Ганц өдрийн өмнө ч болтугай энэ улсаас дайжин одох минь…

2675

Зургаан цагаас эхлэн зуучлах байгууллагын үүдэнд дугаарлаж байна

Монгол Улс гадаадад ажиллах хүч гаргасан оргил үе нь 2004 он байв. Энэ үед харьд ажиллагсдаас банкны системээр дамжуулан ар гэртээ гуйвуулсан мөнгө ДНБ-ний 10 хувьтай тэнцэж байлаа. УИХ-д нэр дэвших улстөрчдийн мөрийн хөтөлбөрийн “гадаадад ажилтан гаргана” гэх амлалт нь саналын жинг дарж, тэд ногоон гэрлээр сонгогддог байв. Үүнд Өвөрхангай аймаг толгой цохиж, Улаанбаатар хотоо ч үзэж амжилгүй, сумаасаа шууд Солонгост газардсан нь олон байсан. Харамсалтай нь, хүний нутагт хөдөлмөр эрхэлж, хураасан хэдэн төгрөгөөрөө Монгол Улсын эдийн засгийг дэмжиж ирсэн тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндээ алдаж, үлдсэн цөөнх нь эх орондоо бизнес эрхлэхээр ирсэн байдаг. Үүнийг 2012 оноос эрс өссөн хилээр орж ирсэн монголчуудын тооноос харж болно. Тэд амьдарч байсан орноосоо ноу хау тээн ирж, жижиг үйлдвэрлэл, бизнесийн гараагаа эхэлсэн. 2013 онд гэхэд БНСУ-д гэрээгээр ажилтан гаргахаар төлөвлөсөн нийт тооны дөрөвний нэгд ч хүрэхгүй хүн бүртгүүлсэн тул “Солонгост ажиллацгаая” гэж дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан сурталчилгааны ярилцлага хэвлэлд өгч байлаа.

Гэтэл одоо хөдөлмөрийн чадвартай 18-35 хүртэлх насны залуус гадаадад ажиллах хүч гаргах бүхий л сувгаар зүтгэж, хориод жилийн өмнөх үедээ эргэн очжээ. Ажилгүйдэл, нийгмийн шударга бус хуваарилалтаас гадна утаа, хөрсний бохирдол, түүнийг даган гарах хорт хавдар, элдэв халдварт өвчин эмгэгээс зугтаж, ганц өдрийн өмнө ч болтугай энэ улсаас дайжин одохыг тэмүүлэх боллоо. Хамгийн боломжтой суваг нь албан ёсоор ажилтан гаргаж буй БНСУ, Япон, АНУ болж, үүрийн зургаан цагаас эхлэн зуучлах байгууллагын үүдэнд дугаарлан, анкетаа бөглөсөөр байна.

Харин төр засгийн бодлого энэ урсгалыг сааруулахад огтхон ч чиглэгдсэнгүй. Харин ч улстөрчид өөрсдөө жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлж, тэднийг дэмжих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан дээрэмдсэн нь илчлэгдсэн.

Визний залилан хийдэг газруудыг шалгаж, хааж байна

Илүү мэдээлэлтэйгээрээ олж авсан тэрхүү мөнгөө эргүүлээд ядарсан иргэдэд хүүлж даажигнасан. Олон мянган аж ахуйн нэгж дампуурч, үлдсэн хэд нь татварын өрнөөс өндийж чадахгүй байна. Тэд ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бүү хэл, орон тооны цомхотголоор ажилгүйчүүдийн армийг нэмэгдүүлсээр. Хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулалт өрнүүлдэг байсан цаг ард хоцорч, ядарсан иргэд тав, арван төгрөгөө илүүчилж, эмзэг бүлгийн нэгнийг байр савтай болгосон нь гийгүүлэх ганц сайн мэдээ болсоор удлаа. Монголоос ажиллах хүч авах албан ёсны зөвшөөрөл олгосон улсууд руу хандсан үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

СОЛОНГОСТ САРД 500 ИРГЭН “ХАРЛАН” ҮЛДЭЖ БАЙНА

БНСУ-д ажиллаж байгаа монголчуудын тоо хамгийн их буюу 36 мянгыг давсан гэж 2017 онд Консулын газрын албан ёсны судалгаанд дурдсан. Харин 2018 онд Korea times агентлагийн мэдээлснээр тус улсад 44.2 мянган монгол иргэн оршин сууж байгаагаас 15.4 мянга орчим нь хууль бусаар амьдарч байна гэжээ. Гэсэн ч монголчуудын Солонгосыг зорих хүсэл огтхон ч татарсангүй.

Сүүлийн үед өдөрт 700-800, сард 15-17 мянган иргэн виз мэдүүлж байгаа тухай БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Материалаа өгсөн иргэд хариугаа хоёр сарын турш хүлээдэг. Учир нь, өмнө нь гурван сарын хугацаатай виз авч явсан иргэдээс сард дунджаар 500 нь “харлаж” үлдээд, олддоггүй байна. Тиймээс шинээр хүсэлтээ өгч буй иргэдийг сайтар судлах шаардлага гарсан тухайгаа ЭСЯ-ныхан тайлбарлана лээ. Энэ хугацаанд бүх бичиг баримтаа элчингийнхэнд тушаасан иргэд эрүүл мэндийн үзлэгт орж, хэлний сургалтанд суудаг аж. БНСУ-ын Цагаачлалын албанаас 2017 онд хөдөлмөрийн бирж дээр байршиж, ажил хайгчаар бүртгэдсэн иргэдийн 1012-д нь цахим визийн зөвшөөрөл олгож, 106 иргэн татгалзсан хариу авчээ. 2018 онд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг гадаадад ажиллах хүч сонгон шалгаруулах онооны тогтолцоонд шилжүүлсэнтэй холбоотойгоор дээрх цахим зөвшөөрөлтэй иргэдийн тэн хагас нь тэнцэлгүй хасагдаж байгаа аж. Түүнчлэн хэлний түвшингээр тэнцсэн ч эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, ур чадвараар гологдон хасагдах нь олон. Энэ олон шалгуурыг даваад Солонгосын хилийг давсан ч загас агнуур, газар тариалан зэрэг огт туршлагагүй салбарт хуваарилагдаж, ажил олгогчтойгоо үл ойлголцон, ажлын байранд тэнцэхгүй гэх шалтгаанаар буцаах болдог тухай гэрээт байгууллагын гомдол их ирдэг ажээ.

БНСУ олон жилийн турш Монголоос ажиллах хүч авсны хувьд иргэдийг чирэгдүүлэх, залилагч зуучлагчдын “хоол” болох нь харьцангуй бага. Учир нь БНСУ-д ажилтан гаргахад Монгол талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Солонгосын талаас аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулдаг юм.

ЯАМНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ Л БОЛ ЯПОН РУУ НАЙДВАРТАЙ ГАРГАНА ГЭСЭН ҮГ БИШ

Японы парламент гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл албан ёсоор өгсний дараа ажилтан  авах орнуудын жагсаалтад Монгол Улс багтсаныг манай сонин анх мэдээлж байсан билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй, зуучлах эрх бүхий 67 байгууллага иргэдэд үйлчилж байна. Гэхдээ яамнаас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээтэй л бол таныг Япон улсад найдвартай явуулна гэсэн үг биш. Зуучлагч байгууллагууд таныг Японы компанийн ярилцлагад оруулж, болзол хангавал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Ингээд эрүүл мэндээр тэнцсэн хүнд Японы компаниас оршин суух зөвшөөрөл ирүүлдэг. Ийм зөвшөөрөлтэй болсон хойноо та ЭСЯ-д хандан виз мэдүүлэх аж.

Зуучлагч байгууллагын хэлний сургалтад хүчээр хамрагдах, барьцаа төлбөл очоод шууд ажилд оруулна гэх мэт хуурмаг сурталчилгаанд автахгүй байхыг албаныхан анхааруулж байна. Түүнчлэн Японд очсон хойно нь ажилд оруулж, визний ангиллыг сольж өгнө гэж 15 хоногийн аяллын виз гарган өгч, залилж байгаа хэд хэдэн бүлгийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, үйл ажиллагааг нь зогсоож байгааг дуулгая.

ДОЛООН ХҮН ХУВИЙН ШУГАМААР ХАНДАЖ, АНУ-ЫН ВИЗ АВЧЭЭ

Өнгөрсөн оноос ажиллах хүч албан ёсоор гаргах болсон гуравдагч томоохон гүрэн нь АНУ болсон. АНУ-д түр хугацаагаар ажиллах хүч нийлүүлэх Н-2а болон Н-2в визийн хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сарын 18-наас 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй газар ч байхгүй, Засгийн газар, холбогдох яамнаас ямар нэг шийдвэр гаргалгүй өдий хүрсэн. Энэ төрлийн визээр Монголоос 2018 онд хөдөө аж ахуйн Н2-а визийг таван иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-в визийг хоёр иргэн тус тус авчээ. Эдгээр долоон хүн хувийн шугамаар аНу-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Нийтлэгч: Э.Батцэцэг

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих