Баримт: “Нэг цохилт”-ын цаана хоёр амьдрал сүйдэж байна

549

Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг жил ирэх бүр өсч байна. Тодруулбал, 2015 онд 29.1 хувь, 2016 онд 30.3 хувь, 2017 онд 6.8 хувь, 2018 онд 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тул ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс,  JCI хамтран “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” аяныг өрнүүлж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг нь ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм.

Баримт дурдвал, 

Жишээ 1 Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд цагдаагийн байгууллагад “миний машиныг мөргөчихөөд манай найз бид хоёрыг зодчихлоо” гэсэн дуудлага иржээ. Уг мэдээллийг шалгахад иргэн Д нь машин мөргөлөө гэсэн шалтгаанаар иргэн Г-ийн хамрыг мөргөж гэмтэл учруулсан байна. Зөвхөн машин мөргөлөө гэсэн шалтгаанаар хүний биед халдсанаараа иргэн Д нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулах гэсэн зүйл ангиар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү зүйл анги нь торгуулиас авахуулаад 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх заалттай.

Жишээ 2 Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий компанийн харуулын ажилчид ээлж солилцох үеэрээ “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолдож, нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулжээ. Тэд нэгхэн хором нэгэндээ хүлээцтэй хандан ойлголцож чадаагүйн улмаас нэг нь гэмт хэрэгтэн, нөгөөх нь эмнэлгийн үүд сахиж, эрүүл мэндээрээ хохирсон хамгийн том жишээ юм.

Цагдаагийн хаалга татахаас гадна эдийн засгийн хувьд ч нөгөө хүнийхээ эмчилгээний төлбөр өгөхөөс авахуулаад эдийн засгийн хувьд ч хохирч байна. Харин хохирсон иргэн бол эрүүл мэнд, сэтгэл санаа, цаашлаад эмнэлгээр явахын тулд ажил төрлөөсөө чөлөө авах гээд эдийн засгаараа ч хохирч байна. Тэгэхээр залуучууд цаашдаа нэг цохилт хоёр амьдрал сүйтгэнэ гэдгийг ойлгож, хаа хаанаа хүлээцтэй, уур уцаараа тэвчиж, уур бухимдлаа уучлаарай хэмээн үгээр сольж, сурах хэрэгтэй болов уу.

Жишээ 3 2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд иргэн Д нь бусадтай хоолны давснаас болж маргалдсан байдаг. Хоолны давснаас болж маргалдсан маргаан эцэстээ зодоон болж, хүний биед хүнд гэмтэл учруулсанаар төгссөн юм. Харин үүний улмаас иргэн Д нь Эрүүгийн хуулийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж, олон жилийн ял аваад дууссан байдаг. Ял аваад зогсохгүй нөгөө хүнийхээ биед хүнд гэмтэл учруулсан төлбөрийг төлж барагдуулсан.

“Нэгхэн хором”-ын уураа барьж дийлээгүйн улмаас гэмт хэрэгтэн болж, ял аваад явсан жишээ үүнээс ч олон. Хамгийн харамсалтай нь 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 2018 онд 7957 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих