О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах хүсэлтэд прокуророос хариу өгөөгүй байна

714

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа.

Хэдийгээр хүсэлтээ өгөөд зургаа хонож байгаа ч прокурорын байгууллагаас одоо хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна.

Мөн энэ хэрэгт тухайн үед сайдаар ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайхан, ЭМ-ийн сайд асан С.Ламбаа, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайд асан Т.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ.

Хэдийгээр энэ сарын эхээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн газарт байцааж, гэр болон ажлын байранд нэгжлэг явуулсан юм. Улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Гэвч шүүхээс “Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр суллаад байсан билээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.