Туркт амиа алдсан 18 настай Монгол эмэгтэйг хөнөөсөн хамтран амьдрагч нь өөрийн амиа егүүтгэжээ

750

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гаргасан байдаг. Энэ талаар бид Турк дэх албан ёсны эх сурвалжаас тодрууллаа.

Тус улсад амиа алдсан монгол эмэгтэй нь 18 настай бөгөөд ажил хийдэг байсан. Тэрбээр Истанбул хотод амиа алдсан бөгөөд хамтран амьдрагч Турк иргэн нь бүсгүйг толгойн тус газарт нь буудаж амь насанд нь хүрсний дараа өөрийгөө буудаж хөнөөжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараагаар хэргийг Туркийн хуулиар шийднэ. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргасан тохиолдолд манай улсын Гадаад хэргийн яам, Турк дэх консулын газраас холбогдох арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Хохирогчийн эцэг, эх нь Гадаад хэргийн яамны Консулын газарт гомдол гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Турк дэх өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар: шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хэргийг хааж магадгүй гэх мэдээллийг тус улсын цагдаа, шүүх, прокурорын газраас нь өгсөн байна. Хэрэв хэргийг хаавал ар гэрийнхэн нь хаана нутаглуулах хүсэлтэйгээ албан ёсны газарт нь гаргах ёстой. Туркт нутаглуулах шийдвэр гаргавал тус улсаас бүх зардлыг нь даадаг бол Монголд нутаглуулахад ар гэрийнхэн нь өөрсдөө зардлаа даадаг аж. Ямартай ч Монгол Улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Бид энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад:

“Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга. Талийгаачиийн ар гэрийнхэн тодорхой мэдээллийг өгөхгүй байхыг хүссэн. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас хүндэтгэлтэй хандана уу” гэсэн юм.

Эх Сурвалж: Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих