Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

237617-21032019-1553156813-322466745-048552b3c93bcd2ed1b5e2c769fc04d2e464d138

Нэг төрийн албан хаагч 17 хүнд үйлчилж буй үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гурван сая хоёр зуун мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд 192 мянган төрийн албан хаагчийг “тэжээж” байгаа гэсэн үг. Манай орны урд БНХАУ 1.3 тэрбум хүнд 70 сая төрийн албан хаагч үйлчилж буйгаараа бичигджээ. Харин тус жагсаалтад ОХУ 142, АНУ 147, Франц 191 хүнд нэг төрийн албан хаагч ногдсон үзүүлэлтээр гайхагдсан байна.

Өөрөөр хэлбэл, францчууд нэг төрийн албан хаагчдаа 191 хүнд үйлчилснийх нь төлөө цалин олгож байна. Манайхтай ижил хүн амтай литва улс гэхэд ердөө 20 мянган төрийн албан хаагчтай ажиллаж, амьдарч болоод л байгаа юм. Гэхдээ манай улсын хувьд тэдгээр орноос ядуу зүдүүгээр ялгарах, хот хөдөөгөөр хуваагдах онцлог бий. Түүндээ тааруулан төрийн байгууллагын орон тоог баталж, төсөв хөрөнгөө уядаг жишигтэй. Харин үүнийг нийслэлийн удирдлагууд юман чинээ тоохгүй байгаа баримтууд аудитын шалгалтаар илэрлээ.

Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд нийслэлийн төрийн албан хаагчийн орон тоог хэтрүүлсэн эсэхэд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна. Нийслэл дэх төрийн аудитын газраас Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гүйцэтгэлийн тайланд энэ тухай  дэлгэрэнгүй танилцуулжээ.

2017 онд нийслэлийн харьяаны 100-аас цөөн орон тоотой 13 газрын дэд буюу орлогч даргын цалинд 171.1 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл байх ёсгүй албан тушаалд өгөх ёсгүй мөнгө зарцуулжээ.

Нийслэлд төсвийн 90, орон нутгийн өмчит 12 үйлдвэрийн газарт, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 62 үйлдвэрийн газарт, хоёр хувьцаат компанид нийт 34.1 мянган иргэн төрийн алба хашиж байна. Төсвөөс цалинждаг нийслэлийн бүх орон тоог Засгийн газрын тогтоол, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар баталдаг. Гэтэл 2017 онд нийслэлийн харьяа 14 байгууллага дээрээс баталсан албан хаагчийн орон тоог 73-аар хэтрүүлж, төсвийн мөнгөнөөс зүй бусаар хороожээ.

Тухайлбал, “Нийслэлийн орон сууцны корпорац” ОНӨААТҮГ 11, нийслэлийн авто замын хөгжлийн газар 13, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар 23 албан хаагчаар хэтрүүлсэн байна. Дээрх 14 байгууллага баталсан орон тоог хэтрүүлснээс 631 сая төгрөгийг цалинд зарцуулсан гэж аудитын байгууллага тогтоожээ.

Мөн Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай чанартай болгох зорилгоор 2016 онд нэгэн тогтоол баталж дагаж мөрдөхийг хуулиар заажээ. Тус тогтоолд Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол нэг дэд буюу орлогч даргатай байх, 100-гаас цөөн ажилтантай бол орлогч даргагүй байхаар тусгажээ.

Гэтэл нийслэлийн Засаг дарга 2016 онд А/635 дугаар захирамж гаргахдаа дээрх чиглэлийг баримтлаагүй аж. Үүний улмаас 17 байгууллага хурган даргыг илүү зардлаар тэжээж байна. Заримд нь бүр хоёр дэд дарга илүү гарсан байх жишээний. Нийслэлийн тээврийн газар 90, нийслэлийн өмчийн харилцааны газар 65 албан хаагчийн орон тоотой байхад хоёр ч дэд даргатай ажиллаж байгааг ойлгоход бэрх. 2017 онд нийслэлийн харьяаны 100-аас цөөн орон тоотой 13 газрын дэд буюу орлогч даргын цалинд 171.1 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл байх ёсгүй албан тушаалд өгөх ёсгүй мөнгө зарцуулжээ.

Өнгөрсөн жил ч энэ хэмжээний мөнгө төсвөөс гарсан нь тодорхой. Мөн нэг дэд даргатай байх ёстой нийслэлийн авто замын хөгжлийн газар, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн газрын алба, өнөр бүл хүүхдийн төв зэрэг байгууллагууд илүүдсэн дэд дарга нартаа 35.8 сая төгрөгийн цалин өгчээ.

Дээрээс тархсан төрийн эсрэг “вирус” доош халдварлан дүүргийн удирдлагууд ч дэд дарга нэмдэг аргад мэргэшжээ. БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол батлан гурван дэд даргатай байхыг хүссэн бол БЗД-ийн итх хоёр дэд дарга ажиллуулахгүй бол төрийн ажлыг барахгүй гэж үзжээ. Үүнээс гадна Багануур, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг нэг, бусад нь хоёр ч хурган даргыг илүү тэжээж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг даргыг ганцхан орлогчтой байхаар заажээ. Гэтэл бүх дүүргийн засаг дарга нар орлогчоо нэмж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсээр. Хууль зөрчиж томилсон хурган дарга нарын цалинд жил бүр 155.6 сая төгрөг зарцуулж буйг ч тогтоогоод байна. Үүнийг олон жилээр үржүүлбэл тэрбум төгрөг давсан үргүй зардал гарна гэсэн үг.

Шаардлагагүй орон тоог нэмж үүсгэн 32 хурган дарга залжээ

Эл гүйцэтгэлийн тайланд дурдсан дээрх зөрчлийн талаар аудитын байгууллага нийслэл, дүүргийн удирдлагад үүрэг даалгавар өгч, ирэх сарын 10-н гэхэд гаргасан зөрчлөө арилган эргэж мэдээлэхийг сануулсан байна. Үр ашиггүй зардлуудыг танах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг НИТХ-ын даргад анхааруулаад байгаа.

Мөн УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч болон бусад шаардлагагүй орон тоог хасаж, төсвийн зардлыг хэмнэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Дүүргийн Засаг дарга нарыг ч орлогчийнхоо асуудлыг шийдвэрлэх саналаа ирүүлэхийг сануулжээ. Харамсалтай нь дүүргийн удирдлагууд гүйцэтгэлийн тайлантай танилцсан гэдгээ бичгээр илэрхийлсэн боловч засаг даргын орлогчийн орон тоог цөөрүүлэх санал өгөөгүй л байна.

Зөвхөн Налайх дүүргийн Засаг дарга л гурав байсан орлогчоо хоёр болгон бууруулсан тухайгаа илтгэжээ. Энэ нь төрийн мөнгийг зүй бусаар зарцуулсан “хэрэг”- тээ гэмших нь бүү хэл, төрийн хяналтын байгууллагыг үл тоосон үйлдэл гэдэг нь илэрхий. Хэтрүүлж хэлбэл хууль зөрчөөд зогсохгүй, улсын мөнгөнөөс бүлэглэн “хумсалсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Ер нь “тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй гэдгийг засаг ноёдод сануулах юун.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.2- т “иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу дүүргийн засаг “ноёд”-ыг хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, огцруулах үндэслэл ч бий.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих