Я.Санжмятав УИХ-ын дэд даргын суудлаа өгөх үү, эсвэл Л.Цог шиг гүрийх үү

67

Ардчилсан намынхан хаврын чуулганы эхэнд Бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгох тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэхээ Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн. Тэрбээр “Хаврын ээлжит чуулган эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Гишүүд байна. Үзэл баримтлал байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага авах боломжгүй болно. Гэхдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна” гэсэн байдаг.

Ингэснээр сөрөг хүчнийхэн парламентаар хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах эрхгүй болох юм. Гэтэл үүнээс урьтаж УИХ дахь АН-ын бүлгийн шошготой явсан Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа албан ёсоор гарснаа зарлаж, шинэ улс төрийн хүчин байгуулахаа мэдэгдчихлээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат спикер Г.Занданшатарт албан бичиг хүргүүлэхээс үл хамааран сөрөг хүчний үйл ажиллагаа бүдгэрч эхэлж байна.

Хуульд заасны дагуу АН-ын бүлэгт ногдсон УИХ-ын дэд даргын суудлыг давхар өгөх шаардлага тэдэнд давхар тулгарах юм. Өмнөх парламентын үед уг албыг УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Р.Гончигдорж нар хашиж байсан бол өдгөө Я.Санжмятав гишүүн УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Харин АН УИХ-д албан ёсоор Бүлэггүй болсныг спикер Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд зарласнаар Я.Санжмятав гишүүнийг дэд даргын албан тушаалаасаа шууд чөлөөлөгдсөнд тооцох хуулийн заалт үйлчлэх учиртай. Учир нь, УИХ-ын тухай хуулийн

12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно. хэмээн заажээ.

Хуулийн заалтаа дагавал Я.Санжмятав гишүүн Бүлгийнх нь үйл ажиллагаа дуусгавар болсон өдрөөс дэд даргынхаа сэнтийгээс бууна гэсэн үг. Харин өмнөх парламентын үед дэд даргаар ажиллаж байсан Л.Цог гишүүний жишгийг дагавал одоогийн УИХ-ын үйл ажиллагаа дуусгавар болтол энэ албандаа гишүүн Я.Санжмятав үлдэж болох нь. Учир нь, 2012-2016 оны шинэ парламент бүрдсэний “Шударга ёс” эвслийн квотоор дэд дарга болсон Л.Цог Эвслийн бүлэг тарсны дараа ч уг албан тушаалаа хашсаар бүрэн эрхээ дуусгавар болгосон байдаг.

Энэ талаараа тэрбээр “Хуульд сайн дураараа эсвэл гэмт хэрэг хийсэн тохиолдолд УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгадаг. Тиймээс би сайн дураараа албан тушаалаа өгөхгүй. УИХ-ын дэд даргын суудлаас буухгүй” гэсээр бүрэн эрхээ дуусгасан билээ. Үүн шиг Я.Санжмятав гишүүн УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөхгүй байх “боломжтой”. Гагцхүү Л.Цог гишүүн шиг гүрийж чадвал шүү дээ.

С.Сүлд

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих