Баян Ч.Базар ашиг орлогоо оффшор бүсэд шилжүүлж, татвараас зугтаж байна уу

201

“Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг ингэсхийгээд замхрах шатандаа орж байх шиг. Одоо энэ компани дээр Төв аймгийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд “мөрдөн байцаалтын нууц” гэдэг халхавчинд ороод байна. Харин МХЕГ-аас “Эко Алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явуулаагүй” гэдэг дүгнэлт хийгээд байгаа. Тухайн компани “ТЭЗҮ-гээ мөрдөн ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн заалт Ашигт малтмалын тухай хуулинд байхгүй гэнэ. Ингэхээр одоо тухайн компанийн ганц хоёр гүйцэтгэх албан тушаалтан хэргийн ялыг “үүрсэн” болоод “Эко Алтан Заамар”-тай холбогдох дөрвөн хүний амь нас хохирсон хэрэг хаагдах бололтой. Компанийн зүгээс яах вэ “хохирогч нарын ар гэрт хоёр өрөө байр, 49 сая төгрөг өгнө” гэдэг мэдээлэл явж байгаа. Ямар ч тэнэг хүн ойлгохоор аймшгийн осол гарчихсан, компанийн үйл ажиллагаатай яалт ч үгүй холбогдож байгаа болохоор энэ зэргийн “поп” амлалт өгч нийгмийг түр ч гэсэн амсхийлгэх нь зайлшгүй. Нидэр дээрээ юу болохыг хэн мэдэх вэ. “Эко Алтан Заамар” компанийн эзнийг баян Ч.Базар гэдгийг мэдэхгүй хүн үгүй. “Баян” гэдэг хоч зүүтлээ баяжсан эрхэмд тэр зэргийн мөнгө асуудалгүй биз. За тэр ч яах вэ.

Улс орны эдийн засаг уул уурхайгаас хараат болсон өнөө цагт Ашигт малтмалын хууль хөрөнгө оруулагчдын эрх ашиг, уурхайн эздийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд таатай мэдрэмж “төрүүлэх” чиглэлийг гол концепцоо болгож байгаа гэхэд хилсдэхгүй. Юун урт нэртэй хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлт манатай. Ганц хоёр жишээ татъя. Баян Ч.Базар гэх эрхэм Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад арав гаруй алтны болон хүдрийн уурхайтай гэлцдэг. Түүний эзэмшдэг “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар” компаниуд байгаль орчинд сөрөг үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэдийн ундны усны хомсдолд оруулдаг талаар төрийн бус байгууллагууд мянга яриад төр засгаас ямар ч дэмжлэг авч чаддаггүй нь харамсалтай. Тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар тодруулахад “Бид голдуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшсэн, ашигласан төлбөрөө төлөөгүй тохиолдолд л цуцалдаг. Хуулийн дагуу ажиллаж байгаа” гэж ярьсан юм. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд нөхөн сэргээлт огт хийгдээгүй 8871 га талбай байна гэж ЦЕГ-аас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Холбогдох яам, тамгын газар нь энэ асуудлаа мэдэж байдаг биз дээ.

Гэхэд, уул уурхайн салбарыг дэмжих, бүхий л бузар булайг нь халхлах гол шалтгаан болсон татвараа Баян Ч.Базарын компани төлдөггүй гэх мэдээлэл чих дэлсээд авлаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Мандах суманд 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Ихговь Энержи” компани аймгийн татварын газарт 689 сая төгрөгийн татварын үлдэгдэлтэй байгаа ажээ. Бидний олж мэдсэнээр “Ихговь Энержи” ХХК нь Монголын хөрөнгө оруулалттай, Монгол, Хятадын Ханги-Мандал хилийн боомтоос 165 км-т орших Мандах нуурын коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагааг эрхэлдэг компани юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Ихговь Энержи” ХХК нь Баян Ч.Базарын компани аж. Тус компанийг өнөөдөр аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж буйгаас гадна Улаанбаатар хотын харьяа дүүргийнх нь шүүхэд хандчихаад байгаа гэнэ.

Татварын байгууллага аливаа албан байгууллага, аж ахуйн нэгжийг дараагийн улиралдаа багтаж татвараа төлж барагдуулаагүй тохиолдолд хууль шүүхийн байгууллагад ханддаг юм байна. Тухайн байгууллага татвараа төлөхөөс зайлсхийсээр байвал тусгай зөвшөөрлийг нь хурааж авах үндэслэлтэй аж. Тусгай зөвшөөрлийн асуудлаас үүдээд дээрх компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шалгаж үзэхэд, 2011.10.17-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байгаа юм. Тухайн үед, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр О.Сэлэнгэ байжээ.Харин 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хувьцаа эзэмшигчийн бүртгэл шинэчлэгдэж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн бүртгүүлсэн байлаа. Үүнээс гадна Баян Ч.Базарын гэгддэг “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж 2017 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Люксенбургийн вант улсын иргэн болжээ. Ингээд харахаар Баян Ч.Базараагаар “овоглосон” компаниуд ашиг орлогоо гадаадын компаниуд руу, оффшор бүс рүү шилжүүлээд татвараас зугтаж байна гэж сэжиглэх үндэслэл гарч ирж байгаа юм.

Эх орны өнцөг булан бүрийг ухаж сэндийлж байгаа энэ олон уурхайнуудын ашиг орлого ард түмэнд, улсын төсөвт наалдахгүй юм бол ингэж дураар нь дургиулах хэрэг байна уу, ингэхэд ер нь.


URL:

Нэр: зочин Огноо: 21 March 2019

энэ базар бол хүүхэлдээ шүү дээ,ард нь багабанди,очирбат,нарын бүлэглэл бгаа ,энэ завханы 2 ч төрийг сүйтгэсэн малууд даа эрдмэн гэж энэ 2-н дээрэмдсэн мөнгөний уурхай бна,одоо төрд авч ард түмэндээ хувьцаагаар өг ,20 оноос өмнө шийдэхгүй бол ,иргэний дайн гарч төрийн хулгайчууд их хэмжээгээр үхэх болно,шудрага ёсны төлөө,ангуучдын бүлэг гарч луйварчдын үр удмыг устгах байх,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.