НПГ: Долоон шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт сэжиглэгдэж байна

219

Нийслэлийн Прокурорын газраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийснийг тоймлон хүргэе.


-Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалттай холбогдуулан хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтын асуудлыг шалгуулахаар баримт гаргаж өгсөн. Уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, хэрэг бүртгэл нээн шалгаж байна. АТГ-д шилжүүлж шалгаж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.

-Ц.Элбэгдоржийн уран зургийг хураасан хэрэгт аль дүүргийн прокурор хяналт тавьж ажиллаж байгаа вэ. Хаанаас хурааж авсан юм бол?

-Хан-Уул дүүргийн прокуророос хяналт тавин ажилласан. Тэндээс тодруулах нь зүйтэй болов уу?

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам.доллараар худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн алба, АТГ хамтарч шалгаж байна. Уг хэрэгт ХХБ-ны нэр бүхий хүмүүсийг залилах, мөнгө угаах, банкны чадварыг алдагдуулсан хэрэгт шалгаж байгаа. Прокуророос хяналт тавиад нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж мөрдөн байцаалтад буцаасан. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан нь тогтоогдвол тухайн албан тушаалтнууд гэм буруутай эсэх асуудал яригдана.

-С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг шалгасан Тагнуулын ерөнхий газрын хоёр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр албан тушаалтанг цагдан хорьсон гэсэн. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-Энэ хэргийн хувьд өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хэргийг мөрдөн шалгасан хоёр албан тушаалтанг саатуулсан. Нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Шүүгч нартай холбоотой асуудал гарах боллоо. Хэдэн шүүгчийг шалгаж байна вэ?

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт долоон шүүгчийг сэжиглэн шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол одоогоор байхгүй.

-ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдээс хэдэн гишүүнийг яллагдагчаар татсан бэ?

-Яллагдагчаар татсан таван гишүүн бий.

Г.Нацаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.