Намайг өглөө бүр дээрлэхдэг Монгол үйлчилгээ

Хүүе яваач ээ. Бүтэн 30 минут зогслоо шүү дээ.
-Байж бай бид нар хүнээ дүүргэж байж гардаг юм.

-100 айл 500, Cансар, халдварт, зах явлаа, зах.

-Эсвэл бууя аа, хичээлээсээ хоцорлоо. Мөнгөө аваад бууя.

-Одоо хөдөллөө шүү дээ, түр хүлээчих. Ямар сүртэй юм бэ?

Микроны кондукторт ийнхүү загнуулсан хүмүүс гэм хийсэн хүүхэд шиг дуугаа хураацгаан сууна. Нэгэнт удаан хүлээснээс хойш хүлээхээс тэвчээр заахаас өөр аргагүй. Буугаад өөр унаанд сууя гэсэн ч дахиад хүлээх учир тэвчээртэйгээр хүлээгээд суух нь зөв гэдгийг ойлгосон бололтой.

Уг нь гэрээс сургууль хүртэл 10 минут л зарцуулдаг. Гэвч зам түгжирч бөглөрөөд бас микронуудыг журмалж эхэлснээс хойш хичээлээсээ хоцрохгүйн тулд 40-50 минутын өмнө гарах болсон ч баталгаатай хугацаа бас биш.

Эхлээд буудал дээр таван минут автобус хүлээнэ, аз таарвал шууд суучихна. Гэхдээ баярлах болоогүй микрог дүүрэхийг нь хүлээнэ. Арай гэж нэг юм дүүрсэн ч буудал бүрт зогсож орилно.

-Алив цаашаа суучих наана чинь дахиад нэг хүн суух зай байна.

-Багтахгүй байна шүү дээ. Хаана нь суулгах гээд байгаан.

-Юу гэсэн үг вэ бусад нь сууж болоод байдаг юм, чи яачаад байгаан. Эсвэл нэг хүний мөнгө нэмж төлөөрэй. Иймэрхүү хэрүүлийг аль ч чиглэлийн микроноос сонсч болно.

Гадаа бүгчим халуунд ч чихэлдэж, хөдлөх зайгүй сууна гэдэг үнэхээр үзэн ядаж, уур хүрмээр. Бүх цонхоо онгойлгоод ч нэмэргүй. Нөгөө талаас өдий хүйтэнд шахцалдан суух нь дулаахан ч юм шиг. Гэвч өвлийн энэ жавар татуулсан хүйтэнд шатахууны үнэ нэмэгдсэнээс болж сэнсээ үлээлгэхээ болиод удаж байна. Гэтэл бас хир нь зууралдаж гялтайсан суудал дээр бөөлжис нус зэрэг наалдсан байх нь үнэхээр сэжиг хүргэм.

Хүлээж байгаад хамгийн сүүлд суусан залуу хаалганы хажууд сууж, кондуктор хажууд нь зогсч таарлаа. Тэр толгой дээгүүр нь гараа явуулан мөнгөө хураана. За арын дөрөв мөнгөө нийлүүлээд явуулчих гэж хэлээд мөнгөө хураахдаа толгойг нь зохино. Мөнгөө хурааж дууссаны дараа тоолохдоо хацрыг шүргүүлэхэд өнөө залуу муухай хараад өнгөрөв. Ингээд л хэд цохиулан барцатаа арилгуулсан мэт цааш явна. Тэр хулгайн унаагаар явдаг учир 32-ын тойрог хүрэв үү үгүй юу эрээн мод дохин замын цагдаа зогсооно. Тэгээд бараг 20 минут нааш цааш холхилдон байж арай гэж нэг юм учраа олон жолооч залуу 5000 төгрөгөөр торгуулан цааш явахад нь журмын хашаа ороогүйд л баярлан явна даа. Цагдаад торгуулчихаад хашрахгүй цааш зогссон хугацаагаа нөхөх мэт ниснэ дээ. Хүн болгон айж сандран зөөлөн яваачээ гэвэл жолооч хурдаа бага зээрэг сааруулсан ч удалгүй дахиад л хурдаа нэмнэ.

Гэтэл манай хойд хөршид нийтийн тээвэрт микро автобус үйлчилдэг ч чих дөжиртөл орилдог кондуктар байдаггүй. Жолооч нь мөнгөө хураагаад буудал болгон дээр дүүртэл биш хэсэг хугацаанд л зогсож, хууль дүрмийн дагуу урт сандалд гурван хүн суулгаад хөдөлдөг үйлчилгээ байдаг байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага гэж бий Нийтийн тээврийн газрын стандартыг шинэчлэн 2009 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ MNS 5012:2008” стандарт гэж байдаг. Гэвч энэ нь цаасан дээр хэрэгжиж бодит байдал дээр хэрэгждэггүй. Түүнчлэн нийтийн тээврийн газраас том, бага оврын бүх аж ахуйн нэгжид тасалбар түгээдэг байна. Гэвч микро автобусны үнэ нэмэгдсэн ч тасалбар олгодоггүй. Үүнийг хянаж, арга хэмжээ авдаггүй нь микро автобус дураар үнээ нэмэх нэг сэдэл болоод байна.

Энэ талаар нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээлэлийн ажилтан Б.Баттулгаас тодрууллаа;

-Микро автобус үнээ нэмж үйлчилж байна. 2009 онд батлагдсан журам байдаг. Энэ журам мөрдөгдөхгүй их удаж байна. Танайхаас энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Микро автобуснууд нийтийн тээврийн газраас олгосон тасалбарыг таслах ёстой. Сүүлийн үед зорчигчид том оврын автобусанд зорчихдоо билетээ нэхдэг болсон нь зөв. Бас микро автобуснуудаас ч нэхэх хэрэгтэй. Ийм зөрчил илэрсэн тохиолдолд манай 321490, 323176, 326352 гэсэн утсанд 24 цагийн турш ямар чиглэлийн хэд гэсэн дугаартай микро байсныг хэлж тэмдэглүүлэх хэрэгтэй.

-Микро автобуснууд чиглэлийг 2-3 тасалж орой 20.00 цагаас хойш хот дотор үнээ нэмдэг. Нэг л удаад мөнгөө төлөөд явах ёстой газар оройн цагаар хэд хэд бууж суун илүү мөнгө төлдөг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-22.00 цагаас өмнө зорчигчид 500 төгрөгөөр л үйлчилүүлэх ёстой. Дээрх тохиолдолд мөн л манай утсанд мэдэгдэх хэрэгтэй.

-Мөнгө хураагч нар хэрүүл хийж хүмүүсийн амгалан тайван байдлыг ихээр алдуулдаг. Мөн хүүхэд, оюутнуудыг ад үзэх зэрэг тохиол их байдаг. Автобусны кондукторуудын харилцааны тал дээр ямар шаардлага тавьдаг вэ?

-Зорчигчид өдөрт 3-4 удаа автобусанд суудаг. Харин кондуктор өдөржин ажиллаж их бухимддаг. Үүнийг бас зорчигчид ойлгох хэрэгтэй. Харин оюутнуудыг гэрээсээ сургууль хүрч, буцах төлбөрийг улсаас өгсөн байдаг. Гэвч оюутнууд хичээлийн бус цагаар архи уусан байдалтай их явдаг. Түүнчлэн мөнгө хураагч нарыг өдөн хэрүүл хийх тохиолдол бас их бий.

Б.Учрал

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих