Хэний ч таамаглаагүй нөхдүүд сайдын сэнтий рүү мөлхлөө

С.Батболдын танхимын шинэковууд тодорлоо. МАН-ын бүлгийн хурлаар Сангийн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхарваа, Ц.Даваасүрэн нар нэрээ дэвшүүлснээс Ц.Даваасүрэн нэрээ татсан юм. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Х.Баделхан, Р.Буд, Н.Ганбямба Х.Бадамсүрэн, Р.Раш нар нэрээ дэвшүүлснээс Р.Раш гишүүн нэрээ татав.

Мөн Батлан хамгаалахын сайдад Ц.Батбаяр Д.Загджав Х.Жекей Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ дэвшүүлснээс Б.Бат-Эрдэнэ.Д.Арвин, Э.Мөнх-Очир Д.Одбаяр нар нэрээ татаж үлдсэн дөрөв нь өрсөлдөхөөр болсон билээ. Сайн дураараа өөрийгөө өргөмжилж, үлдсэн таван сарын хугацаанд салбар толгойлж, халаасаа түнтийлгэх гэсэн санаархлаа цөөнгүй гишүүн нууж чадсангүй.

Дур эзнээ голохгүй гэгчээр аашилж, танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж марзганасан талаар нөхөд нь тохуурхаж байлаа. Ямартай ч нэр дэвшсэн гишүүдээс гурван хүнийг сонгох нууц санал хураалт үдээс хойш болсон юм. Бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн эхэлсэнээр нууц санал хураалтыг хоёр удаа явуулсан гэнэ. Ингээд эцсийн үр дүнгээр Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад олон хүн нэр дэвшсэн ч, санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар саналын тоогоороо тэнцжээ.

Иймээс эл хоёр эрхмийн асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсон байна. Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн сайдын суудлаас татгалзаж байсан ч намын шахалтаар санал хураалтад оролцсон гэх мэдээлэл цуурайтав. Жадамбаа генералын хүү аавынхаа алдрыг дахин дуурсгах алтан боломж олдлоо хэмээн батлан хамгаалахын салбарынхан ярилцаж буй бол улс төрийн хүрээнийхэн залуу хүний хувьд итгэл найдвар хүлээлгэх болсон билээ.

Гэхдээ эцсийн шийдвэр Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэгдэнэ. “Алим” Ц.Батбаяр гишүүний тухайд намынхаа дарга болоод удирдах албан тушаалтнуудтай шөргөөцөлдөж, үг сөрж байдаг тул найдвар бага хэмээн нөхөд нь таамаглал дэвшүүлээд байна. АН-ын эсэргүүнүүдтэй хажуу хавиргаараа сүлбэлдэж, даргынхаа өөдөөс том дуугардаг түүнийг Удирдах зөвлөл эерэг хариулт өгнө гэдэг эргэлзээтэй.

Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн дахин сайдын суудлаас татгалзаж, нэрээ татвал түүний хувьд том боломж нээгдлээ л гэсэн үг. Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлийнхний таамаглаж, нэрийг нь баталгаажуулах л үлдээд байсан нөхдүүд сураггүй болж, хэний ч таамаглаж байгаагүй эрхмүүд хүч түрэн орж ирлээ.

Нэгэнт олонхийн саналыг авсан тул удирдах зөвлөл мянга эсэргүүцээд нэмэргүй бололтой. Д.Дэмбэрэл даргын гурван нөхөр ийн сонгогдсон бол тойргийн гаднах марафон хүчтэй өрнөсөөр байна. Одоо Тэргүүн Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нар тодрох үлдлээ. Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Авто замын газрын дарга Ц.Цэнгэл нарыг өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн Удирдах зөвлөл хуралдах үеэр шинээр зарим нэг хүний нэр дуулдаж байлаа. Тэргүүн шадар сайдад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарыг дэвшүүлж магадгүй гэсэн сураг дуулдаж байлаа. Шинээр томилогдох сайд нар энэ долоон хоногт албан үүргээ хүлээн авах юм.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих