Хойд эцэгтээ зодуулсан хүү гурван хагалгаанд орж, одоогоор ухаангүй байна

224

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг  энэ сарын 11-нд Баянгол дүүрэгт гарсан. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг.

Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал сайнгүй, ухаан ороогүй байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хүүд эмнэлэгт хэвтсэнээс нь хойш нийт гурван удаагийн хагалгаа хийсэн бөгөөд яс бэхлэх хагалгаа болон нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах хагалгааг хийсэн байна.  Хагалгаа амжилттай болсон ч одоогоор ухаан ороогүй байгаа аж.

Хагалгааны талаар эмчээс нь тодруулахад, “Хүнд хагалгаа байсан ч хүү даваад гарсан . Өөрөөр хэлбэл, хагалгаа амжилттай болсон. Одоо хүүхдийн өөрийнх нь дархлаанаас шалтгаалах зүйлүүд л үлдсэн” гэх тайлбарыг өгсөн бол өөр нэг албан бус эх сурвалж, “Хүү анх эмнэлэгт ирэхдээ маш их тураалтай, сульдаатай байсан нь хойд эцгийн хүчирхийллээс гадна гэр бүл, асран хамгаалагчийн зүгээс халамж анхаарал сул байсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм. Одоогоор энэ талаар албан ёсны эмчийн дүгнэлт гараагүй байгаа юм байна.

Хүний санаанд багтамгүй үйлдэл гаргаж, дөрөвхөн настай бяцхан хүүг гурван удаа хагалгаанд ортол нь зодсон Т нь эрхэлсэн тодорхой ажилтай,  27 настай нэгэн байжээ.

Тэрбээр дөрвөн настай хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хэвтэрт ортол нь зодсон хэргээр цагдаагийн байгууллагад гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарган шалгаж байгаа юм байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих