Хүүхэд хүчирхийллийн БАЙ, ЗОЛИОС болох ёсгүй

102

Дөрөвхөн настай хүү хойд эцгийнхээ харгислалд гурван хоног тарчилж, өдгөө ГССҮТ-д ухаангүй шахуу хэвтэж байгаа дүр зураг хүн бүрийн зүрхийг шимшрүүлж байна. Хүүгийн зургийг харсан хүн бүрийн сэтгэл өвдөж, хүүд туслахсан, хурдан эдгээсэй хэмээн залбирч сууна. Харин эмч нарын зүгээс “зодуулсан хүүгийн биеийн байдал маш муу, найдвар тун бага” гэх харамсалтай мэдээллийг өгчээ. Учир нь хүүгийн гарны тохой хэсгээрээ хугаралтай, хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэж гарсан байна.

Гэтэл хүүг тарчлаан зовоосон хойд эцэг нь гурван хоног цагдан хоригдоод одоо батлан даалтад гарч, гадуур эрх чөлөөтэй явна.

Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй тул хойд эцгийг нь батлан даалтад гаргаад байгаа гэнэ. Харин өдгөө уг хэргийг прокурорын хяналтан дор цагдаагийн байгууллага шалгаж байна. Гэхдээ ил болж байгаа нь цөөн болохоос хаалганы цаана хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгааг бид мэдэхгүй.

Ингэж хэлэх нь ч учиртай. Яагаад гэвэл, хойд эцэг нь битгий хэл төрсөн эцэг нь хүүхдээ харгислан тамлаж байгаа нийгэмд бид амьдарч байна. Энэ хэрэг гарахаас зургаахан хоногийн өмнө хэвлэлээр “Хүүхдээ үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны амруу хийж түлсэн хэргийн тухай нийтлэгдсэн. Тодруулбал, Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь орсонгүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн байгаа юм. Ингээд харахаар үл ялих шалтгаанаар хүний өөрийнгүй хүүхдүүдийг тамлан зовоож байна.

Орондоо шээлээ, үгэнд орсонгүй гэх шалтгаан хүүхэд зодож, зовоох үндэслэл мөн үү. Орондоо шээж, үгэнд ороогүйнхээ төлөө амиа өгөхөөс холгүй нийгэмд бяцхан хүүхдүүд амьдарч байна гэж үү. Нийгэм хэцүү байж болно, стресстэй ч байж болно. Тэглээ гээд хүүхэд хүчирхийллийн БАЙ, ЗОЛИОС болох учиргүй.

Хүүхэд нас гэдэг бол хамгийн гэгээн нандин, инээж хөөрч, эрхэлж туниж явах тийм л сайхан дурсамжтай нас. Гэтэл энэ насанд нь хүүхдүүдэд баймгүй их зовлонг үүрүүлж, хүчирхийллийн золиос болгож байна.

Хэдхэн жилийн өмнө хойд эх, төрсөн эцгийнхээ харгислалыг дийлэлгүй дөрөвхөн настай охин хорвоог орхисон, хүүхдээ заазуурдсан, сандлаар цохиж аминд нь хүрэх шахсан гээд хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаа хэргүүдийг бид мартаагүй л байна. Гэтэл эл хэргүүдээсэээ сургамж авч, хүүхдүүдээ хамгаалах ёстой байтал хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаа гэмт хэргүүд ар араасаа гарсаар байгаа нь дэндүү харамсалтай.

Хүүхэд аав ээжийн баяр баясгалан, гэр бүлийн аз жаргал байх ёстой болохоос араатан шинжтэй харгис хэрцгий хэн нэгний гарын чилээг гаргаж, гадуурхагддаг байх ёсгүй. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн бай золиос бяцхан хүүхдүүд  болох ёсгүй.

Б.Аз

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих