Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд “завсарлага” нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу…

183

Хүн амины шүүх хурлын дараагаар гурван хар нөмрөгтэй шүүгч тусгай өрөөнд орон кофе уунгаа алуурчинг цаазлах, өршөөх, ял оноохоо шийдээд гараад ирдэг.

Тэр гурван шүүгч гучин минутын дотор хүний амь нас, амьдралыг шийдэж байгаа мэт боловч мөрдөн байцаах, прокурорт хянах, шүүхэд шилжих процесс нь шүүгчид гэмт хэрэгтэй танилцах бүтэн жилээр шахам хангалттай хугацаа ордог. Тийм учраас тийм хурдан, шуурхай мэт харагддаг болов уу.

УИХ-ын хууль санаачлах процессууд бараг л ийм зарчмаар явдаг юм. Гэтэл УИХ-ын гишүүд гэнэт ухаарсан аятай “Хуультай танилцаагүй, уншаагүй, Завсарлага авья” гэж орилолдоно. Мэдээж тэр хуулийг гурав ч юм уу, тав хоногт бүрэн уншиж амжихгүй. Бүхэл бүтэн ажлын хэсэг цаана нь ажиллаж байгаа шүү дээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэлцэж байгаа хуультай холбогдуулан “Гурав хоногийн Завсарлага” хүсэв. УИХ-ын дарга Г.Занданшатар гурав хоног биш гурван цагийн завсарлага өгч олон нийтийн хүлээлтийг түргэвчлэв бололтой. Тэгээд ч гурван цагийн “Завсарлага” дуусахад АН ямар ч шийдэлгүй, санаачилгагүй гөлийгөөд сууж байх юм. Гурван цагийн дотор долоон гишүүн гарц гаргалгаа ярихын оронд тал тал тийшээ тараад алга болж байгаа юм. Шүүгч нар хүний амийг гучин минутад шийдээд болж байхад гурван цагийн дотор хуулийн санал, гарц гаргалгаа оруулж чаддаггүй гишүүдийг яалтай билээ.

Тэдэнд санаа сэдэл алга. Тийм учраас Завсарлага нэрээр ажлаа тасладаг, морь малаа эргэдэг, гадаад руу явчихдаг байдлыг УИХ халах хэрэгтэй. Зарим сонгодог парламент бүхий танхимд Завсарлага гэж байдаггүй, намууд санал зөрөлдсөн тохиолдолд дарга нар нь уулзаад асуудлаа нэгтгээд ороод ирнэ. 3,5, 7, 14, 30 хоногоор завсарлага авна гэж юу байх вэ. Тийм учраас Завсарлага хэмээх зальжин аргацаасан, бултсан байдлаас парламент татгалзах нь зөв шүү.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.