Өнөөдөр, өдөр шөнө тэнцэнэ

234

Өнөөдөр өдөр шөнө тэнцэх өдөр. Тодруулбал, нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна. Харин маргаашаас өдрийн цаг уртассаар зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох юм.

Урт өдрүүд есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилж, намрын өдөр, шөнийн тэнцэл болдог. Түүнчлэн өдөр богиносож, шөнө уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог байна.

Түүнчлэн (2019.03.22) энэ өдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг.

Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой.

Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.


URL:

Сэтгэгдэл бичих