“Ланд унах заяатай ч лаа барих тавилантай” Өмнөговьчууд тэсвэр алдав

Хөрсөн доороо хэдэн галавын түүхийг хадгалсан говь нутаг дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Магадгүй энэ их баялагийн эзэн болоод төрчихөөгүйдээ зарим нэгэн битүүхэн атаархдаг ч байх. Харин дэлхийд ч цуутай өмнийн говийнхон өнөөдөр энэ их баялагийн эзэд болж төрсөндөө гомдож сууна.

Уул уурхайн урилгагүй зочдын хөлд дарагдаж, онгон дагшин байгаль эхээ хөндүүлж, нүүрс тээвэрлэлтийн улаан тоосонд даруулж, доголдсон цахилгаан станц царайчлан аж төрж байна. Ямартаа л “Ланд унах заяатай ч лаа барих тавилантай” хэмээн бусдад тавлуулж суухав. 2000 онд байгуулагдсан Даланзадгадын дулааны цахилгаан станц сүүлийн хоёр дахь жилдээ эрчимтэй доголдож Даланзадгад хот болон тус станцтай холбоотой таван сумын иргэд байнгын гэрэл цахилгааны хязгаарлалт, эрчим хүчний дарамтад амьдрах болсон.

Тус дулааны цахилгаан станц нь Монгол Улсын засгийн газрын 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр гаргаж шавыг нь 1998 оны зургадугаар сарын 1-нд тавьснаар БНСУ-ын “Хьюндай-Инженеринг” компани теслийг хэрэгжүүлэн 2000 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй.

12 дахь жилдээ сайн муугаа дуудуулж буй тус станцын тухай дурьдахдаа тус төслийг анхлан санаачилсныг чичилдэг. Гэхдээ говь нутгийхаа ирээдүйн сайн сайхны төлөө удаа дараа санал болгон байж тус төслийг дэмжүүлснийг буруутгах ёсгүй. Даланзадгад өөрийн гэсэн дулааны цахилгаан станцтай болно гэдэг тэр үедээ нэлээн том дэвшилт байсан.

Харин тухайн төслийг хэрэгжүүлэх үед хяналт тавих ёстой Түлш эрчим хүчний яам, эрчим хүчний газар, мэргэжлийн хяналтынхан гээд шат дараалсан эрхмүүд нь юу хийж байсан юм бол оо. Зөвхөн бодлогын хүрээнд л нөлөөлсөн нэгнийгээ ийн хэлүүлэх нь хэн нэгэнд ашигтай байна уу. Үнэндээ өмнийн говийнхон улс төрийн золиос болоод байна уу гэсэн хардлага иргэдийн дунд гарч ирээд байна.

Энэ нь оргүй хардалт бус үнэний ортой. Яагаад гэхээр 2011 онд Өмнөговь аймаг өөрийн хөрөнгөөр 3.9 сая долларын өртгөөр Даланзадгадын дулааны цахилгаан станцад 3 мвт-ын хүчин чадалтай өргөтгөл барьж эхэлсэн. Тэрхүү өргөтгөлийг барьж байх явцад аймгийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт явуулан ажлыг нь зогсоож байсан.

Шалгалтад бүдэрсэн болохоор үйл ажиллагааг зогсоох нь зүйн хэрэг. Харин анх дулааны станцыг баригдаж байхад хяналтынхан нь хаана юу хийж байсан юм бол оо гэсэн асуулт гарч ирээд байна. Энэ асуултын хариултыг иргэддээ тайлбарлаагүй учир өнөөдөр иргэдийн хардлагыг буруутгах учиргүй.

Уужим тал шигээ уужуу сэтгэлтэй говийнхон төрийн өмчит ДзДЦС-ыг доголдолгүй болчих болов уу хэмээн төрд итгэсээр өнөөдрийг хүрсэн. Харин одоо итгэл алдарсандаа цөхөрч гомдол нэхэх боллоо. 10 гаруй жил гэрэлтэй гэрэлгүй өдрүүдийг үдэж дуугүы явна гэдэг говийнхноос л гарч болох тэвчээр. Монголын хөгжил өмнийн говиос эхлэх учиртай бол тухайн бүс нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр улс төржихгүй баймаарсан.

Төр болон орон нутгаас жил бүр татаас авч, сүүлийн жилүүдэд түүхий эдээ үнэгүй авдаг болсон Даланзадгадын дулааны цахилгаан станц “сахил аваад шал дордов” гэгчээр өнгөрсөн 2011 оны өвөл харанхуй зогссоноор үл барам хотоо хөлдөөж, энэ өвөл ч мөн хэд хэдэн газрыг хөлдөөгөөд авсан. Тухайн нөхцлөөс үүдэн хохирол амссан иргэдийн хохирлыг барагдуулах нь бүү хэл иргэдээсээ уучлал гуйж сураагүй станцын удирдлагууд үүссэн нөхцөл байдлаа тайлбарлахдаа болохгүй бүхнээ тоть мэт давтдаг.

Гэтэл үнэхээр зайлшгүй гарсан гэмтэл нь хэд, ажлын хариуцлага алдсан нь хэд байгаа бол. Ингэж хэлэхийн учир 2010 онд газардуулагчийн кабель хулгайд алдагдсан. Тухайн кабелийг энгийн нэгэн иргэн хулгайлах ямарч боломжгүй рэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. 2011 оны есдүгээр сард тус станцын ТУЗ-ийхөн манай аймагт ирж хуралдахын өмнөхөн гарсан доголдлын шалтгаан нь тус байгууллагын ажилтан тос арчиж байсан алчуураа төхөөрөмжид хийж орхисноос үүдсэн гэмтэл байсан.

Тэгэхээр энд ажлын хариуцлага, байгууллагын болон шат шатны хариуцлагын талаар онцлох хэрэгтэй. Энд хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Өнгөрсөн жил Өмнөговь аймаг улсад 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн харин энэ жил 118 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна. Орон нутгаа төдийгүй Монгол орноо тэжээж буй аймгийн иргэд харанхуй нийгэмд цаг үеийн мэдээлэлгүй амьдарч байна гэдэг эмгэнэл гэхээс өөр юу гэх билээ.

Ямар нэгэн зүйл нь гэмтлээ гэхэд солих нөөц сэлбэг байхгүй учраас ирэх долоон сард төвийн шугамд холбогдож байж Өмнөговь аймаг найдвартай гэрэл цахилгааны эх үүсвэртэй болох нь. Гэтэл баттай эх сурвалжийн мэдээлснээр есөн сард төвийн шугамд холбогдно гэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаараа 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. “Эдийн засгийн өсөлтийн үр шимийг шууд хүртэж чадахгүй байгаа өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт зэрэг багц үйлчилгээг дэмжинэ.

Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг ажил болгох, үр дүнд хүргэх эсэх нь дан ганц төр, засгаас бус иргэдээс хамаарна. Хамтын зүтгэл, хамтын хариуцлагаар бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж МУ-ын ерөнхий сайд хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Гэтэл Өмнөговийн цахилгаан есдүгээр сард арайхийн жигдрэхэд үлдсэн гурван сард айл өрхүүд нь хөгжиж чадах уу гэсэн асуудал бас тулгарч байна.
Мөн станцын доголдлоос болж жижиг дунд үйлдвэр өмнийн говьд хөгжиж чадахгүй байгаагийн нэг тод жишээ талх нарийн боовны цөхүүдийн зуурмагнууд бүтээгдэхүүн болж чадапгүй хаягдал болсоор байна.

Цахилгаан эрчим хүчний доголдлоос үүдэн манай аймгийн үйлдвэрлэлүүдэд нэлээн хүнд бэрхшээл тулгарч байгааг ч онцлох нь зүйтэй. Уул уурхайг хөгжүүлж болох ч унаган нутгийн иргэд дэд бүтэцгүй хэддүгээр зуунд амьдраад буйгаа мэдэхгүй бүрхэг нийгэмд баймааргүй байгаа юм. Энэ сарын 9-ний өдөр Даланзадгадын ДЦС-ын удирдлагууд аймгийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр төвийн шугамтай холбохоос нааш ямарч гэрэл сүүмийхгүй гэдэг дээр санал нийлж харин яаж тухайн ажлыг түргэтгэх вэ гэсэн асуулт тавин үлдээсэн юм.

Хэдийгээр гүйцэтгэгч нь үйл ажиллагаагаа эхэлсэн ч гэлээ яагаад хэд хэдэн гүйцэтгэгч оруулж болохгүй гэж. Төвийн эрчим хүчний шугамыг түргэтгэх тал дээр төрөөс ямар нэгэн шийдвэр гаргахыг Өмнөговьчууд амрагийн захидал мэт хүлээж сууна.

Д.Мишигсүрэн /Өмнөговь/

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих