“Эко Алтан Заамар”-ын асуудал бас л буруу замаар будаа тээх үү

209

Дөрвөн хүний аминд хүрсэн “Эко Алтан Заамар” компанитай холбоотой хэрүүл шуугиан мөддөө намжихгүй, хууль журмын дагуу шийдэгдэхгүй бололтой. Тус компанийн удирдлагуудын буруугаас урьд нь ч бас хүний амь үрэгдэж байлаа. Хоёр жил орчмын өмнө нэг залуухан ажилчин нь хөрс хуулах машинаас гэнэт чавхадсан том төмөрт зохиулан нас барсан хэргийг хуулийнхан олигтой шалгалгүй тэгсхийгээд замхаруулсан гэдэг бол энэ удаа дахиад бүр дөрвөн хүн амиа алдав.

Тус компанийн урьд өмнөх хариуцлагагүй явдлууд нь дөрвөн хүн амиа алдахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байх магадлалтай талаар тэндэхийн зарим хүмүүс ярьж байна. Үнэний ортой л болов уу.

“Эко Алтан Заамар” компани нь 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэдэг. Харин тэдгээр дөрвөн хүн нурангид дарагдаж нас барсан Төв аймгийн Заамар сумын Хайлаас багийн нутагт өнгөрсөн оны сүүлчээс алт ухсан гэх боловч түүнээс хэдэн сарын өмнөөс нутгийн иргэд нь тус компанийн лицензийг цуцлуулах тэмцэл өрнүүлсээр өдий хүрсэн байх юм.  Хайлаас баг болон сумын удирдлагууд нь тус компанийн алт олборлолтын үйл ажиллагааг зөвшөөрөхдөө нутгийн иргэдээс асуулгүй шууд л өөрсдөө дур мэдэн бичиг хийж өгсөн байв. Тиймээс “Эко Алтан Заамар” компани, иргэдийн дунд үүсэн лиценз цуцлах эсэх маргаан Захиргааны хэргийн шүүх дээр үргэлжлэх хооронд гай болж дээрх дөрвөн хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан байлаа.

Шүүх дээр маргаантай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уг нь түр зогсоодог учиртай. Гэвч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нь энэ талаар ер анхаарсангүй. Тэр бүү хэл дөрвөн хүн амиа алдаж дээр дооргүй бужигнасан өдрүүдэд Ж.Батжаргал дарга нь хүний урманд хэргийн газар дээр очиж зовж шаналсан ар гэрийнхэн болон онцгой байдлын албан хаагчидтай ч уулзсангүй.

“Эко Алтан Заамар” компанийн захирал П.Төмөрцэцэг нь тухайн өдрүүдэд бие муу гэсэн шалтагаар хэргийн газар дээр мөн очоогүй бөгөөд хэргийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоохонд бас холбогдох хяналтын байгууллагуудад нөлөө үзүүлэх гээд гүйж явсан сурагтай. Тэгээд хэргийн шалтгааныг одоогийн байдлаар уурхайн орчимд газрын гүний ус олгойдон гарсанаас үүдэн нуралт үүссэн гэх маягаар тайлбарлаж байгаа аж. Гэхдээ уурхайн байгууламж, бохир ус татсан том далан хоёр нь хоорондоо хэтэрхий ойр байрлалтай байсан зэрэг нь зохих хууль, журамтайгаа харшилж байсан байна. Энэ мэтээр эргэлзээтэй зүйл олон байгаа бөгөөд бас л бусад томоохон хэргүүд шиг буруу замаар будаа тээхийн үлгэр болж мэдэх ажээ. Цаашид хэрэг маргаан хэрхэн шийдэгдэхийг харж л суухаас даа.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.