Төртэй гуйж биш гуядаж хэлэлцээр хийнэ

Шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс үүдэн нийгэмд бухимдал үүсээд удаж байна. Иргэдийг элгээр нь мөлхүүлсэн энэ асуудлын гол буруутнуудыг хопбогдох байгууллагууд шалгаад гаргаад ирчихсэн ч нэгэнт нэмэгдсэн үнэ буухдаа тун ч дургүй байна. Хууль бусаар үгсэн хуйвалдаж шатахууны үнийг хөөрөгдсөн ашиг хонжоо хайгчдыг ажлаас нь халж, торгууль ногдуулахаар шийдсэн ч одоо болтол шатахууны үнэ буугаагүйг бодоход төрөөс том толгойтон олон байдаг бололтой.

Тэгээд ч урьд нь шатахуун импортлочдод ногдуулсан торгууль замхараад алга болсон нь улам баталж байна. Энэ асуудлын эсрэг тэмцэж дуртай цагтаа тэнгэрт хаддаг бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн талаар Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод дуу хоолойгоо нэгтгэсэн.

Харамсалтай нь зургаан сайдын асуудал шийдээд юун иргэд, үнэ, шатахуунтай манатай байгаа Засгийн газар тэдний хүсэлтийг авч хэлэлцээгүй. Тэгвэл гуйж биш гуядаж хэлэлцээр хийлгэхээр нийслэлийн болон орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод тэмцэл өрнүүлэхээрбоплоо. Энэ талаар МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Танд Засгийн газраас хариу ирээгүйг бодоход гурван талт хэлэлцээрийг хийхгүй гэсэн санаа байгаа нь тодорхой боллоо гэж ойлгож болох уу?

-Болно. Иргэд элгээрээ мөлхөж байгаа нь тэдэнд хамаагүй гэдгийг бид харж байна. Засгийн газарт ямар ч ёс суртахуун гэж байхгүй болж. Бид өнгөрсөн баасан гаригийн 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл хүлээсэн. Уг нь хуулиндаа ажлын тав хоног гэж байдаг ч бид долоо хоног нүдээ чилтэл хүлээлээ. Харамсалтай нь зургаан сайдын асуудал шийдээд завгүй байгаа эрхэмүүд хариу өгсөнгүй. Ер нь бол ард түмэн туйлдаж байхад юун зургаан сайдын асуудал баймаар. Тиймээс бид энэ сарын 20-ны 12.00 цагаас эхлэн орон даяар хөдөлгөөн өрнүүлж жагсаал хийхээр төлөвлөсөн. Бид одоо гуйхгүй.

-Тэмцэлийг дөрвөн шатаар хийнэ гэж байсан. Ямар аргуудаар тэмцлээ явуулах вэ?

-Бид дуртайдаа жагсаж, тэмцэл хийхгээгүй. Нэгэнт ард түмнийг ингэж дорд үзэж байгаа бол бидэнд тэмцэлийн дөрвөн шаттай төлөвлөгөө байна. Эхнийх нь гурван талт хэлэлцээр хийх тулган шаардсан албан бичиг өгнө. Энэ бичгийг тэд бүгдээрээ гарч ирж авах ёстой. Хэрэв ингээд ч хариу өгөхгүй бол шатахуун импортолдог 1-2 компаниар үйлчлүүлж бусдаас нь шатахуунаа авахгүй. Ингэх эрх бидэнд бий. Биднийг элгээр нь мөлхүүлж байгаа бол бид ч бас чадна шүү дээ. Харин үүнд ард иргэд, биднийг дэмжиж чадлаараа оролцоосой гэж хүсмээр байна.

-Орон нутгаас ирсэн үйлдвэрчний эвлэлийн холбоод ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж биднийг дэмжиж оролцоно. Шатахууны үнийн хөөрөгдөл ямар шалтгаантай гэдгийг тогтоож холбогдох хүмүүст арга хэмжээ авсан ч орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байна. Орон нутгийн иргэд ч үнийн өсөлтөд дээрэлхүүлж байна шүү дээ.

Г.Дүгэрээ: Мөнгө хүүлэгчдийн ард төрийн зарим дарга байдаг

Монголын хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрчний холбооны дарга Г.Дүгэрээ хувиараа жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдийнхээ эрх ашгийн төлөө энэхүү тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэрбээр сүүлийн үед моод болоод байгаа мөнгө хүүлэгчдийн ард төрийн зарим дарга байгааг хэлж байна.

-Мөнгө хүүлэгчдийн ард төрийн том дарга байгаа талаар танд баримт бий юу?

-Байгаа. Ер нь бол мөнгө хүүлэх буюу жижиг бизнес эрхэлж, тэр дундаа лангуу түрээсэлж ажиллуулдаг иргэдэд хоногийн 10-20 хувийн хүүтэй зээл олгож хууль бусаар ашиг ологчдын ард төрийн том дарга байгаа. Жишээ нь, маш өндөр хүүтэй өдрийн зээл олгоод амьдрах гэж ядаж яваа хүмүүсийг дампууруулж, заримыг нь шоронд хүртэл хийсэн энэ хэргийн ард нэг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга байх жишээтэй. Үүнээс өөр баримт надад олон бий.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд та ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ?

-Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргахаар болсон. Өдрийн зээл гэж нэрлэгдээд байгаа энэ залилангийн хэргийг шийдэж ард нь байгаа том дарга нарыг ил гаргаж өгөөч гэсэн хүсэлт юм. Амьдрах гэж ядаж өнөө маргаашийнхаа хоолыг залгуулж явдаг тэдгээр хүмүүст дарамт олон байхад өндөр хүүтэй зээлээр сөхрүүлж байгаа дарга нарыг таслан зогсооно.

-Энэ зээлийг аваад хохирсон ойролцоогоор хэдэн хүн байгаа вэ?

-Олон хүн байгаа. Ер нь иймэрхүү үйл ажиллагаа 3-4 жил үргэлжилж байна. Тэгэхээр хэр олон хүн хохирсон нь тодорхой. “Нарантуул” худалдааны төвд гэхэд зээл аваагүй хүн ховор. Бүр микроавтобусны жолооч нар хүртэл зээл авсан байдаг.

-Зээл өгөхдөө ямар нэгэн гэрээ хийгддэггүй гэсэн үнэн үү?

-Үнэн. Жижиг бизнес эрхлэгчид банкнаас тавьдаг шаардлагыг биелүүлэх боломжгүй байдаг болохоор өдрийн зээл авдаг. Энэ нь ямар ч гэрээ хийгддэггүйгээс гадна амралтын болон өвчтэй байсан өдрүүдэд ч хүүгээ бодож асар их өрөнд унагадаг. Ингээд тухайн хүн дампуурч эсвэл шоронгийн хаалга татахад хүргэдэг.

Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих