Д.Цоодол: Харамчийнханы дууль

871

Айхавтар гар чангатай ах дүү 2 байлаа
Алдаж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байжээ
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядна.
Үе дамжсан баян Харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр бүрээс сайтай өвөлжинө гэвэл худлаа
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ 3 наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй
Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ.
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
“Гал гаргадаггүй өдөр”-өө гээд халгаахгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэн, үгийн хачир болгоно.
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарав.
Халх гол руу агт туух юм болж
Хамгийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв.
Харамчийнхан л яадаг бол, гар нь тэнийхгүй дээ
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.
Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хураан ирлээ
Буруу зөвгүй номхон аль л хурдан, хурцыгаа
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү 2 Харамч 2-лаа цэрэгт өгсөн юм.
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм.
Цурам хийлгүй хүлээн ээж нь 2 хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай Харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд 2 харамч явсан гэдэг.
“Сумаа харамлаж байж энэ 2 сүйд болно доо” гэж
Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм.
Унахын учиргүй уул шиг 2 сайхан хархүү
Ургахын улаан нарнаар 2-лаа унасан гэдэг
Хамгийн хүнд мөчид ЭХ ОРОН таниасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй.


URL:

Сэтгэгдэл бичих