“Боинг”-ийн төлөөлөгч өнөөдөр манай улсад ирж байна

166

“МИАТ” компани өнгөрсөн нэгдүгээр сард “Боинг-737 Max 8” загварын онгоц хүлээн авч, паркаашинэчилсэн.

Гэвч олон оронд гарч буй энэ онгоцны осолтой холбоотойгоор ИНЕГ-аас манай улсад “Боинг-737 Max 8”” загварын онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл АНУ-ын ““Боинг” компаниас өчигдөр “Боинг-737 Max 8” загварын онгоцыг ашиглаж байгаа Азийн орнуудыг хамруулан онлайн хурал зохион байгуулав.

Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдоос тодруулбал, “Энэ удаагийн хурал хоёр дахь нь юм. Өмнөх хурлын үеэр тус компанийн зүгээс осолтой холбогдуулан хийж буй ажлуудаа “Боинг-737 Max 8” онгоцны нислэгийг сэргээхэд юу хийх шаардлагатай байгааг танилцуулсан. Өчигдрийн хурлаар авиа компаниудын асуултад хариулт өгч, мэдээллээ шинэчлэн танилцууллаа. Дараагийн цахим хурал энэ баасан гарагт болно. Хурлын үеэр нисэх багийн сургалттай холбогдуулан авиа компани юу хийх, “Боинг” компани хэрхэн дэмжих талаар болон тус онгоцны техник үйлчилгээний бичиг баримтад ямар өөрчлөлт орох талаар ярих байх. Энэ талаар бусад оронд яриад явж байгаа юм билээ. Ер нь онгоцны осолтой холбоотой зардал мөнгө яригдаж, үйлдвэрлэгч “Боинг” компани авиа компаниудаа хэрхэн дэмжих талаар санал солилцож байна” гэв.

Тэрээр, “Боинг”-ийн Азийн бүс нутгийг хариуцсан захирал улс орнуудыг тойроод уулзаад явж байгаа. Өнөөдөр тус компанийн нэг захирал манай улсад ирж байна. Бид уулзаж гол гол асуултандаа хариу авч, эхний ээлжинд ерөнхий байдлаар тус компанийн санал болгож буй шийдэл, хариутай танилцана” хэмээн нэмж хэлэв.

Манай улсын хувьд (“МИАТ” ТӨХК) “Боинг-737 Max 8” загварын онгоцтой холбоотой асуудлыг “Боинг” компаниас гадна мөн түрээслэгч “Avolon” компанитай ярьж байгаа аж. Тус компанийн төлөөлөлтэй гуравдугаар сарын 28-нд уулзах бөгөөд энэ үеэр тавдугаар сард авчрахаар төлөвлөж байсан “Боинг-737 Max 8” загварын мөн хоёр шинэ онгоцны талаар ярилцаж хэлэлцээр хийх аж.

Дээрх бүх нөхцөлтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар “МИАТ” ТӨХК “Боинг-737 Max 8” онгоцыг цаашид яах талаар эцэслэн шийдээгүй, шинэ онгоцыг зогсоосон алдагдалтай холбоотой тооцоолол хийгээгүй байна. Харин шинэ онгоц нисэж байх үед хэдий хэмжээний ашиг олох боломжтой байсан талын тоцооллыг хийж, “Боинг” болон түрээсийн компанидаа мэдэгдээд байгаа аж.

“Боинг”-гийн нислэгийг зогсоосон онгоцнуудыг хуучин онгоцоор сольж орлуулахад сард нэг онгоц тутамд 250 мянган ам.долларын зардал гарахыг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ.

Өмнө нь төлөвлөснөөр бол “МИАТ” ТӨХК таван шинэ онгоц түрээсээр авч, тэр бүрт хуучин онгоцоо сольж буцаах юм. Эхний хуучин онгоцыг тавдугаар сарын 30-нд, дараагийн онгоцыг арванхоёрдугаар сарын 15-нд буцаах юм. Нэгэнт хуучин онгоцоо буцааж байгаа учраас оронд нь нисэх онгоцыг бэлэн байлгах ёстой. Энэ дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж МИАТ” ТӨХК-иас мэдээлж байна. Тус компани өнгөрсөн хоёр сард шинэ “Боинг”737 Max 8” онгоцоор Банконг, Хонконг, Европын чиглэлд нислэг үйлдсэн байна. Одоо шинэ онгоц сул зогссоноор хуучин зургаан хөлгөөрөө хуваарьт нислэгээ хэвийн үргэлжлүүлж байна.

Тодруулга: Нислэгийг нь зогсоогоод байгаа “Боинг” онгоцнуудыг хуучин онгоцнуудаар сольж орлуулахад сард нэг онгоц тутамд 250 мянган ам.долларын зардал гарах талаар “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Тухайлбал,“Боинг”-ийн шинэ загварын онгоцны хамгийн том худалдан авагч буюу “Боинг-737 MAX” загварын 34 онгоц эзэмшиж буй “Southwest Airlines” компани ойролцоогоор 8.5 сая ам.долларын нэмэлт зардал гаргахаар байгаа аж.

Б.Болд

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.