Н.Энхбаяр: Надад ял өгөхөд оролцсон хуулийнхан бүгд гавьяа шагнал хүртсэн

179

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн .  Түүний хууль, хяналтын байгууллагын шударга бус үйлдлийн талаар хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна. 

-“Эрдэнэт”-ийн 49 хувь зэрэг олон булхай, луйвар дээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нэг баг болж, өмчөө хамгаалж эхэлсэн.  Тэр өмчийнх эсрэг ярьж эхэлсэн Н.Энхбаярыг шоронд оруулах шаардлага гарсан учраас хуулийн байгууллагыг ашигласан.


-Тэгээд Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томилсон.  Энэ  хүн мэргэжлээрээ олон жил ажиллаагүй.   “Билиг” дээд сургуульд багшилсан гэсэн бичиг хуурамчаар гаргаж ирээд Ерөнхий прокурор болсон байдаг.


-Түүний дараа Д.Дорлигжав Л.Сэргэлэн гэдэг залууд даалгавар өгсөн. “Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өг.  Түүний оронд чиний асуудлуудыг шийдвэрлэж өгнө” гэж аргагүй байдал оруулсан юм билээ.  Тэгээд миний эсрэг мэдүүлэг өгүүлж, намайг баривчлуулах, хэрэгт хийх ажлууд эхэлсэн. Онгоцоор ном зөөсөн, газар зарсан зэрэг хэрэгт буруутгаж эхэлсэн байдаг.


-Худлаа гэдгийг нь мэдсээр байж, ямар мөрдөн байцаагч дээр өгөх үү, ямар прокурор, шүүгч дээр очуулж дэмжүүлэх үү гэдгийг нарийн зохион байгуулсан.


-Намайг шийтгэж, ял өгөхөд оролцсон  бүх хууль шүүхийн байгууллагынхан гавьяа шагнал хүртсэн байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн хуралдааныг даргалж надад ял өгсөн С.Соёмбо-Эрдэнэ гэдэг шүүгч одоо дэвшээд явж байна.  Үнэн хэрэгтээ энэ шүүгч Сонгинохайрхан дүүргийн шүүхэд ажиллаж байхдаа хэргийн материалыг урж хүнд туслаад шүүх эрхээ хасуулж байсан хүн.


-Мөн миний хэрэгт Ё.Сагсай гэдэг прокурорыг яллагчаар тавьсан.  Тэр хүний тухай хачин мэдээллүүд надад ирсэн. Алдаа гаргасан,  хэлмэгдсэн нөхрийг нь суллахдаа эхнэртэй нь бэлгийн харьцаанд орсон асуудал хүртэл байна. Тэгж нөхрийг нь сулладаг асуудал хүртэл гарч байна.  Энэ одоо юу гэсэн үг вэ.  Тэр үед Сагсайдах гэдэг үг хүртэл хуулийн хүрээнд яригдаж байсан.  Ийм л прокурортой улс байна.  Тэрийг Ц.Элбэгдорж аягүй бол мэдээд барьцаалж байсан.  Ийм зүйлээр барьцаалуулсан  хүн хүн алахаас буцахгүй байгаа байхгүй юу.


-Ингэж ямар нэгэн байдлаар асуудалтай  хүмүүсийг барьж аваад, түүгээр нь дарамталж, Н.Энхбаяр, Л.Гансүхийг шоронд хий,  Н.Алтанхуягт хэрэг үүсгэ тэгэхгүй бол чамайг ингэнэ шүү, тэгнэ шүү гэж дарамталдаг байсан юм билээ.


-М.Алдар гэж алдартай шүүгч байна. Ц.Оюунчимэг шүүгч байна.  Эд нар нийлж анхан шатны шүүх хурал дээр надтай ямар ч холбоогүй асуудлаар хэрэг үүсгэж, алх цохиод л ял өгчихөж байгаа юм.


-Түүний дараа давж заалдсан.  Нийслэлийн шүүхийн даргаар ажиллаж байсан  Б.Сарантуяа гэдэг шүүгч шүүх хурлыг даргалсан.  Шүүгч Х.Эрдэнэсувд, Т.Алтанчимэг нар оролцож,  шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Үүний дараахан  нь тэр Б.Сарантуяа шүүгчийн нөхөрт нь Ц.Элбэгдорж гавьяат цол өгчихсөн байдаг. Биеийн тамирын багш хүн л байсан юм билээ л дээ.  Түүнчлэн Сарантуяа шүүгчийн хүүхдийг шүүгчээр томилчихож байгаа юм.  Тэгэхээр тэр шүүгч Ц.Элбэгдоржийн даалгаврыг биелүүлэхгүй гээд яахав дээ.  Манай  муу өмгөөлөгчийг “Суу чи, зайл чи” гэж байгаад л ял өгсөн.


-Уг нь Үндсэн хуульд иргэн холбогдох шүүх хуралдаа биеэр оролцох эрхтэй. Гэтэл шүүх хуралд намайг оролцуулаагүй.


-Үүний дараа Дээд шүүх дээр очсон. Тэнд С.Нямжав гэж шүүгч даргалсан. Т.Батсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Уранцэцэг нарын таван шүүгч сууж байгаад хэргийг ямар ч өөрчлөлтгүйгээр надад ял өгсөн.


-С.Нямжав нь сайд асан У.Барсболд гэдэг залуугийн ээжийнх нь дүү.  У.Барсболд Хөшөөтийн уурхайг хууль бусаар авсан хэрэгтэй, тухайн үед асуудал нь хүнд байсан.  Тэгээд Ц.Элбэгдорж дээр “Ах аа намайг авраач ээ” гээд орсон юм билээ.  Түүний хариуд тэгвэл чи “Ахаараа Н.Энхбаярын асуудлыг зохицуул” гэсэн юм билээ.


-Дандаа ийм но-той асуудалд орсон, эсвэл хүмүүст шагнал өгч хүмүүсийг ашигладаг. Маш муухай шударга бусын хонгил бий болсон.  Н.Алтанхуягийн хэлдэг үнэн л дээ.  Энэ  хууль бус хонгилын системийг засахгүй бол үнэхээр болохгүй.


-Ц.Элбэгдорж нарын багийг дэмждэг шүүх, прокурор,  АТГ бусад хуулийн байгууллагуудын оролцсон ийм бүхэл бүтэн сүлжээ байна.  Сая Д.Эрдэнэбилэгийг 24 цаг ч болсонгүй суллачихлаа.  Ер нь энэ бүхнийг дээрээс нь удирдаад сууж байгаа хүн нь Ц.Зориг.


-Ийм хамгаалалттай байгаа учраас одоохондоо эд нар их зоригтой байна.  Шүүх дээрээ оч л гэнэ. Айхгүй байна л гэнэ.  Н.Алтанхуягийн хэлдгээр бүх шүүгч нарыг нь солиод дуудахаар эд нар яах бол.  Ийм зоригтой байж чадах болов уу.


-2017 оны сонгуульд намайг хүмүүжилгүй гээд оруулаагүй.   Би шүүхэд миний ялтай ялгүй хамаагүй, Өршөөлийн хуульд хамрагдсан гэдэг бичгээ хүргүүлсэн.  Гэтэл шүүхээс намайг засраагүй байна гээд сонгуульд оруулахаас татгалзсан. Тэр үед Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга М.Алдар байсан.  Тэд тэгж үзэж байгаа шүү дээ.   Энэ бол шударга бус шүүхийн хонгилын нэг хэлбэр байсан.


-Ийм хачин үнэний төлөө тэмцэж байгаа хүний үг үнэн биш.  Хулгайгаа нуух гэж байгаа хүний үг үнэн болдог ийм хачин тогтолцоо бий болчихоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.