Хамгийн их ашиг олсон ХААН банк дундаж хэмжээний нэг зээлээс хэдэн төгрөг хүүлдэг вэ?

bank-1Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” нэртэй өгүүлбэр бий. Өгүүллэгийн …Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэсэн мөрүүд гарчигнаасаа ч тод ялгарч, хөрөнгө, чинээний ялгааг тод харуулсан үйл явцыг зурагласаар ирсэн. Энэ өгүүлбэр одоо бол арилжааны банк ба иргэн хоёрын харьцуулалтад яв цав нийцмээр…

Өнөөдөр Монголд хамгийн өндөр ашгийг олж байгаа газар бол арилжааны банкууд. Иргэд банкнаас мөнгө зээлж, зээлийн хүүд төлж байгаа өндөр хүүгээр банкуудыг “тэжээж” байгаа гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх.

Улсын хэмжээний 860 мянган өрхийн 750 мянга нь зээлтэй, банкинд хүү төлдөг

Яг нэг жилийн өмнө буюу 2018 оны эхний улиралд банкууд Монголын нийт зах зээлээс 14.4 их наяд төгрөг хураан авна гэсэн тооцоотой сууж байв. Үүний бараг 50 хувь буюу 7.1 их наяд төгрөг нь иргэдийн банкнаас зээлсэн мөнгө, түүний хүү байсан аж.

Улсын хэмжээнд тараагдсан нийт зээлийн 22 хувийг цалин, тэтгэврийн зээл эзэлдэг бөгөөд энэ төрлийн зээлтэй 750 мянга гаруй иргэн манай улсад бий. Энэ бол 2018 оны статистик мэдээ. Тэгвэл 2016 оны хүн амын тооллогоор улсын нийт өрхийн тоо 860 мянга шүргэсэн байв. Ингээд бодохоор 860 мянган өрхийн 750 мянга нь банкнаас зээл авсан, банкны санхүүжүүлэгчид болсон гэсэн үг юм.

Монгол Улс арилжааны 14 банктай. Тэд нийлээд улсын санхүүгийн салбарын 95 хувийг атгадаг. 2018 онд банкуудын нийт ашиг 242 тэрбумд хүрсэн юм.

003-1 Хамгийн их ашиг олсон ХААН банк дундаж хэмжээний нэг зээлээс хэдэн төгрөг хүүлдэг вэ?

Их хэмжээний ашиг хуримтлуулсан банкууд төгрөгийн зээлэнд өнөөдрийн байдлаар жилийн 18 хувийн хүү тооцож байгаа. Харин хадгаламж зээлийн хоршоо жилийн 34, Банк бус санхүүгийн байгууллага жилийн 40 хувь, ломбард жилийн 42 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж байна.

Тоон баримтууд Монголын санхүүгийн зах зээлд аль хэдийнэ монополь тогтоочихсон гэдгийг харуулж байгаа. Манайхан нефть импортлогчдоо монополь гэж тодорхойлдог. Гэтэл үүнээс ч илүү монополь санхүүгийн салбарт бий болоод удлаа. Тэд цалин, орлог багатай иргэдийн дутуугаа нөхөх гэж авсан багахан хэмжээний зээлээс өндөр хүү авч, үр хүүхдийнх нь сургалтын төлбөр, аяга хоолноос хагаслан, хэрэглээнээс нь хумслан хөлжиж байгаа юм.

Өндөр хүүтэй зээл олгогч банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод иргэдийн мөнгөөр мөнгө хүүлсээр байх уу. Санхүүгийн салбарт монофоль үүсгэсэн банк, санхүүгийн байгууллагын ийм даварсан эрх мэдлээс шийдвэр гаргах түвшинд ч, иргэд ч татгалзах болоогүй гэж үү?

Монгол Улс банкны хүү хамгийн өндөр таван орны нэг

bankkhuu-2018 Хамгийн их ашиг олсон ХААН банк дундаж хэмжээний нэг зээлээс хэдэн төгрөг хүүлдэг вэ?

Энэ бол хамгийн өндөр банкны хүүтэй улс орнуудын жагсаалт. Монгол Улс хамгийн өндөр хүүтэй орнуудын эхний тавд бичигдсэн байгаа. Олон улсын санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээллийг нэгтгэдэг www.deposits.org сайтад байршиж буй Монгол Улсын арилжааны банкны хүүгийн мэдээлэл 2018 онд хамгийн сүүлд шинэчлэгджээ.

Манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого нь 950 орчим мянган төгрөг, зарлага нь 1 сая төгрөг гэсэн тооцоог Үндэсний статистикийн газар гаргасан байдаг. 2017 оны 4 дүгээр улирлын мэдээгээр улсын нийт хэрэглээний зарлагын 7.2 хувийг хамгийн бага орлоготой бүлгийнхэн, 42 хувийг  хамгийн их орлоготой чинээлэг бүлгийнхэн эзэлж байсан.

Ийм тэнцвэргүй нийгмийн санхүүгийн нийт зах зээлийн 95 хувьд эзэн суусан арилжааны банкууд гэвч банкны зээлийн хүү буруулах асуудлыг хөндөхөөс үргэлж татгалзаж ирсэн.

Санхүүгийн салбарт монополь тогтоосон арилжааны банкууд зээлийн хүүг яагаад бууруулдаггүй вэ?

-Тэд ашгаа алдахаас айдаг.

-Одоо байгаа түвшин, санхүүгийн зах зээлийн 90 хувийг атгадаг эрх мэдлээ хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй.

-Банкны хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүүг бууруулах нь ашиггүй гэсэн энгийн тайлбар хийдэг.

-Санхүүгийн зах зээлийн эзлэх хувьдаа өөр хэнийг ч халдаахгүйн тулд гадны банк орж ирж үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн иргэдийн тархийг угаадаг.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийн дутуу байдлыг ашиглан ийм мэдээлэл түгээдэг хэрнээ банкны эзэд УИХ, Засгийн газарт банк санхүүгийн салбартай холбоотой асуудал яригдах үеэр лобби хийж, өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргахаар Төрийн ордноор гүйлдээд эхэлдэг гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж ярьсан удаа бий.

Хамгийн их ашиг олсон ХААН банк дундаж хэмжээний зээл авсан нэг иргэнээс хэдэн төгрөг хүүлдэг вэ?

Улс орны өрсөлдөх чадвараас шалтгаалаад иргэд нь цалин тэтгэвэрээ нэмэгдүүлэх боломж нь тасалдаж байхад санхүүгийн зах зээлд монополь тогтоосон банкууд 2018 онд 242 тэрбумын ашигтай ажилласан. Ийм өндөр ашигтай байгууллага Монголын аль ч салбараас хайгаад олохгүй.

Арилжааны банкууд дотоо Хаан банк хамгийн их ашгийг олжээ. Тус банкны ашиг дангаараа 50 орчим тэрбум. Нэг ч байшин барьдаггүй, нэг ч оймс үйлдвэрлэдэггүй, баялаг бүтээгч биш, арилжааны банкууд иргэдийн халаасыг тэмтэрч, хэрэглээнээс нь танаж байгаа нь тэнцвэртэй хэрэг биш юм.

Дор ХААН банкны зээл, зээлийн хүү хэрхэн бодогддог тухай, банк иргэдийг хэрхэн мөлждөг тухай тоон мэдээг дор хүргэе.

Иргэн Дорж 2019 оны гуравдугаар сард 80 сая төгрөгийн үнэтэй байрыг Монголын хамгийн бага хүүтэй зээл болох ипотек буюу орон сууцны 8 хувийн зээлээр худалдаж авлаа гэж бодъё. Дорж байрны 80 сая төгрөгийн 30 хувь болох 24 сая төгрөгийг зээлийн болзол ёсоор урьдчилж өгөөд ХААН банкнаас үлдсэн 56 сая төгрөгийг  зээлсэн. Зээлийг 10 жилийн хугацаанд төлж дуусах ёстой. Зээлийн гэрээний дагуу иргэн банкинд

-Сар бүр  -679 мянган 434 төгрөг

-Жилд – 8 сая 153 мянган төгрөг

-Арван жилд – 81 сая 532 мянга 143 төгрөг төлөх юм.

Зөвхөн хүүндээ хэдийг өгөхөөр байна. Арван жилийн хугацаанд 25 сая 532 мянга 143 төгрөгийг зөвхөн хүүнд төлнө гэсэн үг. Өөр нэг жишээ:

Дундаж үнэтэй, 45 сая төгрөгийн машин худалдаж авахаар банкнаас зээл авсан хүн. Урьдчилгаа 30 хувийг бүрдүүлээд, 13 сая 500 мянган төгрөг төлсөн. Үлдсэн үлдсэн 31.5 сая төгрөгийг хэрэглээний зээлийн 30 сарын хугацаанд 18 хувийн хүүтэйгээр яаж төлөх вэ?

-Сар бүр  1 сая 311 мянга 634 төгрөг

-Жилд 15 сая 739 мянга 613 төгрөг

-Хэрэглээний зээлийн 30 сард   39 сая 349 мянга 32 төгрөг төлнө. Зөвхөн зээлийн хүүнд 7 сая 849 мянга 032 төгрөг төлж байгаа. Жилийн 18 хувийн хүү иргэний хэтэвчийг ийн тэмтэрдэг. Өндөр хүүтэй зээл олгож байхад банкууд Дагдангийн эхнэр шиг таргалаж, зээлийн хүүнд дарлагдсан иргэн Цэрмаа шиг турах нь ч ойлгомжтой юм.

 Х.БАЙГАЛЬ

https://updown.mn/75132.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.