АН-ын коммунистуудыг бурхан “сугалж“ өгөв үү

-30082017-1504077810-2078303301-17990227_1326687910753563_8509438543967723621УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр улс төрийн хүчин байгуулж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан намаас хөөгдсөнөө бурхны тавилан байсан гэж харж байна. Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харав. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан.

Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж, шинэ Ардчилсан намыг байгуулж, шинэ хөгжлийн төлөө, шинэ Монголын төлөө намыг байгуулж, ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй намыг байгуулж байна.

Шударга ёсны төлөө амиа золиослох хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Бид өнөөдрөөс Монголын хөгжлийн төлөө хамгийн тодорхой, зөв бодлогыг хэрэгжүүлэх болно. Ард түмэн газрынхаа, баялгийнхаа, төрийн эрх мэдлийн эзэн байх болно. Хамгийн гол нь Монголын ард түмэн ирээдүйнхээ эзэн байж, ирээдүйдээ итгэлтэй байх шинэ цаг үеийн, шинэ Монголын нам байх болно” гэсэн юм.

Ийнхүү УИХ дахь АН-ын есөн гишүүний хоёр нь туурга тусгаар нам байгуулахаа зарлалаа. Үүнийг өмнө нь МАХН нэрээ сольж МАН болсонтой адилтгах хүн ч байна. Үнэхээр төрийн эрхийг AH, МАН ээлжлэн барьсан өнгөрсөн 30 шахам жилийн жишгээр бодвол АН-ын хувьд 2020 оны сонгуулиар үнэмлэхүй биш юм гэхэд ямартаа ч ялалт байгуулах магадлалтай.

Гэвч дотоод хагарал зөрчил нь гүнзгийрэх юм бол 2012 оны өмнөхөн нэрээ сольсон МАН-ын алдааг давтах боломжтой юм. Харин өдгөө өрнөөд байгаа УИХ-д цөөнхийг бүрдүүлж буй АН-ын дотоод зөрчил хэрхэн үүссэнийг эхнээс нь тайлбарлавал сонин дүр зураг гарна. Тодруулбал, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард МАН-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар УИХ-ын тухайн үеийн дарга М.Энхболдод бичиг өргөж байлаа.

Цөөнгүй зүйл заалттай тэр бичгийн утга агуулга нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд хамаарал бүхий этгээддээ авч өгсөн, гадаадын тусгай албад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэх мэт байв. Гэхдээ гол үзүүр нь УИХ-ын гаднаас Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг авсанд нь дургүйцсэн хөдөлгөөний шинжтэй байсан гэхэд болно. Ийнхүү зүүний чиг баримжаатай намын дотор хагарал гарсан юм.

Тиймээс тухайн үед УИХ дахь АН буюу есөн суудалтай цөөнхийн бүлэг Засгийн газар огцрох нь зөв гэх шийдвэр гаргаж байлаа. Мөн АН-ыг төрийн эрх барьж байсан бүх цаг хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал орж ирэх бүрт хүчтэй сөрөг хүчин байсан МАН үргэлж дэмжиж ирсэн юм. Үүнийгээ бодсон ч, үзэл баримтлалаа харсан ч, үгүй ядаж сөрөг хүчин гэдгээ санасан ч эрх баригч намын Засгийн газар огцрохыг дэмжих нь бараг зүй ёсны асуудал байсан.

Гэвч АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Засгийн газар огцрохыг дэмжээгүй. Түүгээр барахгүй дараа нь бараг Ерөнхий сайдаар овоглогдон явдаг улстөрчидтэй хамтран УИХ-ын даргыг огцруулах жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байв. Харин өдгөө АН-ын хоёр УИХ-ын гишүүн намаасаа туурга тусгаарлаж шинэ нам байгуулахаа зарлаж байна. Тиймээс дээрх гишүүдийн хэлснийг эш татаж бурхан АН-аас коммунистуудыг нь салгачихав уу гээд байгаа хэрэг.

Яагаад ингэж байна гэхээр АН саяхан шинээр батлуулсан үзэл баримтлалдаа барууны чиглэлийг хатуу барихаа тусгаад байгаа. Анхнаасаа таван намын нэгдэл гэж явдаг тус улс төрийн хүчний гол “зовлон” үзэл баримтлал нь байсан юм. Учир юу вэ гэхээр тэдний дунд социал демократ нь ч, либерал нь ч байсан хэрэг. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд аль нэг чиг баримжааг баримтлахад хүнд байсан нь дамжиггүй.

Халамж тараах, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэтээр эрх баригчдын өнгөн дээр хэн ч гарч ирсэн яг л адилхан бодлого барьж байсныг саяхны түүх гэрчилнэ. Харин одоо АН шинэ үзэл баримтлалаа зарлачихаад байна. Тэдний чиг шугамаа болгосон либерализм нь хүний эрх чөлөөг ханган хамгаалах, төрийн оролцоог хязгаарлах, парламентат ёс, олон ургалч үзэл, зах зээлийн тогтолцоог гол үнэт зүйлсээ болгосон байдаг юм. Үүнтэй зөрчилдөх, үгүй ядаж зөрчилдөж мэдэх гишүүд нь тэгвэл намаасаа явж байна. Нэг талаас дэмжлэгээ алдаж байгаа мэт боловч цэвэрших өнгө рүүгээ орж байгаа гэсэн үг. Үзэл баримтлалын хувьд шүү дээ. Тиймээс л АН-ын коммунистуудыг бурхан сугалж өгөв үү гээд байгаа юм.

АН-ын задралыг эхнээс нь хөөх юм бол олон явдлыг тоочиж болно. 2012-2016 оны хооронд эрх барьж байхад АН-ын Нэг ардчилал хөдөлгөөний залуусыг өнөөгийн Ерөнхийлөгчийн ч гэж болох хүмүүс элдвээр хочилж байлаа. Тухайлбал, Х.Тэмүүжин “сайн ах” болсон бол Лу.Гантөмөр “мүүнчин”, М.Батчимэг “гадаадын тагнуул” гэгдсэн билээ. Бас 2016 оны сонгуулийн дараа намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас шалгаруулах сунгаа ч ардаа багагүй шарх сорви үлдээсэн байх талтай.

Тус сунгаанд оролцож явсан Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгчийн төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг намынхаа удирдлагыг эсэргүүцэхийн тулд ажлаа өгч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүнийг өс хонзон өвөртлөн ирэв үү, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор АН-ын удирдлагыг авахаар шулуудав уу гэсэн олон таамаг нийтийн дунд хөвөрч байна.

Бас түүний үүсгэн байгуулсан “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн нам болон өндийж дээр дурдсан хоёр гишүүн элсэх байх гэсэн таамаг ч гарч байгаа. АН-ын шинэ үзэл баримтлалын дагуу “жийгдээд” байгаа социал демократ үзэл баримтлалаас үүсвэртэйгээс ургуулан бодсон хэрэг л дээ. Ямар ч байсан АН-ын дотор хагаралдан, цэвэрших явдал гарч байна.

Магадгүй дээрх бүх явдал нийлээд ирэх жилийн сонгуулийг нь бодоход энэ намын хувьд хүнд цаг үе тохиож байж болох. Гэхдээ АН, МАН-ын нэр хүнд арав гаруй жилийн өмнө ч сайн байгаагүй. Сонины шарласан хуудас эргүүлээд харахад “Ард түмэн гуравдагч хүнийг үгүйлж байна” гэсэн утга бүхий бичээс 2000-аад оны үед цөөнгүй байжээ. Гэтэл 2016 онд МАН УИХ-д л гэхэд 65 суудал авч, нэгээс бусад аймаг дээр ялчихаж байлаа.

Тэгэхээр өнөөдөр АН-д тохиолдоод байгаа явдлаас харахад хамгийн чухал нь цэвэрших нь болохоос ялагдах нь биш байж болох юм. Баруунтан байтлаа зүүнтэн шиг, зүүнтэн байтлаа баруунтан шиг холилдсон намуудын өнгө төрх галбирших нэг шатаа тууллаа гэдэг өнцгөөс харахад шүү.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Ж.Баяр

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.