Э.Болор-Уянга: Уран бүтээлийнхээ тоонд бус чанарт анхаардаг

180

Эстрад болон поп дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Болор-Уянгыг сонсогч фенүүд нь андахгүй. Тэрбээр анх Д.Эрдэнэцэцэг агсны дуулсан “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг дуунуудыг нь өөрийн хоолойны хэв маягт тааруулан дуулж гарч ирснийг сонсогчид сайн мэднэ.

Монголын алтан үеийн дуунуудыг амьдруулж дахин сонсогчдын хүртээл болгосон гэдгээр нь илүү таних болов уу. Сүүлийн үед “Охин минь том болж байна” нэртэй дуугаа дүрсжүүлж гаргасан бөгөөд уран бүтээлийн олз омог арвинтай яваа түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна даа?

-Сүүлийн үед хүмүүсийн хэлдгээр жаахан эмо байгаа шүү. Уянгын дуунууд хийж байна. Гэхдээ хөгжмийн найруулгадаа их анхаарч мэргэжлийн тал дээр их ажиллаж байгаа. Ер нь л би их уярамтгай уйламтгай болчихожээ.

-“Охин минь том болж байна даа” гэсэн дуу нь хит болж байна аа. Энэ дуу бүтсэн талаараа ярихгүй юу?

-”Охин минь том болж байна” дуу маань МХО-ны С.Ганчимэг багш маань дөнгөж оны өмнө гавьяат багш болоод байсан тэр үед ч гэсэн миний охин өөрийн төрсөн өдрөөрөө МХО-нд уран зургийн үзэсгэлэнгээ гарах гээд бэлдэж байлаа би ч бас охиндоо яаж гоё бэлэг барихав гээд бодоод олддоггүй.

Гэтэл сүүлийн үед нийгэмд бяцхан охидыг минь хүчирхийлэх, хүүхдүүд алга болох зэрэг таагүй мэдээлэл маш их гарах болсон.Тэгээд ер нь охиндоо зориулж гоё дуу зохиолгоод энэ дуугаараа дамжуулж тэр муухай зүйл байхгүй болоосой, аав ээжүүд ер нь том хүмүүс гудам,сургууль,цэцэрлэг гээд олон нийтийн газар хаана ч тэр танидаг танидаггүй хүний өөрийн хамаагүй өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хамгаалж хүндэлж тэдэнд тусладаг байгаасай гэж хүсээд МУСГЗ зохиолч,яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахад хандан та надаа гоё энхрий үр хүүхдээ өхөөрдсөн,хайрласан бас би өөрийнхөө охины онцлогийн тухай хэлж шүлэг хийлгэсэн. Тэгээд С.Ганчимэг багшаар аяыг хийлгэн дуу маань бүтсэн мөн охиндоо үзэсгэлэн дээр нь анх удаа дуулж өгч тэнд цугларсан бүгдийг нь уйлуулж билээ.

Хөгжмийн найруулгыг “Нисванис” хамтлагийн гитарчин Цацаа хийж, мастеринг нь “Болор” хамтлагийн дуучин гитарчин С.Оргил ах маш гоё хийсэн. Мөн клипийг нь ч гэсэн их хөөрхөн гоё хийж өгсөн “Sevenstars” студи маань гээд энэ дуунд бүгд их гоё нэг л тийм өхөөрдөм сэтгэлээр ажилласан учраас хүмүүст их таалагдсан байхаа би тэгж боддог.

-Урын сандаа хэчнээн дуутай байна. Бие даасан тоглолтын тухайд дахин тоглох бодол төлөвлөгөө бий юу?

-Би ер нь тийм ч олон дуутай биш миний өнгө аясд тааруулж зохиогдсон хөгжимлөг аялгуутай дуу дуулах дуртай учраас магадгүй нэг дуун дээр их удаан ажилладаг байх. Цомогт орсон 20-25 дуу байгаа бас хүмүүст  сонсгоогүй дуу их олоон. Тоонд бус чанарт илүү анхаардаг. Чанар гэхээр заавал хит байх биш түр зуурын хит болгож,стайл хөөхөөс илүүтэйгээр дуу шиг л дуу дуулахыг зорьдог юм.

Тоглолтын талаар 2015 оны 1 сарын 30-нд бага хэмжээний тоглолт хийгээд тэр тоглолтоороо  Дархан, Эрдэнэт хотуудад тоглож байлаа. Их л зоригтой алхам хийсэн гэж өөрөө хардаг.  2016 оны 5 сард “Энэ миний огторгуйд” цомгоо гарган цомгийн баяр гэж бас бага хэмжээний тоглолт хийсэн.  Мөн2017 оны 6 сард бас “Ladies Summer Night” гээд шоу хийж байсан. Одоо харин том биш ч гэсэн багахан хэмжээний тайзны тоглолт хийе гэж бодож байгаа.

-Сараа гавьяаттай их хамтарч уран бүтээл хийж, арга хэмжээнд оролцдогийн хувьд хамгийн ойрынх нь хүн байх. Гарынх нь шавь уу?

-МУГЖ Зууны Манлай Б.Сарантуяа дуучныхаа байгуулсан “Saraa’s music production” -нд нь туслах дуучнаар ажиллаад овоо хэдэн жил болжээ.

Мэдээж намайг сонгож надад хамтран ажиллах санал тавьсанд нь одоог хүртэл талархалтай хүндлэлтэй ханддаг. Шавь гэж хэлүүлэхгүйгээр маш ихийг поп хатагтайгаасаа өдөр тутам алхам бүртээ суралцаж туршлага хуримтлуулж байгаа. Би Сараа эгчийг намайг шавь гэж битгий хэлээрэй тэртээ тэргүй би танаас суралцаж байгаа гэж хэлдэг. Би бол дотны хүн төдийгүй ажилтан нь шүү дээ. Энэ продакшинд орсноор маш олон том нэг үгээр хэлбэл “А” зэрэглэлийн тайзнаа дуулсан даа.

-Д.Эрдэнэцэцэг агсны дуулсан “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн шинэчилж дуулсан байдаг. Энэ талаараа?

-Би ер нь азтай. Одоог хүртэл 30 гаруй жил дуулагдсан хүмүүсийн сонсох дуртай дуу нь байсаар байгаа сонгодог, поп дуунуудыг албан ёсных нь дуулах эрхийг авч өөрийн цомогтоо оруулж олонд таниулах эрхтэй байна гэдэг маш том хувь шүү дээ гэж баярлаж явдаг.

Сая гэхэд цэргийн баяраар МУГЖ Д.Жаргалсайхан ахынхаа “Эрхүүгийн хавар” гээд Эрдэнэт хотноо болсон тоглолтонд нь өөрийх нь зохиосон дууг зарлаад дуулах надад бол маш гоё мэдрэмж байлаа.

“Учралын эгшиг” дуу минь Жагаа ахын маань дуучин агсан Д.Эрдэнэцэцэгт зориулж зохиож дуулуулсан 1987 оны 3 сарын 8-нд бүтсэн дуу болхоор би их хайрлаж хүндэтгэлтэй ханддаг энэ дуундаа.

-Таныг урлагийн мярашгүй сэтгэлгээтэй дуучин хэмээн Сараа гавьяат магтсан байна билээ. Энэ тал дээр өөрийн бодлыг нь сонсвол? 

-Сараа эгч минь тайзнаа 30 гаран жил амьдарсан хүн надад ийм дүгнэлт хэлсэнд би баярлаж улам шантралгүй ажиллах ёстой гэж бодож явдаг.

-Ер нь уран бүтээлд шүүлт шүүлтүүр тавьдаг уу?

-Би бусдыг шүүхээс илүү өөртөө л анхаарал хандуулдаг хүн. Бас өөртөө зохимжгүй дуу дуулахыг нээх боддоггүй. Аливаа зүйлд мэдрэмж маш чухал байдаг учраас шүүлт хэрэгтэй шүү.

-Уран бүтээл хийж болно, хамгийн гол чанар чансаа, цаашид амьдрах амь болоод хэр удаан оршин тогтнох уу гэдэг дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Тиймээ миний хувьд олон дуу дуулж хит, имиж гэхээсээ илүүтэйгээр маш олон жил дуулагдах дуу л дуулахыг хийхийг илүүд үздэг. Хүн ер нь заавал дуучин гэлтгүй өөрийн сонгосон дуртай ажлаа амьдралдаа хоолоо болгож чадаж байвал тэр нь заавал нас,хугацаа хамаагүй бас сонголтоо зөв хийжээ гэж үздэг.

-Уран бүтээлийн талбар дээр ямар дуучидтай илүү ойр дотно харилцаатай байдаг вэ? 

-Би сонгодог, ардын, рок поп, зураг, баримал, бүжиг, жүжиг гээд бүх урлагийнхаа эгч ах нар найз нартай хүндлэл,сайхан харилцаатай байдаг шүү дээ. Салбар бүрийн их олон найзтай гэж онгирдог.

-Хувийн амьдралынхаа тухайд, охиноо танилцуулбал?

-Миний охин ээжийн нарийн бичиг, туслах, шүүмжлэгч, дууны инжинер гээд олон юманд туслана.Улсын сургуулийн 4-р ангийн сураг. Уран зургийн дугуйланд явж байгаа их л зурах сонирхолтой.

Аль болох охиноо чагнаж,  хийх дуртай хүсэж байгаа зүйлд нь чадлынхаа хэрээр дэмжлэг болж өөрийнхөөр нь байлгахыг хүсдэг. Бусдын л адил өглөө ажилдаа, хүүхдээ хичээлд нь гээд л хотынхоо түгжрээнд олон юм амжуулчих санаатай гэлдэрч байна. Гэхдээ би тайван тансаг байх дуртай. Тэр нь юу вэ гэвэл бүх юмнаас өөрийгөө таслаад нам гүм газар амттай хоол идэж, дарс шимэн суух дуртай. Тухтай нь аргагүй юм бодоод суух дуртай, мэдээж хачир нь сайхан хөгжим байх.

-Ээж охин хоёрын амралтын өдөр болоод чөлөөт цагийг сонирхож байна?

-Охин бид хоёр амрарлтын өдөр бараг зав гардаггүй юм. Охин англи хэл, зургийн дугуйландаа, би тоглолтгүй байвал гэр орны цэвэрлэгээ хоол хүнсээ цуглуулах, дууны бичлэг энэ тэрэндээ охины дугуйлангийн цагийг нь зөрүүлээд л амжуулна даа. Заримдаа бид хоёр бүх юмаа хаяад агаарт гарчихдаг. Хүчээр гэхүүдээ зав гардаггүй болохоор.

-Хань ижилтэй болох талаар бодож байна уу? 

Хань ижлийн талаар учиргүй яараад бодоод байдаггүй шүү дээ. Хэрвээ болохоо хүрвэл таарч тохирвол болох л байх гээд нээх тоодоггүй юмаа.

-Зав гарахаараа юу хийдэг вэ. Ер нь амрах чөлөөт цаг гэж гардаг уу? 

-Чөлөөт цаг их хомс юмдаа, тийм цаг гарвал аль болох амрах дуртай, найз хүүхнүүдтэйгээ уулзахыг хичээдэг,ер нь л ихэндээ ганцаараа тайван байх дуртай.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард охины минь төрсөн өдөр бас сурагчдын урт амралт болдог. Тэр үед ямарч ажилтай байсан орхиод охинтойгоо аль нэг тийшээ аялаж охиндоо юм үзүүлдэг, тэр үед ажлаа  төлөвлөөд зохицуулчихдаг. Зун нь бас яаж ийгээд хэд хоног ажлаа зохицуулаад охиноо аваад хөдөө явдаг иймэрхүү л чөлөө хүчээр гаргана даа.

-Охин нь зурах авьяастай юм билээ. Ирээдүйд охиноо ямар хүн байгаасай гэж эх хүний хувьд хүсч, тэмүүлдэг вэ?

-Охин минь ямарч мэргэжил эзэмшиж юу ч хүсэж мөрөөдсөн дэмжинэ. Гол нь охин минь хүмүүжилтэй гаж сонирхолгүй, хүнийг хүндэлдэг хайрладаг, сэтгэл зүрхтэй, соёлтой, ухамсартай хүн болж л төлөвшөөсэй гэж хичээдэг.

-Одоогийн нийгмийн байгаа байдлыг ямар нүдээр хардаг вэ, залуу хүний хувьд?

-Яг үнэнээ хэлэхэд одоогийн нийгмийн байдал, хүмүүсийн харилцаа, улс төрийн байдал гээд сайхан болж байгаа гэх юм нэг ч алга.Хүмүүсийн хошигноод байдгаар нөгөө айдас хүйдэстэй гэдэг шиг л байна. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хүмүүсийн ааш араншин,зан чанар өөрчлөгдөөд байх шиг. Хамгийн чухал зүйл нь хүмүүс хүмүүжил соёлгүй,ухамсаргүй болж байгаад маш хэцүү санагддаг. Бүхнийг хүн бүтээдэг,гэвч бүтээх сэтгэл үгүй болчихоор сайхан зүйлүүд нүдэнд харагдахгүй байгаа байх гэж эмзэглэдэг.

-Таны хобби? 

-Би их олон хоббитой. Аялсан тасалбаруудаа цуглуулдаг, бас урд нь маш их DVD CD,VCD цуглуулдаг байсан бас видео хальс  гэх мэт. Олон нүүдэл суудал хийгээд тэд нарыгаа зөөхөд их хэцүү байсан нэг газар хадгалуулсан одоо харин хэрэглэж болдог болов уу, бас анхны гэсэн тодотголтой юм бүхнээ хадгалдаг. Миний хувьд дурсгал дурсамжтай гэсэн бүхнээ. Би бас бүжиглэх хоббитой тэр тусмаа сонгодог бүжгэнд гоё бүжиглэнэ.

-Эмэгтэй хүн тэр дундаа урлагийнхан мэдээж гоё сайхан байх үүрэгтэй. Гоо сайхан болоод гоё тансаг хэрэглээндээ хэр мөнгө зарцуулдаг вэ?

-Тэгэлгүй яахав өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй өөрийгөө хүндэлж байна гэсэн үг бас тэр чинээгээрээ бусдад болон гэр орон үр хүүхэддээ үлгэрлэж чадах боловуу. Би учиргүй их гоо сайхандаад гүйгээд байхгүй ч завсар зайгаараа амжуулна.

Харин янзан бүрийн гоо сайхны хагалгаа биш шүү байгаагаа будаг шунх арчилгаагаар өөртөө тааламжтайгаар торддог. Бас нэг үзэл маань гоо сайхан гоё харагдана гэдэг нь дотроосоо бас өөрийгөө бодол санаагаараа өөдрөг байлгаж удирдах хэрэгтэй юмшиг санагддаг.

-Үнэт эдлэлийн талаар өөрийнх нь байр суурийг сонирхоё? 

-Миний ганц сонирхдоггүй зүйл маань үнэт эдлэл. Ямар ч байсан тайз, дэлгэцэнд хувцас хунар,төрхөндөө тааруулаад ээмэг зүүлт бугуйвч зүүдэг, монет, мөнгөн эдлэл бас гар хийцний тийм гоё зүйлүүдийг хэрэглэдэг.

-Урлагийн салбараа ямар байгаасай гэж хардаг вэ, үнэлж цэгнэвэл?

-Чингисийн Жагаа ах маань нэгэн удаа “урлагаар хамаагүй оролдож болохгүй ээ,хатуу шүү бас их эмзэг, ихэмсэг түүнтэй маш болгоомжтой харицах ёстой” гэж хэлж байсан. Би бодохдоо маш үнэнч тууштай хэн хөдөлмөрлөж чадсан нь тэнд үлддэг байх гэж боддог. Ер нь бол одоо бол хэт өнгөц хялбараар хандаж байгаа нь олон харагддаг. Үнэн байгаасай, шудрагаар хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацааны шалгуур шүүх байх.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна, залуу хүний хэтийн зорилгыг сонирхож асуувал?

-Цаашид түрүүн хэлсэн гоё тайзны тоглолт хийнэ, бас мэргэжилийн олон олон жил дуулагдах дуунуудаа хийнэ. Мөн суралцах зүйл их байгаа болохоор сурч байгаа. Зөндөө л төлавлөгөө байна. Эрүүл л байвал бүгдийг амжуулж хийж болох байх.

-Ярилцсанд баярлалаа?

-Баярлалаа.


О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.