“Brexit”-ийг зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулахыг хүсжээ

196

ЛОНДОН. /NHK/. Европын Холбооноос гарах хугацааг ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей тус холбооноос лхагва гарагт хүссэн байна.

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускад илгээсэн Т.Мейн захидалд, “Brexit”-ийг гурван сараар хойшлуулахийг хүссэн байжээ. Мөн тэрбээр, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тохиолдолд Их Британийн парламентэд дахин санал хураалт явуулахыг зөвшөөрөхгүй гэж парламентын дарга мэдэгдсэнийг уг захидалд онцлон тэмдэглэжээ.

Парламентын гишүүд Т.Мейн төлөвлөгөөг хоёр удаа батлаагүй билээ. Тэрбээр гэрээг парламентаар батлуулахыг дахин оролдохоо мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, гуравдугаар сарын 29-нөөс өмнө хуулийн чухал процедурууд бүрэн шийдэгдэхгүй байж магадгүй ажээ.

ЕХ-ны удирдагчид пүрэв гарагт Брюссель хотноо эхлэх дээд хэмжээний уулзалтын үеэр Т.Мейн хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ. Гэсэн хэдий ч түүний гэрээг Их Британийн парламентын гишүүд батлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Европын Комиссийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер лхагва гарагт Германы хэвлэлд мэдээлэхдээ, энэ долоо хоногт болох уулзалтаар “Brexit”-ийг хойшлуулах тухай шийдвэр гарахгүй байж магадгүй гэжээ. Харин ЕХ, “Brexit”-ийг хойшлуулахын тулд Их Британи шалтгаан болон сунгах хугацаагаа тодорхой болгох хэрэгтэй гэж мэдээлсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих