Арчаагүй төртэй, айдас дагуулсан хар өдрүүд хэзээ дуусах вэ?

2ca6ac_olloo_mn_1420591767_skynews_img_1200_745_x974 4o5cru7n74caec73a11radvchcСүүлийн үед өдөр бүр л хар бараан мэдээллээр өглөөг эхлүүлдэг болжээ. Дөрвөн настай хүүхдээ оронд шээлээ гэж хэвтэрт ортол нь зодож, найман настай төрсөн охиноо мал хариулах нэрээр хээр гадаа удаа дараа хүчирхийлж, хараа хяналтгүй бяцхан хүү дотуур хувцастайгаа машины зогсоолд осгож нас барсан гэх мэт. Сэтгэл эмзэглэж, зүрх зүсэгдэм эдгээр мэдээллүүд олон нийт дунд яригдаад өнгөрдөг ч  үүнд төр засаг хэр анхаарал хандуулдаг вэ?

Эхний хэргийн тухай тодруулбал, Хойд эцэг нь дөрвөн настай хүүгээ орондоо шээлээ хэмээн ээжийг нь эзгүйд хоолны хусуураар зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өдгөө дөрөвхөн настай хүү гурван удаагын хагалгаанд орж ухаангүй байдалтай эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Хүүгийн бие тэр чигтээ хөх эрээн, хөдөлж чадахгүй байдалтай ээжийгээ хоёр өдрийн турш хүлээсний эцэст эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байдаг. Хоёр өдрийн турш өвчиндөө шаналж,  тухайн үеийн аймшигтай зодуурыг яаж давж гарсан бол хэмээн бодоход ч гол харлаж , нулимс урсмаар..

Тэр ч бүү хэл наймхан настай бяцхан охиноо мал хариулуулах нэрээр хээр явуулаад өөрөө араас нь очиж хүчирхийлдэг балмад эцэг ч байна. Тухайн хэргийг хохирогч охины дүү харж ээждээ хэлснээр “шар сэмжилсэн” увайгүй эцгийнх нь үнэн төрх ил болж хуулийн байгууллагад шилжсэн байдаг. Бид дагавар охиноо эсвэл хамаатны дүү, найз нөхдийнхөө хүүхдийг хүчирхийлж байсан гэх олон тохиолдлыг мэдэх ч төрсөн охиноо удаа дараа хүчирхийлдэг эцэг байдаг гэдгийг сонсоод үнэхээр жигшин зэвүүцэж байлаа.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө зургаан настай эрэгтэй хүүхэд дотуур хувцастайгаа, амьдарч байсан байрныхаа гурван давхраас унаж, ухаангүй байсаар эмнэлгийн тусламж авч чадалгүй осгож нас барсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагынхан асран халамжлагч нь үл хайхарснаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь хүүгийн эгч хичээлдээ явахдаа хүүг гэрт нь цоожлон гарсан аж. Улмаар цагдаагийн байгууллагынхан хүүгийн ар гэрийнхнийг хянан, шалгалт явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

          Энэ оны эхний хоёр сарын байдлаар 6-17 насны нийт 69 хүүхэд эрүүгийн хуулийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдэн шалгагдаж байна. Үүний дотор бага насны хүүхэд жирэмслэсэн тохиолдол ч байгаа аж.

Гэвч энэ тоо бол зөвхөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн золиос болж хохирогч болсон хүүхдүүдийг хууль хяналтын байгууллагад бүртгүүлсэн тоо юм. Хүчирхийлэл гэдэг зөвхөн бие махбодоор амсдаг зүйл биш бөгөөд хүүхдийг ялгаварлан гадуурхах, хөдөлмөрийн мөлжлөг, сэтгэл санаа болон бие эрхтэнд хохирол учруулах, дарамтлах зэрэг багтдаг. Бид зөвхөн бэлгийн хүчирхийллийг л “хүүхдийн хүчирхийлэл” хэмээн нэрлэж өнөөдрийг хүртэл үүнд л анхаарал хандуулж нийтээрээ жигшин зэвүүцэж ирсэн. Гэвч үүний цаана хэд орчим хүүхэд бие болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж эрүүл бус сэтгэхүйгээр сэтгэж байгааг мэдэхгүй.  Хэчнээн бяцхан зүрх хайраар дутаж, хүчирхийллийн золиос болон амьдарч байгаа бол хэмээн бодоход хэн бүхний  дотор бачуурмаар.

Ийм төрлийн хүчирхийллийг үйлдсэн гэмт хэрэгтэнг илрүүлж, нийгмээс тусгаарлан хорьдог ч батлан даалт нэрээр эргээд сулладаг нь харамсалтай. Мэдээж хуулиндаа хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг болдог байж болох ч тухайн үйлдэл нь эргээд ямар хор уршиг дагуулж болохыг хууль батлагсад бодож үзсэн болов уу?

Тухайлбал, хэргийн хохирогч болон ар гэрийнхэнд ирэх дарамт, шахалт зэргээс байцаагдаж байх хугацаандаа хохирогчийн гомдолтой гэсэн өргөдлийг “гомдолгүй” болгон өөрчлөх магадлалтай.

Ийм тохиолдлууд ихэвчлэн дээр гарсан бага насны хүүхэд хохирч үлдэх үйлдлүүд дээр түлхүү илэрдэг. Улмаар энэ нь хуулийн байгууллагаар шийдэгдэх бус эргээд хүүхдэд дахин хүчирхийлэл хэлбэрээр илэрч болох юм.

Өнөөгийн нийгэм ээжүүдийг хүүхэдгүй мэт ажиллахыг шаарддаг хирнээ эргээд ажилгүй мэт хүүхдээ өсгөхийг хүснэ. Амьдралын эрхэнд хэдэн төгрөгийн араас үрээ умартан зүтгэх хооронд хөөрхөн бяцхан үрс нь зовлон, өнчин нулимстай амьдралыг туулах л үлддэг… Энэ бол Монголын өнөөдрийн нийгмийн үнэн дүр төрх.

Өнөөх хүүхдийн төлөө за гэж хэлдэг дуучид, хүүхдийн төлөөх байгууллагууд хаана байна. 108 лавлах утас хүүхдийн хүчирхийлэлд бодитоор туслалцаа үзүүлж чадаж байна уу?

Монголын минь үрс маш олон болох болтугай хэмээн ерөөн сайшаадаг хирнээ яагаад Монгол улсад хүүхдэд чиглэгдсэн олон нийтийг хамарсан, үйл ажиллагаа акцыг дорвитой хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Хэрэв хүүхэд төрүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж, хүн амын өсөлтөд анхаарах гээд байгаа бол эрүүл аюулгүй орчин, зөв зохистой хууль дүрмээ батлан чангатгаж, тэдэнд амьдралын баталгааг амлаж, ээлтэй нийгмийн бий болгох нь зүйтэй.

Яригдаад өнгөрдөг явган яриа бус, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том хүчин зүйлс болгох хэрэгтэй.

Бузар гартнуудын савраас энхрий бяцхан үрсээ нууж, мөнхийн айдас дунд амьдрах Монгол ээжүүдийн тоо цөөрөх гэрэлт ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт итгээд энэхүү нийтлэлээ өндөрлүүлье!

Ахин нэг ч бяцхан зүрхэнд айдас бүү хураг

 

М.Март

Эх сурвалж: Chuham.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.