Үе удмаараа хордоод эхэлсэн Хонгорын иргэдийг санахыг ч хүсэхгүй байна

Тэднийг тоохгүй байгаа нь АН-ыг дэмжсэний төлөөх МАН-ын өшөө авалт уу-

667 өрх айлтай сумын иргэдээс долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн мэдээллийн Хонгор сумын иргэн Ш.Саранцэцэг хэлж байгаа юм. Энэ хэвийн хорогдол гэж үү. Жишээлбэл сүүлийн таван жилд Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон зэрэг сумдад хорт хавдраар нэг ч хүн өвчлөөгүй байна. Хорт хавдрын өвчлөлгүй ийм сумд цөөнгүй. Хавдар судлалын үндэсний төвд л гэхэд жилдээ 3300 орчим хорт хавдартай өвчтөн бүртгэгддэг аж. Үүнээс элэгний хорт хавдар дийлэнх хувийг эзэлдэг байх юм. Хонгор сумын эрчүүд шиг түрүү булчирхайн хорт хавдар тун бага хувийг эзэлдэг гэнэ.

Цианит натрид хордсон гээд байгаа казах, урианхай, өөлд иргэд голдуу замынхаа урд талд амьдарна. Бас нүүж ирсэн хэмээн гадуурхагдаж амьдардаг болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Таван жил хамуутай, тэмбүүтэй гэж хэлэгдэж байгаа хүмүүс шүү дээ. Замын хойд талын айлуудад цувраа гурван худаг гаргаж өгсөн хэрнээ эд нарт бол өгөөгүй. Ихэнх нь ажилгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт энэ хавиас тун цөөхөн иргэн ажилд авсан ч сонгуулийн дараа хоморголон халсан. Эдгээр иргэдийг арчаагүй, анхиагүй гэх албан тушаалтан бий. Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны байцаагч Н.Лхагвасүрэнтэй уулзлаа.

-Хонгор сумын иргэд хордсон гэдэгтэй санал нийлдэг үү?

-Бид чинь нэг агаартай, нэг уснаас ус ууж байгаа шүү дээ. Хонгор сумын зарим иргэд цианит натрид хордсон гээд хэл ам хийдэг. Улс төрийн болоод эд хөрөнгийн сонирхлоор ийм мэдээлэл тараадаг байх. Хэл ам хийдэг нөхдүүд голдуу ажил төрөлгүй, амьдрал тарчиг ядуу байдаг юм. Хонгор сум хордсон гэдэг нь нотлогдвол төр засгаас 20-40 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн яриа ч бий. Иргэний хөдөлгөөнийхөн 2008 оны сонгуулиар улс төр хийж Хонгор сумын иргэдээр мөн их тоглосон доо.

-Иргэн Ш.Саранцэцэг долоо хоногт 2-3 иргэн хорт хавдраар нас барж байна гэсэн ярилцлага өгсөн. Энэ хэр бодитой тоо бэ?

-Торж л байдаг, үхэж л байдаг хорвоо шүү дээ. Нас баралтгүй сум гэж байхгүй.

-Таван жил хамуутай гэгдсэн иргэд байна лээ?

-2007 оноос өмнө Хонгор сум халуун ус байгаагүй учраас их бохир заваанаасаа болоод хамуурсан. Одоо цэвэр усны асуудлыг бүрэн шийдээд хамуу өвчин байхгүй болсон. Хонгор сум хордсон гэх мэдээллээс болоод эдийн засгийн асар их хохирол хүртсэн. Өмч хувьчлалаар цөөхөн хэдэн хүн баяжиж жирийн иргэд маш их ядуурсан. Үүнээс үүдээд Хонгор сум хоёр хуваагдан хордсон, хордоогүй гэж талцахад хүрсэн л дээ.

-Таван жил хамуурах уу?

-Би эмч биш болохоор сайн мэдэхгүй. Байгаль орчноо сайхан хамгаалж, үр шимийг нь хүртээд явж байна.

-2007 онд байгаль орчин бохирдсон уу?

-Манай сумын газар дэлхий мөнгөн усаар хордсон нь үнэн. Хордсон гэдэг нь шинжилгээгээр тогтоогдоод холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн байх шүү гэж ярилаа.

Шүүхээс энэ сумын иргэдийг хордсон гэдгийг нотолсон. Тэгсэн хэрнээ нэгч иргэнд эрүүл мэндийн нөхөн олговор олгоогүй. Харин хордсон газраас шавар авч байшингаа шавардсан иргэн Ганхуягийг хохирогчоор тооцон гэр өгсөн байдаг аж. Хонгор суманд УИХ-ын гишүүд хааяа нэг ирдэг байна. Тэгэнгүүт нөгөө хордсон гэх гомдол гаргахаар очдог. Тэдний үгийг хордоогүй гэх иргэд сонсдоггүй. Тэр ч бүү хэл хурлын дараагаар “Хамуу, тэмбүүтэй гэж нутгийн нэр унагалаа” гээд элбээд зодчихдог байна.

Хэрхэн гадуурхаж буйн бас нэг жишээг бичье. Долдугаар ангийн сурагч С.Смайл дотуур байранд суудаг байж. Тэгээд нэг өдөр крантын уснаас уутал гэдэс нь цэрдийж бүх биеэр нь битүү ногоо идээтэй зүйл туурчээ. Тэгээд эмнэлэгт хэвтэн хоёр удаа хагалгаанд оржээ. Түүний аав У.Сагангайд “Хонгор сумын ус хортой байна” гэсэн яриаг гаргажээ. Үүнээс үүдэн сургуулийн удирдлага С.Смайл хүүг гуравдугаар ангид сурдаг охин дүүгийн хамт сургуулиас хөөсөн байна.

Тийм учраас цөхөрсөн иргэдийн дийлэнх нь нүүгээд явчихжээ. Замын урд талын айлуудад ороход цай хийж өгөхгүй. Гадны хүн тэртээ тэргүй уухгүй гэдгийг мэдэж байгаа юм. Санаа дагаад ч тэр үү. Хонгор сумын нутагт хоёр хоноход толгой тархи жигтэйхэн өвдөх юм билээ. Таван жилийн өмнө асгарсан хорны нөлөө одоо гарч байна гэхэд хилдсдэхгүй.

Эмч, докторууд “Хордсон эмэгтэйчүүд эхэндээ үр зулбана. Хэсэг хугацааны дараа жирийн тээх авч хүүхэд нь төрөхдөө ямар нэгэн гаж хөгжилтэй төрнө.(Одоогоор гаж хөгжилтэй найман хүүхэд төрөөд байгаа гэнэ) Түүний дараа гаж хөгжилтэй төрөлт нь зогсоод зүгээр хүүхэд төрдөг болно. Харин төрсөн хүүхдүүд 11-12 нас хүрэхээрээ саажилттай болно” гэж дүгнэсэн. Ийм дүгнэлт гаргасан эмч нарын ихэнх нь ажлаасаа халагдсан юм билээ. Харин эрчүүдийн хувьд дотор эрхтэн идээлэх 12 нугалаа гэдэс нь шархалж доош цус алдах шинж тэмдэг илэрдэг гэх юм билээ.

Мал амьтны тухайд аймшгийн киноны дүрслэлүүд л санаанд орно. Хоёрдугаар багийн 7-32 тоотод оршин суух Живзмаа гаргасан өргөдөлдөө “Манай 52 толгой мал цианит натри гэдэг хоронд хордож үхсэн. Үүнээс 14 төл мал гаж хөгжилтэй гарсан. Зургаан хөлтэй, духан дээрээ ганц нүдтэй, хамаргүй, доод эрүүгүй, шээсний сүв нь битүү гарсан байлаа” гэсэн юм.

Мөн тэрээр “Миний нөхөр Чойжил 2008 онд гэнэт хорт хавдраар өвдөж, Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх тасагт нас барсан. Талийгаач маань Хонгор сумаас хордлого тайлах эмчилгээнд явсан арван хүний нэг байсан. Одоо миний бие ходоод, улаан хоолойн шархлаатай гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтад байна,” тэжээ. Хонгор сумын хордлогоос үүдээд энэ айлын амьдрал тун бүрхэг болжээ.

“Мич” компаниас алдагдсан химийн хортой бодис зам даван урссаар дээрх айлуудааас 200 метр зайд байрлах бохирын сантай нийлсэн. Тэр бохирын сангаас анх нь мал ууж хордсон билээ. Яг энэ зайд байрлах айлуудаас 2-5 хүн хорт хавдраар нас бараад байна. Тодруулаад хэлэхэд нэг айлаас л гэхэд таван хүн хорт хавдраар нас барсан аж.

УИХ-ын гишүүн Л.Гансүх “Хонгор сум хордсон” гэдэг асуудлыг сонгуулийн өмнө хүчтэй тавьж байсан. Харин БОАЖЯ-ны сайд болонгуутаа ямар ч алхам хийгээгүй. Хонгор сумын иргэд хордсон газраасаа нүүгээд явчихаж болдоггүй юм уу гэсэн асуулт хамгийн түрүүнд тавигддаг. Иргэд нүүхийг хүсч байгаа ч нөхөн олговор олдож магадгүй гэсэн бодлын үүднээс суугаад байгаа юм. Тэд нарт нөхөн олговор олгоно гэсэн ойлголтыг АН, ИЗНН болоод УИХ-ын гишүүн С.Баяр, С.Оюун, Л.Гансүх, УИХ-ын гишүүн асан Б.Мөнх-туяа, М.Зоригт нар тархинд нь гүн бат суулгачихсан юм билээ. Нөгөөтэйгүүр “Эрүүл орчин-Ирээдүй” төлөө хөдөлгөөний тэргүүн Ш.Саранцэцэг “Манай сумын иргэд сонгууиар АН-ыг дэмжсэний горыг амсаж байна” гэсэн юм. Энэ үнэний ортой байж болох.

“Хүн болгонд өөрөөсөө ч нуудаг нууц бий” гэдэг шиг төр засгийн тухайд Хонгор сумын хордсон иргэдийг мартахыг ч байна. УИХ-ын сонгуулиар улс төрийн шоу болон хэлмэгдсэн энэ суурингийн орхигдсон, мартагдсан иргэд химийн хорны нөлөөг хэдэн үеэрээ амсаж мэдэхээр байдалд амьдарч байна шүү дээ.

hongor

Цианит натрид хордсон газрыг ийн хашаалжээ

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих