Хогны уутыг хориглохгүй

529

Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс улс даяараа байгальд хамгийн их хор хөнөөлтэй гэгдэх нийлэг уутнаас татгалзаад байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт сул байгааг захын нэг дэлгүүрээр үйлчлүүлэхэд илхэн.

Тухайлбал “Тусгаар тогтнолын ордон”-ы нэг давхарт байрлах “Оргил” супермаркет өнөөдрийг хүртэл нийлэг уут худалдаалж, иргэдэд үйлчилсээр байна. Тус томоохон сүлжээ дэлгүүрийн 120 төгрөгийн үнэтэй цагаан торыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 0.025 мм зузаантай гэж үнэлсэн. Гэтэл хуулиндаа 0,035 мм-ээс зузаан уутыг л хэрэглэж болно хэмээн заагаад байгаа.

Гуравдугаар сарын 1-нээс нийлэг уут хэрэглүүлэхгүй гэж олон нийтийн мэдээллийн сувгаар өнгөрөгч оны зургадугаар сараас энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд мэдээ, мэдээлэл хангалттай цацсан. Гэвч нийлэг уутыг хэрэглээнээс хасахад бэлтгэл базаасан аж, ахуй нэгж болоод иргэд тун цөөн болох нь үүнээс харагдаж байна. Мөн чухам ямар хэмжээтэй аль уутыг хэрэглэх болохгүй вэ гэдгийг иргэд асууж, лавлаж харагдана.

Тэгвэл нийлэг уутыг хэрэглээнээс хасах ажлыг үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд 0,035 мм болон түүнээс нимгэн нийлэг уутыг хэрэглэх, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа. Харин хүнсний анхдагч савлагаа /талхны уут, хогны уут, хүнсний скоч, хүнсний тасалаг уут/ болон 0,035 мм-ээс зузаан гялгар уут хэрэглэхийг зөвшөөрсөн.

Харин доорх зурганд багтсан нэг удаагийн нийлэг уутнуудыг хэрэглээнээс хасаад байгаа юм.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн байна. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангасан аж.

Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заасан байна.

Нийлэг уутны хэрэглээг хумих эл шийдвэрийг шахааны бизнес хэмээн хардах хүмүүс ч байна. Нийлэг уут хэрэглэхгүй байх орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөөгүй атал торгох, шийтгэнэ хэмээн хуулиар далайлгасан хэмээн ундуйцах аж. Мөн хог, хаягдлаа хэрхэн савлаж хаях вэ гэдэг асуултыг хамгийн их тавьж байна. Тэгвэл хогны уутыг хэрэглэж болно гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.