гаднын нөлөөгөөр урвалд орж хүнд металл ялгаруулдаг байна. Үүний нэг нь хар тугалга. Хар тугалга хүний цусанд хуримтлагдсанаар бүх төрлийн хорт хавдар үүсэх үндэс болдог.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс орнууд нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай байна.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.